богино мэдээ New

Х.Ислам: Төгрөг дээрх Чингис хааны зураг бол Хятадын Соёлын яамны баталсан хувилбар

Уг нь их хааны малгайтай зургийг Америкийн судлаач Роберт Вешелийн зураг бодит байдалд ойртсон зураг гэдэг ч 1990 онд Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Моломжамц мөнгөн тэмдэгтэн дээрээ буруу зураг тавьчихсан..

Тоймч Л.Баатархүү

    Монгол болон Казахстан улсын хооронд алтан гүүр болсон хэмээн хүндлэгддэг, түрэг судлалын нэрт төлөөлөгч, түүхийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Хавишийн Ислам гуайн туулж өнгөрүүлсэн амьдрал, бодролтой "Амьдралын хөрөг" булангаараа дамжуулан та бүхэнтэй золгуулж байна.

Түрэг судлал, Алтайн ар, өврийн казахуудын түүх, Монголын нууц товчоо гээд олон сэдвээр түүнтэй хүүрнэв. Мөн түүний хань Абзалын Шолпан гуайг редакцидаа урьж ярилцсан юм.

Б.РИНЧЕН ГУАЙ НАМАЙГ ОЛЖ, ЭРДМИЙН МӨР РҮҮ ЧИГЛҮҮЛСЭН АЧТАН

-Хийсэн бүтээснээрээ дэлхийд танигдсан тантай ярилцах болсондоо таатай байна. Таныг Баян-Өлгий аймгийн харъяат гэдгийг уншигчид мэднэ. Гэхдээ таны төрсөн газар, бага нас хаана өнгөрөв. Уг нь таныг Булган сумын гаралтай хүн гэдэг юм билээ. Ном зохиолд Ногооннуур сум гэж байх юм. Бага насныхаа түүх, дурсамжаас хуваалцахгүй юу?

-Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг хар багад миний төрсөн ээж 25 настайдаа хорвоог орхисон юм билээ. Эгч, дүү бид гурав бага насандаа эхээс өнчирсөн дөө. Бид одоогийн Баян-Өлгий аймгийн Булган сумын хүмүүс. Сүүлд Ногооннуур суманд нүүж очсон юм.

Манай аав хоёр дахь хүнтэйгээ гэрлэсэн байдаг. Хойд ээжийг маань Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас авчирсан. Ингээд эгч найман нас хүрч сургуульд орох болов оо. Гэтэл хойд ээж залуу хүн байсан учраас эгчийг аргал, түлээ түүлгэх, ойр зуурын ажилдаа гар хөл болгох үүднээс сургуулиас завсардуулах болов. Тэгсэн эгчийн оронд намайг таван нас гуруйтай байхад сургуульд оруулахаар боллоо.

Намайг есдүгээр сарын сүүлчээр аав сургуульд аваачсан юм. Гэвч Булган сумын сургуулийн захирал “Нас нь хүрээгүй хүүхдийг сургуульд авна гэж юу байдаг юм” гээд буцаачих нь тэр. Төд удалгүй сумаас эгчийг сургуульд урьсан дахин нэг урилга ирлээ. Эгч нэгэнт ээжид туслах учраас сургуульд очихгүй, дахиад л намайг аав нэг хоньтой цуг сургуулийн захиралд аваачлаа.

Тэгэхэд арваннэгдүгээр сарын үед байсан юм. Аз болж захирал сургуульд авлаа шүү. Гэхдээ аав түүнд нэг зүйл хэлсэн. “Миний хүү ганцаараа унтаж чаддаггүй юм. Хэн нэгэнтэй цуг унтуулахгүй бол болохгүй” гэсэн. Захирал ч аавын хэлснийг анхаарсан уу яасан намайг дөрөвдүгээр ангийн Буяндэлгэр гэж  охины өвөрт унтуулахаар болсон хэрэг.

-Та тав гаруйхан настай, бараг хичээлийн хоёрдугаар улирлын үед сургуульд орсон байна. Сурлага ямар байв?

-Ер нь арваннэгдүгээр сард ирсэн хүүхэд гэдэг бол бараг нэг улирал хоцорчихсон гэсэн үг.

Харин би хоёрдугаар улирлаас нь эхэлж, хичээлдээ маш их шамдсан. Ингээд эгч Х.Рабига маань насан туршдаа нэгдлийн саалчнаас өөр ажил хийгээгүй юм.

Харин дүү Х.Пушгей Москвад Темирязовын академи, дараа нь Коммунист намын дээд сургуулийг улаан дипломтой төгссөн. Дүү маань насаараа даргын албан тушаал хашсан даа. Би насан туршдаа эрдмийн мөр хөөж байгаа нь энэ. Хамгийн гол нь би суръя гэж бодсон юм. Улмаар нэгдүгээр ангиа онц төгсөж, шүлэг бичих, урнаар унших гээд авьяасууд тодорч эхэлдэг юм байна.

Бүр сургуулийн ханын сонинд хүртэл гарч, өнөөх бяцхан Х.Ислам “од” болж эхлэх нь тэр /инээв/. Тэгж байтал би хоёрдугаар анги биш бүр гуравдугаар ангид дэвшин суралцахаар боллоо шүү. Ингээд миний эрдмийн замнал эхэлж байгаа юм. Ер нь өөрийгөө магтахад багаасаа ой тогтоолт гайгүй, сурлагатай хүүхэд байсан юм билээ.

Тавдугаар ангиас аймагт сурахаар шилжлээ /тэр үед бага сургууль төгсөөд аймаг руу шилждэг байв/. Миний шүлэг, уран зохиолын авьяас намайг овоо алдаршуулсан гэж боддог. Аймагт ирсний дараа энэ авьяасынхаа дагуу бас л ханын сонин хийж, сонинд нэр гарсан.

-Таныг эрдмийн зам руу оруулахад нэрт эрдэмтэн, зохиолч Б.Ринчен гуай гол үүрэгтэй байсан гэдэг. Та энэ эрдэмтэнтэй яаж яваад учирсан хэрэг вэ?

-Манай улсад 1955 онд “Монгол судлал”-ын анхны олон улсын хурал болж, Б.Ринчен гуай Чехесловакийн Поухай гээд монголч эрдэмтэнтэй хамт Баян-Өлгийд ирсэн. Тэгэхэд би 13 настай байлаа. Азаар энэ гайхалтай хүмүүсийн өмнө би шүлэг унших тохиол бүрдсэн юм.

Дашрамд дурдахад тэр хоёрт аймгийн Засаг дарга асан, зохиолч М.Курманхан тэргүүтэй хүмүүс казах хувцас өмсүүлж, мөнгөн бүс зүүлгэж байсныг тод санаж байна. Б.Ринчен гуай тэр казах бүсийг насан туршдаа бүсэлсэн юм даа.

Харин би Монгол Улсын их сургуульд орох үед Б.Ринчен гуай намайг олж, эрдмийн мөр рүү чиглүүлсэн ачтан. Яагаад гэвэл би 10 жилд байхдаа Араб үсгийг хүртэл заалгасан байв. Учир нь өнөөдөр овоглож яваа түрэг судлалд Араб бичиг маш чухал үүрэгтэй.

-Хотод их сургуульд /МУИС/ ирээд та хаана байрлаж байв. Гадаад оюутнуудтай цуг дотуур байранд байсан гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Би ерөөсөө нэгдүгээр ангиас их сургууль төгстлөө дотуур байранд байсан.

Их сургуулийн дотуур байранд Герман, Вьетнамын оюутнуудтай байлаа. Байнга ном дэрлэж унтдаг оюутан байсан юм. Насан туршдаа ном дэрлэж явсаар өнөөдрийн энэ амьдрал ирсэн юм даа.

1963 онд Монголын зохиолчдын эвлэлээс зарласан бүтээлийн уралдаанд нисэх хүчний алдарт генерал Зайсановын тухай “Агаарын алдарт кыран” гэж бүтээл туурвиж, нэгдүгээр байр эзэлснээр зохиол бичих том алхам нээгдсэн гэж болно. Улмаар сургууль төгсөхөд намайг их сургуульд багшаар авч үлдэх гэлээ. Бас түүхийн хүрээлэнд очих боломж ч байсан.

“ТҮРЭГ ТОВЧООГ МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО"-ТОЙ ХАРЬЦУУЛНА ГЭДЭГ БАРГИЙН ЭРДЭМТНИЙ БАРЬДАГ СЭДЭВ БИШ

-Тухайн үед Монголын бичгийн мэргэчүүдийн цугларал байсан “Үнэн сонин”-д яаж орсон бэ. Магадгүй эл сонин таны ирээдүйн амьдралд том цонх нээсэн байх. Тухайн үед бага ястан гэж ялгаварладаг байсан уу?

-Оюутан байхдаа “Үнэн сонин”-д 45 хоногийн дадлага хийтэл намайг сайн гэж дадлагын хугацаа сунгаад, бүр гурван сар ажиллуулсан. Би сунгасан учрыг нь огтхон ч мэдээгүй. Нөгөөтэйгүүр тухайн үеийн Гэгээрлийн сайд их сургуульд үлдээх тушаал гаргасан ч “Үнэн сонин”-ы нэгдүгээр орлогчоор Г.Дэлэг гэж хүн байв. Ингээд сонины удирдлагууд намайг бичих чадвар сайн гэж үзсэн учраас 1965 онд “Үнэн сонин”-д сурвалжлагчаар авлаа. Ажиллаж байтал төд удалгүй Москвад “Үнэн сонин”-ы сурвалжлагчаар Г.Дашцэрэн, Бээжинд Ц.Намсрай, намайг Баруун аймгуудыг хариуцсан “Үнэн сонин” Монцамэ агентлагийн тусгай сурвалжлагчаар ажиллуулах талаар МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлд оруулсан аж.

Гэтэл юм дардан байдаггүй хойно Ц.Дүгэрсүрэн гээд боловсон хүчин хариуцсан хүн “Энэ чинь одоо юу болж байна. “Үнэн сонин”-д ажил, туршлагаараа шалгарсан, 30-аас дээш насны хүн авах байтал та нар казах, тэгээд ийм хүүхэд шиг хүн авч байдаг нь нам засгийн дуу хоолой болж чадахгүй. Сонинд ч тохирохгүй” гэж шүүмжлэв. Тэгэхэд Ю.Цэдэнбал дарга “Энэ хүүхэд онцгой авьяастай болохоор бид авсан. Их сургуульд ч багшаар өгөөгүй” гээд сониндоо албан ёсоор үлдээсэн болохоор Намын төв хорооны Боловсон хүчний хэлтсийнхэн шалгаж тэнцүүлсэн учир батлах саналтай байна гэсэн байдаг. 

-Таны баклаврын дипломын ажил нууц товчоотой холбоотой байсан гэдэг. Бүр бакалаврын сэдвээр Да багш /Ц.Дамдинсүрэн/, Ри багш /Б.Ринчен/ нар дэд эрдэмтний зэрэг авч өгөх талаар хөөцөлдөж байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ?

-Миний дээд сургуулийн дипломын ажил “МНТо-г түрэг товчоотой харьцуулан судалсан нь” гэсэн сэдэвтэй. Энэ эрдмийн ажил багш нарт сайшаагдсан учраас Да, Ре багш нар бүр дэд эрдэмтний зэрэг авч өгнө гэж зүтгэсэн. Тэгтэл Шинжлэх ухааны академиас “Дээд сургуулийн дипломын ажлаар ийм цол авна гэж юу байдаг юм” гээд болиулж байсан юм.

Ри багшийн гэр их сургуулийн урд талд байв. Тэдний гэрт очоод “Би “Үнэн сонин”-д ажиллахаар боллоо” гэтэл багш “Болжээ” гэсэн. Учир нь эл сонинд Монголын бичгийн сор болсон хүмүүс ажилладаг байсан. Тухайн үед  Ре багш надад “Чи их сургуульд багшаар үлдвэл чөдөртэй морь шиг тэндээ эргэлдээд холдож чадахгүй. Харин “Үнэн сонин”-д байснаар чамайг дэлхий танина. Тэнд дөрөв, таван жил ажлаад асперантурт сур” хэмээж байлаа.

Х.Ислам гуайн бүтээлээс

-Та дээрх дипломын ажлын сэдвээ докторын ажил хүртлээ үргэлжлүүлсэн үү. Таны “Тураны ертөнц” бүтээл Монгол Улсын шилдэг ном болж байсан.

Эрдэмтэд, багш нар надад “Түрэг товчоог Монголын нууц товчоо”-той харьцуулна гэдэг бол олон улсын эрдэмтэд тэр бүр барьдаггүй сэдэв.

Орос, Хятадын судлаачид зөвхөн таамгаар бичдэг” гэхээр нь би энэ сэдвээсээ татгалзаж чадаагүй юм. Харин доктороо “Тураны ертөнц” гэх түрэг-монголчуудын 2200 жилийн түүхийг бичиж хамгаалсан юм. Энэ ном шилдэг түүхэн гэдгээрээ тусгай комиссын 28 гишүүний шийдвэрээр манай улсын шилдэг ном болсон хэрэг.

ЮНЕСКО-ийн захиалгаар Наурызын баяраар “Хүн төрөлхтөнд хүлэг морь бэлэглэгчид” хэмээх хоёр ангит киног Казахстан, Монгол Улсад толилууллаа. Удахгүй ЮНЕСКО руу явна. Мөн олон орчуулгын зохиол, бүтээл туурвисан маань намайг дэмжиж, тусалж явдаг хүмүүсийн ач гавьяа. Дархан аварга Б.Түвдэндорж нарын захиалгаар “Дэлхийн алдарт бөх М.Хажимхан”-ы талаарх бүтээлийг монгол хэлнээ орчуулж, одоо дээж нь Дархан аварга Х.Баянхмөнхийн гэрт байдаг.

-Чухам таны хийсэн, бүтээсэн үйл хэргийг Монгол Улсаас гадна Казахстан улс хэрхэн үнэлж байх юм. Та бол казахуудын түүхийн талаар маш үнэтэй бүтээл туурвисан хүн гэж эрдэмтэд үнэлдэг?

-Яахав дээ Казахстанаас намайг түрэг-монгол судлаач, соён гэгээрүүлэгч, нийтлэлч, жүжгийн зохиолч, орчуулагч, түүхч, сэтгүүлч гээд янз бүрээр л цоллосон /инээв/. За энэ ч яахав. 1992-1993 онд нийгмийн шилжилттэй давхцан шинжлэх ухаан ч гэсэн унасан үе.

Тэр үед Гүнжийн Сүхбаатар гэж түүхч монголчуудын гарвал, түүхийн талаар ном бичиж, Академийн шагнал авч байсан. Би “Ардын эрх” сонинд “Монголчууд азтай ард түмэн” гэх бүтэн гурван нүүр дамнасан материал гаргаж нийтлүүлсэн. Яагаад азтай гэвэл хоёр их гүрний завсарт тухайн үед 560 мянган монголчууд шүдээ хүртэл зэвсэглэсэн, 1924 онд Ази тивд анх удаа Үндсэн хуулиа баталсан ганц улс нь Монгол.

1961 онд НҮБ-д гишүүн болсон, монгол хэл ямар мундаг, аялгуулаг, үндэстэн угсаатныхаа зан заншил, ёсыг авч үлдэж чадсан гэдгийг бүх талаар нотолсон учраас тийм үнэтэй болж чадсан байдаг. Ингээд миний “Монголчууд азтай ард түмэн” нийтлэл, Г.Сүхбаатарын бүтээлүүдэд Шинжлэх ухааны академийн анхны шагналыг олгосон юм билээ.

Нөгөөтэйгүүр Нууц товчооны ихэнх үг Урианхай хэл аялгуугаар бичигдсэн. Тухайлбал, урианхайчуудын дунд чигээ гэж айргийг хэлдэг. Гэтэл нууц товчоонд чигээ гэж хадмал дээр нь байгаа.

ТҮРЭГ ГАРВАЛЫН АРД ТҮМЭН ДОТРООС БУДДЫН ШАШИН ШҮТДЭГ НЬ ЗӨВХӨН МОНГОЛЧУУД

-Таныг Монголд түрэг судлалыг үндэслэгчдийн нэг гэдгийг уншигчид мэдэх байх. Таны судалгаа, түүхийн холбогдолтой асуултаар яриагаа үргэлжлүүлье. Түүхэнд тэмдэглэснээр 552-742 онд Түрэгийн улс байсан гэдэг. Одоогийн Орхон, Туул гол орчим түрэг угсааны аймгууд нэгдэж, энэ улсыг байгуулсан гэж буй.

Өнөөдөр түрэг гэх угсаатанд чухам ямар ямар ястан, улс үндэстнүүд багтаж байна. Газарзүйн байршлын хувьд хаагуур нутагладаг вэ?

-Түрэг гарвалын ард түмэнд өнөөдөр долоон бүгд найрамдах улс, 28 үндэстэн, угсаатан орж байгаа. Долоон бүгд найрамдах улс гэдэгт Азербажан, Түрк, Узбекстан, Киргизстан, Туркменстан, Казахстан, Могулстан багтдаг. Түрэг гарвалын ард түмэн дотор цорын ганц Буддын шашин шүтдэг нь монголчууд.

-Гэхдээ түрэг гарвалын ард түмнийг баруун, зүүн гэж хоёр хуваадаг байсан гэдэг. Энэ бүсчлэлд ямар ястан, үндэстэн багтдаг талаар ярихгүй юу?

-Баруунд нь Анкараны талын түрэгүүд, зүүнд нь Хэрэйд, Найман, Хонгориад орно. 500 жил Османы их гүрэн Европыг айлган чичрүүлсэн өнөөгийн Үйсен, Кипчаг, Жалайр, Канлы, Хамаг монголын ханлигууд багтаж байгаа юм. Ер нь г үсгээр хэлбэл зүүн, к /түрэк/ гэвэл Анкараных багтана.

Түрэг гарвалын ард түмэн Төв Азид 198 жил ноёрхож байсан. Үүний хөдөлшгүй баримтаас нь дурьдвал Орхоны хөндийд Култегинд зориулж Билге тегин хааны босгосон хөшөө дурсгалын цогцолбор, Хархориноос 468 километрийн зайд орших мэргэн сайд Тоныкөкийн хөшөө гээд олон баримт бий.

Түүнээс хойш 500 жилийн дараа Хабул, Хотула, Есүхэй баатар, Тэмүжин гээд их хаадын үе байгаа. Дараа нь “Монголын нууц товчоо”, миний бие “Керэй аймгийн түүхэн тэмдэглэл” гэж орчуулж тайлбартайгаа 1970-аад онд хэвлүүлсэн. Энэ номыг олон улсад нэн ялангуяа түрэг гарвалтай ард түмэнд түгсэн байдаг.

ТӨГРӨГ ДЭЭР ТАВЬСАН ЧИНГИС ХААНЫ ЗУРАГ БОЛ ХЯТАДЫН СОЁЛЫН ЯАМНЫ БАТАЛСАН ХУВИЛБАР

-Түүнээс гадна бид өнөөдөр төгрөгтөө Чингис хааныхаа зургийг тавьчихсан байна. Гэхдээ их хааны үнэн зураг мөн үү гэдэг эргэлзээтэй.

-Энэ зургийг 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойн үеэр Хятадын Соёлын яам баталж, “Чингис хааны зураг мөн” хэмээн зөвшөөрсөн нь харамсалтай. Уг нь их хааны малгайтай зургийг Америкийн судлаач Роберт Вешелийн зураг бодит байдалд ойртсон зураг гэдэг ч 1990 онд Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Моломжамц мөнгөн тэмдэгтэн дээрээ буруу зураг тавьчихсан.

Би анх Монголын нууц товчоог казах хэл дээр хөрвүүлэхэд Ц.Дамдинсүрэн гуай надад “Хятадын баталсан Чингис хааны зургийг бүү тавь” гэхээр нь гэр тэргээр сольсон. Ер нь Чингис хааны зураг мөн гэх бүрэн баталгаа өнөөдрийг хүртэл байхгүй.

1272 онд Хувилай хаан Чингис хаан нас барснаас бараг 100-аад жилийн дараа Жалайрын Хорихосун гэдэг хүнээр зуруулсан зураг гэж мэдээ бий. Тэр зурсан зураг нь одоо Хятадад байгаа. Манайхны төгрөгөн дээрээ тавьсан Чингис хааны зургийг Тайваний хааны дүр гээд олон эрдэмтэн эсэргүүцдэг.

Миний хувьд их хааны гэх таван янзын зураг олсон юм. Ираны Рашид Ад Дины “Судрын чуулган” зэрэг номоос голчлон авсан. Би үнэнээс гажихгүйгээр үнэн түүхээ бичих гэж зорьсон хүн. Төв Азийн нүүдэлчдийг угтаа Туранчууд гэдэг байсан юм.

-Монголын нууц товчоог чухам хэн зохиосон, тухайн үед монголчууд ямар хэл аялгаар ярилцдаг байсан тухай та ямар таамаг дэвшүүлсэн бэ?

-Би энэ олон жилийн судалгааны явцдаа Чингис хааны бүх түүхийг бичээд хэдэн  зүйлийг олоогүй. Монголын нууц товчоог 52 жил судлахад энэ зохиолыг хэн зохиосныг олоогүй юм. Мөн Чингис хаан ямар хэлээр ярьж байсан нь тодорхойгүй.

Харин тэнгэризм буюу бөө мөргөлтөн байсан нь лавтай. Нөгөөтэйгүүр Нууц товчооны ихэнх үг Урианхай хэл аялгуугаар бичигдсэн. Тухайлбал, урианхайчуудын дунд чигээ гэж айргийг хэлдэг. Гэтэл нууц товчоонд чигээ гэж хадмал дээр нь байгаа.

Энэ сайхан хосгүй аялгууг нэг их уусгахгүй л байх хэрэгтэй болов уу. Ер нь Монголын нэвтэрхий түүхийг мэдье гэвэл Араб бичиггүйгээр урагшаа явахгүй. Нэг зүйл хэлэхэд манай мундаг эрдэмтэд намайг захиалгаар ийм хэмжээнд хүргэсэн юм. Тийм ч учраас ямар нэгэн нам, даргын суудал дагаагүй.  

-Түрэгүүд бөө мөргөлтэй, загалмайтны шашинтай байсан талаар түүхийн болон архелогийн дурсгалууд байдаг. Та гол дурсгалуудаас онцлооч?

-Чингис хааны үе хүртэл түрэгчүүд тэнгэризм буюу бөө мөргөлтэй ард түмэн байсан. Казахууд саяхныг хүртэл бөө мөргөлтэй байлаа. Манай Ислам шашин бол хожим нэвтэрсэн. 652 онд Мухаммед зөнч мэргэн шашнаа дэлгэрүүлсэн байдаг.

Эцсийн дүндээ эсгий туургатай, модон ханатай гурван ард түмэн нь монгол, казах, кыргиз. Кыргиз хэлний хувьд монгол хэлтэй их адилхан. Жишээлбэл, айлыг яг адилхан хэлдэг. Казах 42 овог аймгаас бүрддэг.

Түрэг аймгуудын хувьд загалмайтны шашинтай байсан гэх олдвороос онцолбол Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутгаас загалмайтны зүүлт зүүсэн чулуун олдвор олдсон.

-Казахын бөө мөргөл яагаад устчихав?

-Исламын шашин маш хүчтэй орж ирснээс болсон хэрэг. Бөө мөргөл казахуудын дунд 1930-аад он хүртэл байсан. 1935 онд Баян-Өлгий аймагт ганц Мусулман шашны сүм байгуулсан байдаг.

-Түрэгийн үед хаан, ханхүү гээд язгууртнууд өөд болоход чандарладаг байсан баримт бий. Энэ нь өнөөх загалмайтны шашинтай холбоотой гэсэн үг үү?

-Түрэгийн улсууд хүнийг чандарладаг байснаас гадна бунхан дотор нь морь, эдэлж байсан хэрэглэлүүдийг нь хамт тавьдаг байжээ. Түүгээр үл барам Алтай таван богдоос 2400 жилийн өмнө адуу, малтайгаа оршуулсан бунхан, шарил нь цасанд дарагдсан хүн олсон нь хүнийг хөлдөөх аргаар хадгалах том нээлт болсон гэж үздэг.

Манай нүүдэлчдийг Европчууд Цигантай адилтгадаг. Гэвч тийм биш. Маш том соёлтой, хөгжилтэй ард түмэн хэдэн мянган жилийн өмнө байж. Одоо ч байсаар байна. Бид бол дөрвөн улирлын нутагтай, соёл иргэншлээ авч ирсэн ард түмэн.

-Та дэд эрдэмтний зэргээ “МАХН, Ардын төрөөс казах, урианхайн дунд хэрэгжүүлсэн ардчилсан өөрчлөлт” сэдвээр хамгаалсан. Ер нь таны судалгаанд ямар гол өөрчлөлтүүд байсан юм бэ?

-Үнэндээ тухайн үеийн төр засаг үндэсний цөөнхийн талаар тууштай арга хэмжээ авч, үндэсний казах аймгийг байгуулсан учиртай. Хэрэв тэгээгүй бол Ховд аймгийн харьяанд хэдэн сум болчихсон явах байсан.

МОНГОЛ УЛСАД БАЙГАА НАМУУД ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ ГАРГАХАД ГОЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ

-Түүнчлэн монголчуудын дунд сэтгэл эмзэглэм байр суурь бий болж. Тодруулбал, үндэсний үзэл гаргачих санаатай нөхдүүд олшроод байх шиг. Үүнд та ямар байр суурьтай явдаг вэ?

-Баян-Өлгий аймагт иймэрхүү зүйл олон гардаг юм байна билээ. Миний хувьд 50 жил соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэн, түүх бичиж ирлээ. Манай казахууд дөрвөн хэсэгт хуваагдсан байна. Нэг хэсэг нь Казахстан гээд, зарим нь МАН, АН, МАХН гээд намуудад хуваагдчихсан. Ядаж байхад Монгол Улсад 18 нам байгаа. Энэ нь үндэсний үзэл гаргахад гол нөлөө үзүүлдэг аж.

Баян-Өлгий аймагт явж байхад нэг гэрийн гурван хүн гурван өөр намд элсчихсэн үзэл суртлын зөрчил гаргаж байх жишээтэй. Мөн казахууд отог омгоороо их ялгарч байна. Чингис хааны үед нэг төртэй, нэг дээвэртэй л ард түмэн байсан.

Олон зууны турш монгол, казахууд хөх тэнгэрт утаагаа нийлүүлж, хөвч хангайд малаа нийлүүлж амьдарч ирсэн ард түмэн. Баян-Өлгийд дээрхэн үеэс нааш Засаг дарга байсан Мезамхан, Баяннуур Б вирус, Алтай сумын Хабыл гээд дарга  нар А вирус, Цэнгэл, Улаанхусын Ц вирус гэж үндэсний үзэл гаргаж хуваадаг болжээ.

Орон нутгийн явцуу үзэл хожим хойно, муу үр дагавар авчирдаг. Хувь хүний үзэл гэмээр нэг зүйл хэлэхэд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нутгийн зөвлөл гэж Улаанбаатар хотод суучихаад үндэсний үзэл гаргаад байдаг. Тиймээс татан буулгана” гэж их зөв хэлсэн байна билээ.

Би Архангай аймгийн нэг сумын нутгийн зөвлөлийн хурал харлаа л даа. Тус хуралд нь нэг сумын гэхэд 2000 гаруй хүн ирж байх юм. Тэд үнэндээ аймгаасаа тусгай хурал хийж байгаа гэсэн үг. Ер нь эцсийн дүндээ жалга дов, үндэстэн, ястнаар жижигрэх юм бол бүтэхгүй. Түүнчлэн 13 ястан угсаатантай Ховд аймаг гэхэд ястнууд нь тус бүрнээ нэг нэг холбоо байгуулаад, ялгараад ирвэл бас өөдтэй юм болохгүй.

Н.НАЗАРБАЕВ КАЗАХУУДЫГ ХЭЗЭЭ Ч АВЧ ЧАДАХГҮЙ. БИД ХЭЗЭЭ Ч МОНГОЛ НУТГААСАА НҮҮХГҮЙ.

-Н.Назарбаев гуай “Казах ели” буюу “Казах улс” байгуулах талаар төсөл боловсруулж байгаа. Магадгүй үүнийг зарим урианхай өвгөчүүд 1990 хэдэн он шиг нутаг нэгтнүүдийн минь хотыг нь харлуулаад нүүлгээд явчих юм биш байгаа гэж байх юм?

-Н.Назарбаев казахуудыг бүгдийг нь хэзээ ч нүүлгэж авч чадахгүй. Бид хэзээ ч Монгол нутгаасаа нүүхгүй. Миний дөрвөн үеийн өвөг дээдсийн яс энэ нутагтаа бий. Харин казахуудаас сэтгэл эмзэглүүлдэг зүйл нь хүүхдүүдээ Америк, Түрк, Япон руу явуулж байна.

1990 хэдэн оны нүүдлийг би эсэргүүцсэн хүний нэг. Тухайн үед хэрүүл, тэмцэл болж л байлаа. Үндэсний асуудал хэзээ ч эмзэг зүйл. Хэт үндэстний үзэлтэй хүмүүс халхчууд, казахуудад маш элбэг бий. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн захиргаанд ядаж нэг байгууллагын орлогч нь ч юм уу урианхай байх ёстой. Яагаад гэвэл казах, урианхай ард түмэн байнга хамт байсаар ирсэн, арвин түүхтэй.

Монгол улс дотроо казах, монгол гэж хоёр үндэстэн амьдардаг учраас буриад, баяд, урианхай, захчин, торгууд, хотгойд, барга, үзэмчин, дөрвөд гэж ялгаварлах нь тун аюултай. Гэхдээ 1990 оноос хойш Монголын төрд үндэсний цөөнхийн бодлого үгүйлэгдэж байгаа нь нууц биш. Үндэсний онцлогийг үл ойшоодог улс гүрэн яаж балардгийг Манж гүрэн болон ЗХУ-ын эмгэнэлт түүх гэрчилж байна.

А.Шолпан: Өнөөдөр хүмүүс маш залхуу болсон

Энэ үеэр нэрт эрдэмтэн, зохиолчын арын ажлыг дааж явсан /хань/ А.Шолпан буурай ийн сэтгэгдлээ хуваалцлаа.

-Энэ их завгүй хүн /өвгөнийг нь хэлж байнаажил төрөлтэй байх үеэр та хүүхдүүдээ өсгөх гээд хүндрэл бэрхшээлтэй зөндөө л учирсан байх?

-Бид хоёр зургаан хүүхэдтэй. Манай хүн сонины сурвалжлагч болохоор хөдөө их явна. Ядахад төв хорооноос том ажилтай хүмүүс манайд их ирдэг байлаа. Манайх дөрвөн хүү, хоёр охинтой. Хөвгүүд маань түүхийн мэргэжилтэй. Харин охид хэл-уран зохиолын мэргэжилтэй.

Бүгдээрээ багшаас өөр ажил хийсэнгүй. Аавынхаа авьяасыг залгах хүн ач гучаас гарах болов уу гэж дэмий горьдох юм. Ядахдаа насан туршид цуглуулсан энэ номын сангаа өвлөх хүү төрөөсэй гэж бодогдох юм байна шүү дээ. Би эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан, сувилагч мэргэжилтэй хүн. 1990 он хүртэл ажилласан. Бид Өвөрхангай, Ховд гээд олон аймагт нам, засгийн томилгоогоор очиж ажиллаж байв.

-Өвөрхангай аймагт ажиллаж байх үеийн дурсамжаа хуваалцахгүй юу?

Энэ аймагт казах хүн гэж ер байдаггүй юм билээ. Тэр үед манай хүүхдүүд маш бага байлаа. Өвөрхангай аймагт Хүүхдийн тасагт ахлах сувилагчаар ажиллаж байсан. Би бүх эд аж ахуй, эм тангаа мэдэж тараана. Тухайн үед халдварт өвчин их гардаг байлаа. Түүнээс болж хоёр хүүхэд маань өвдөж бүр комонд орсон.

Бидэнд нэг сонин явдал тохиолдсон юм. Манай хүүхдүүд бүгдээрээ монгол сургуульд байсан. Гэтэл нэг өдөр манай хүү уйлж ирэв ээ. “Намайг хасаг гээд байна. Казах гэдгийг мэдчихжээ” гэж байсан нь их тод санагддаг. Бас нэг удаа манай хүн Өвөрхангай аймгийн Богд сумын нэг бригадад болсон өдөрлөгт очиж л дээ.

Тэгтэл тэр өдөрлөг дээр хүмүүс казах хүн ирсэн байна. Үзье гэцгээсэн аж. Тэд казах хүнийг ногоон нүдтэй, өндөр нуруутай, шовгор малгайтай, шар шувууны өд хатгасан малгайтай гэж төсөөлсөн гэдэг. Гэтэл манай хүн Гайхмаараа дууг дуулж тэдэнтэй адилхан наргиж, монгол хэлээр ярихаар зэрэг “Яг л монгол хүн байна ш дээ” гэсэн гэдэг.

-Орчин үед казах эмэгтэйчүүд хүүхдээ сургах, ёс заншлаа өвлөх тал дээр хэр байна вэ?

-Одоогийн хүүхдүүд дээр үеийн хүмүүжлээ мартсан байна. Дээр үед ахмад настай хүний үгнээс гарна гэж байдаггүй байлаа. Түүнчлэн би 14 жил ажилчдын цаг бүртгэл хийсэн. Өглөө ажилчдын өмнө, орой хамгийн сүүлд явдаг байсан. Албаны болон ар гэрийн ажлаа ч амжуулдаг. Гэвч өнөөдөр хүмүүс маш залхуу болжээ.

-Цаг гарган, миний урилгыг хүлээн авч ярилцсан хоёр бууралдаа баярлалаа. Та бүхэнд сайн сайхныг хүсье.