Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н өчигдөр буюу 2022.06.16-ны орой нийслэлийн .. эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд өнгөрсөн шөнө 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсан байна. Учир нь ходоод нь бүхэлдээ задарсан байжээ.
Уг асуудлыг олон нийтэд мэдээлж, сурвалжлахыг тухайн алба хаагчийн ар гэрийнхэн хүссэн учир бид ... эмнэлэгт очсон юм. Эмнэлгийн хаалгыг түгжсэн учир бид нэвтэрч чадаагүй бөгөөд биднийг очих үед "байлдагчийн асуудлаар явж байна" хэмээн цагдагийн алба хаагч нар мөн тухайн эмнэлэгт ирсэн байв. Бид байлдагчийн ар гэрийнхнээс асууудлыг тодруулан ярилцлаа.
- Дүүгийн тань биеийн байдал ямар байна? Хэзээ, яагаад ийм зүйл болов?
- Дүү маань ухаангүй, аппаратны тусламжтайгаар амьсгалж байна. Дахин хөл дээрээ босох, эсэхийг ч бид мэдэхгүй байна. Дүүг маань рентгений өрөө рүү авч явахад нь бид хальтхан харсан, тэгээд л бид сандарч, та бүхнээр дамжуулж, олон нийтэд мэдэгдье гэж зорьсон юм. Дүү маань 18 нас хүрээд "цэргийн алба заавал хаана" гэж дурласаар явж, Орбитод байдаг 05-р ангид хуваарилагдан, алба хааж байгаа юм. Цэрэгт татагдаад 2 сар ч болоогүй байхад ийм зүйл боллоо.
Лхагва гараг буюу 15-ны өдөр 05-р ангийн "Тангарагийн баяр" болж, бид очицгоосон. Дүү маань цовоо сэргэлэн, албандаа их л дуртай байсан. 14-16 цагийн хооронд ар гэрийнхэнтэй нь уулзуулсан юм. Тэр орой 22.00 цагийн орчимд цэргийн ангиас нь ээж рүү залгаад "Н хоолны хордлого авсан юм шиг байна. Бөөлжөөд байна. Та нар ямар хоол авчирч өгсөн бэ" гэж асуусан байна лээ. Бид бууз, Өег нэртэй алаг салат авч очоод, бүгд хуваагаад идсэн. Бидний биед ямар ч өөрчлөлтгүй байсан учраас бид гайхаад л өнгөрсөн. Үүнээс хойш дахин холбоо бариагүй. Бид ч "гайгүй болчихож дээ" гэж л бодсон.
Гэтэл өчигдөр, пүрэв гарагийн 22.00 цагийн орчимд дүүг маань нийслэлийн ... эмнэлэгт яаралтайгаар авчирсан талаар бидэнд хэлсэн. Бид эмнэлэг дээр нь очсон ч дүүгээ харж, уулзаж чадаагүй. Шөнө 01.30 цагийн орчимд "мэс засалд орлоо" гэдэг зүйл хэлээд, өглөө 08.00 цаг хүртэл үргэлжилсэн. Мэс заслын эмч нар нь "Н-ын ходоодыг бүхэлд нь авч, улаан хоолойг гэдэстэй нь шууд залгах мэс засал хийсэн. Учир нь ходоод нь бүхэлдээ задарсан байсан" гэж бидэнд хэлээд, мэс заслаар авсан ходоодыг нь үзүүлсэн. Маш том задарсан, ходоодонд нь шингээгүй лууван, байцаа, ногоо байсан.
Одоо бид яах учраа олохгүй байна. Дүү минь хөл дээрээ босох уу, бослоо гэхэд ходоодгүй хүн цаашид яаж амьдрах вэ гээд л. Дүү маань өвөө, эмээтэйгээ өссөн. Настай хоёр хөгшинд энэ талаар яаж хэлэх учраа олохгүй байна.
- Ходоод юунаас болж задрах боломжтой талаар эмч та бүхэнд ямар мэдээлэл өгсөн бэ?
- Мэс засалд орсон эмч нар нь гайхаж, толгой сэгсэрч ярьж байна лээ. "Хүний ходоод хагардаг, хуруу дарам л хагардаг. Гэтэл танай дүүгийн ходоод хийтэй бөмбөг задарсан шиг томоор хагарсан байна" гэж байна лээ. Ходоод хагарах олон шалтгаан байдаг гэж хэлсэн. Жишээ нь, архи их уудаг бол, гадны механик гэмтлээс үүдэж, гэх мэтээр олон шалтгаан байдаг гэсэн. Миний дүү 18-хан настай, юун архи уух. Цэрэгт явах гээд эмнэлгийн бүх үзлэгт тэнцээд, цэргийн албанд явсан. Өмнө нь өвчин эмгэг байгаагүй.
- Цэргийн анги камертай юу, та бүхэн үзсэн үү? Тус ангийнхны зүгээс та бүхэнд ямар мэдээлэл өгсөн бэ?
- Би дөнгөж сая цэргийн анги дээр нь очоод, дарга нартай нь уулзаад ирсэн. "Нууж хаах зүйл байхгүй, бүх талаар дэмжиж тусална" гэж байна лээ. Тухайн цэргийн ангид алба хаасан цэргүүдээс ихэвчлэн цагдаа нар "төрдөг" ХУД-ийн цагдаагийн газрын удирдлагуудын олонх нь тус ангийн удирдлагуудтай холбоотой байдаг гэж хэллээ. Тиймээс бид эргэлзэж, хардаж байна. "Цагдаагийнхантай холбоо харилцаатай юм бол хэргийг замхруулах вий" гэдгээс айж байна. Тиймээс энэ асуудлыг танай сайтаар дамжуулж, олон нийтэд мэдээлж, олны анхааралд оруулж, хяналт тавьж өгөөч гэж хүсэж байгаа юм.
- Дүүгийн танв ходоод яагаад задарсан талаар танд ямар бодол байна вэ?
- Эрүүл саруул дүүгээ цэрэгт явуулчихаад ийм болчихсныг нь харах үнэхээр аймшигтай байна. Харамсаж байна. Бид янз бүрээр л хардаж байна. Сэтгүүлчид та бүхэн минь асуудлыг сурвалжилж, анхаарлаа хандуулж өгөөч гэж хүсэж байна. Бид үнэн мөнийг л олмоор байна. Бид цэргийн ангийнханд маш их гомдолтой байна. 15-ны 22.00 цагаас хойш яагаад бидэнтэй холбоо бариагүй юм бэ, маргааш оройных нь 22.00 цаг хүртэл яагаад оношийг нь тодруулахаар хот руу эмнэлэгт авчралгүй, цэргийн ангидаа байлгаж, хугацаа алдсан бэ гэдэгт үнэхээр гомдож байна.
-
Сэтгэгдэл
Нэр