Баянхошуу дахь гэр хорооллын хашаанд жижигхэн гэр галлаагүйн улмаас жиндүүхэн. Баруун хоймор дахь орон дээр торомгор нүдтэй, булцгар бор хүү унь харан шулганаж, бяцхан хөл, гараа сарвалзуулан өөрийгөө хөгжөөнө. Хүү зургаан сар хүрч, бор хоолонд оржээ. Хүүгийн ээж харин 15 настай. Тэр жил гаруйн өмнө буюу 14 настайдаа хүчингийн гэмт хэргийн хохирогч болж, ийнхүү хүчирхийлэгчийн хүүг тээн, төрүүлжээ.
Хохирогчийн нэр хүндийг хамгаалах, аюулгүй байдлын үүднээс нэвтрүүлэгт нэрийг нь Болороо хэмээн өөрчлөв. Болороо 2006 онд төрсөн, айлын том охин. Тэр 10 настай охин дүүтэй. Болороог ой хүрээгүй байхад аав нь бурхан болсон учраас тэр аавыгаа хэзээ ч харж байгаагүй. Ээж дүү хоёртойгоо амьдарч, ЕБС-д суралцаж, ангийнхантайгаа найзалж нөхөрлөж, инээн баясаж, дэгэж дэрвэж явсан.
Гайт тэр өдөр 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр байжээ. Болороог нагац ах нь дуудаж, “Манай найз Н хөдөөнөөс ирж байгаа. Манай гэрийг мэдэхгүй. Миний дүү тосож аваад, хоол унд хийж өгөөд байж бай. Би ажлаа дуусгаад удахгүй очно” гэсний дагуу Болороо ахынхаа найзыг тосож, ахындаа авчирчээ. Ах нь Болороогийн утсаар, түүний фэйсбүүкээр найз Н-тэйгээ ярьдаг байсан учраас Болороо Н-ыг танихгүй ч эчнээ мэддэг байжээ. Харин автомашин угаалгын газарт ажилладаг ах нь “ченж угаалга авчихлаа. Очиж амжихгүй байж магадгүй” гэсэн ба тэр шөнө ахынх нь найз Н гэгч Болороог хүчинджээ.
Болороо ярихдаа “Ахын гэр өвөөгийн дүүгийн хашаанд байсан. Би дүүгээ дагуулж очсон ч дүү маань унтчихсан. Шөнө тэр хүн миний амыг дараад хүчиндсэн учраас би тусламж дуудаж чадаагүй. Өглөө нь тэр хүн юу ч болоогүй юм шиг босоод явсан. Би хажуу айлынхандаа ч хэлж чадаагүй. Цагдаад ч, ээждээ ч хэлж чадаагүй. Яах учраа олохгүй, өөрөө гэм хийсэн хүн шиг нуугдаж, бусдаас айж ичиж явахаас өөрөөр яаж ч чадаагүй...
Энэ явдлаас хойш сар гаруй хугацаа өнгөрөхөд миний сарын тэмдэг ирээгүй учраас ангийнхаа найз охинтой ярилцаж байгаад жирэмсний тест авч үзсэн. Би жирэмсэн болчихсон байсан. Тухайн асуудал болох үед ээж маань хөдөө явчихсан, утас нь холбогдохгүй байсан учраас хэлж чадаагүй. Жирэмсэн болсноо мэдсэн ч ээждээ хэлж бас л хэлж чадаагүй...
Харин жирэмсэн болсон гэдгээ Н-д чатаар хэлэхэд “юу яриад байгаа юм бэ. Надад хамаагүй” гээд фэйсбүүкээсээ блокложээ. Болороо шинэ хаяг нээж, Х руу энэ талаараа бичээд л, тэр болгонд блоклуулаад л явсан аж. Хүчирхийлэгч Н “Насанд хүрээгүй охиноо асран хамгаалаагүй, харгалзах хүнгүй орхиж явсан учраас ээж чинь шоронд орно. Би “Босоо хөх монгол” бүлгэмд явдаг болохоор намайг цагдаа нар яаж ч чадахгүй. Хүнд хэллээ гээд чи л хохирно” гэж Болороог айлгаж, дарамталж байсан учраас Болороо хохирогч болсноо, хэвлий дэх хүүхдээ нуусаар явжээ. Тэр үед Болороо 8-р ангийн сурагч байсан.
Болороогийн хэвлий дэх хүүхэд 3 сартай болох үед хүчирхийлэгч “Би Хэнтийд амьдардаг учраас очиж, туслаж чадахгүй. Харин манай эгч чамд тусална” гэсний дараа нэгэн ТВ-д ажилладаг гэх 35 орчим насны эмэгтэй Болороог 3, 4-р хороололд байх АСЭ эмнэлэг дээр дууджээ. Болороог жирэмсний эхо-д үзүүлэхэд эмч хүүхдийнх нь зүрхний цохилтыг сонсгож, “миний охин одоо яана даа” гэж шогширч байсныг Болороо хэлэв. Эмнэлгээс гараад тэр эмэгтэй “Чи найз залуутай юу. Түүнийхээ хүүхэд гэж ээждээ хэл. Тэгээд тэрэнтэйгээ аргалаад амьдар. Эсвэл ээждээ хэлээд Эх нялхасын эмнэлэг орж, наадхаа авахуул. Ямар ч байсан миний дүүгийн гэр бүл, амьдралд гай болж болохгүй. Дүү минь эхнэр, хоёр охинтой. Энэ эмч хүүхдийг чинь авахгүй гэж байна” гэж хэлжээ.
Цаг хугацааны эрхээр охины биед өөрчлөлт орж, ээж нь анзаарч, охинтойгоо ярилцсанаар Болороо 5 сартай жирэмсэн гэдгээ ээждээ хэлжээ. Мөн хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонссоноос хойш хүүхдээ “авахуулах” талаар бодохоо больсон учраас төрүүлэхийг зөвшөөрөхийг ээжээсээ гуйжээ. Эх, охин хоёр уйлалдан баахан ярилцаад, хүүхдийг төрүүлэхээр шийдсэн байна.
Энэ үед ч Болороо Н рүү холбогдож, "хүүхдээ төрүүлэхээр болсон" талаараа хэлсэн ба Н хариуд нь “Охин хүүхэд бол минийх биш. Хүү бол би очоод авна. Тэгээд хөдөө байдаг эгчдээ өргүүлнэ” гэж хэлж байжээ.
Болороо ярихдаа “Ангийнхан маань бие даалтаа хийгээд байж байна гээд над руу саяхан дүрст дуудлага хийхэд би их олон зүйл бодсон. Тэдэнд атаархсан. Би энд хүүхдийнхээ памперсыг яах вэ гэдэг зүйл бодоод сууж байгаадаа гутарсан. Гэхдээ би хүүгээ хэзээ ч хүчирхийлэгчийн хүүхэд гэж боддоггүй, миний л хүүхэд гэж бодож, хайрладаг” хэмээн нулимс унаган ярив.
Болороо 2021 оны 10-р сард хүүгээ төрүүлжээ.
Мэдээж, 15 настай охин амаржихаар эмнэлэгт ирэхэд эмч, сувилагч нарын хандлага сайхан байгаагүй нь түүнд тод дурсамж болж үлдсэнээ хуваалцлаа. “Хар нялхаараа юун хүүхэд вэ, эцэг нь байгаа юм уу” гэгчлэн олон хүний дунд чангаар дуудаж, зандрах нь түүнд маш их дарамт болж байсныг хэлэв.
Тэрбээр “Хэн ч хүчиндүүлье гээд хэвтэж байхгүй шүү дээ. Чадлаараа л эсэргүүцнэ. Гэхдээ нас биед хүрсэн эр хүнийг охид дийлдэггүй юм билээ. Өмнө би хүчингийн хэргийн талаар мэдээлэл үзээд “цагдаад хэлэхгүй яасан юм бэ” гэж боддог байсан. Гэхдээ яг өөрөө ийм зүйлтэй нүүр тулахаар цагдаад хэлж чаддаггүй юм байна лээ. Цагдаа нар бас л олны дунд “хөөе тэр хүчиндүүлсэн охин гээд л дуудах байх даа, яг яасан юм гээд л дахин дахин яриулна байх даа” гэдгээс би зугтсан” хэмээсэн.
Болороо ийнхүү хүүгээ төрүүлээд, сар хүрээгүй байх үед нь Н рүү дахин холбогдож, хүүхдийнхээ зургийг явуулжээ. Ингэхэд “юун бацаан бэ” гэдэг хариу ирсэн ба харин Н-ын эхнэр гэх эмэгтэй Болороотой утсаар ярьж, “манай нөхөр чамд мөнгө өгөөд унтсан юм байна лээ. Чи бол биеэ үнэлэгч” гэж доромжилжээ.
Болороо өнгөрсөн хугацаанд Н-тэй холбогдохын тулд фэйсбүүкт маш олон хаяг нээж, чатууд бичиж байсан бөгөөд Н-ын “эрэгтэй хүүхэд бол би аваад хөдөө байдаг эгчдээ өргүүлнэ” гэх үгсээс болж, дахин түүнтэй холбогдох гэж оролдохоо больсон байна. Гэхдээ фэйсбүүк рүү нь үе үе орж хардаг бөгөөд “Хоёр охиндоо аав нь маш их хайртай, хүүхдүүдээ ингэж баярлууллаа” гэх мэт постуудыг нь хараад, хүүгээ хараад өрөвддөг гэдгээ хэлэв.
Харин одоо Болороо шийджээ.
Тиймээс манай сайтад хандаж, туулсан бүхнээ ярьж байгаа бөгөөд ийнхүү олон нийтэд хандаж байгаагийн шалтгаан нь “өөр шиг нь өсвөр насны охид ийм хэргийн хохирогч битгий болоосой, хохирсон бол цагдаад заавал мэдэгдээсэй, хүчирхийлэгч заавал хариуцлагаа үүрэх ёстой” хэмээн шийдсэн байна.
Болороо шиг хүчингийн хэргийн хохирогч болчихоод цагдаад хандаж чадаагүй, магадгүй хүүхэд тэврээд үлдсэн хэчнээн охид байгааг бид мэдэхгүй. Хохирогч цагдаад ханддаггүйн шалтгаан нь өөрийнх нь хохирсон талаарх мэдээлэл ил болох, гэр бүлийнхнийг нь аюулд оруулна гэх хүчирхийлэгчийн дарамтад өртөх, мөн цагдаагийн алба хаагчдын харилцаа хандлагаас шалтгаалан ийнхүү өөрийгөө нуун, сүүдэрт хоргодсоор ирээдүйн сайн сайхан амьдрал, хүсэл мөрөөдлөө алдаж байна.
Өдгөө Болороо хүүгээ бор хоолонд юугаар оруулах, живхийг нь яаж таслахгүй байх зэрэгт санаа зовж суугаа ч өөрийнхөө болон хүүгийнхээ ирээдүйг гэрэлтэйгээр хардаг. Сургуулийн зуны амралт эхлэнгүүт хашаа олж, хураалттай байгаа гэрээ сэлбэж бариад, дүүдээ хүүгээ харуулаад, өөрөө ажил олж хийгээд, хүүгээ сайхан өсгөхийг хүсэж байна. “Гурван нас хүргээд авчихвал болчихмоор байна. Одоогоор хүү минь дан хөхөөр хооллодог болохоор бид хоёр болгоод л байна. Живх авахдаа хямдхан үнэтэй болохоор Тоди живхийг авдаг. Живхгүй үедээ даавуу дэвсээд болгодог” хэмээн ярих ээж, хүү хоёр өдгөө найзынхаа гэрт амьдарч буй нь энэ. Харин Болороогийн ээж 10 настай бага охиноо дагуулаад хамаатан садныхаараа байж, олдсон ажлаа хийж, охин зээ хоёртоо илүүчилдэг байна.
Уг нь Болороо өдгөө 10-р ангийн хичээл заалгаж, ангийнхантайгаа инээлдэж, гоёж гангалж, найзалж нөхөрлөж явах ёстой дэгэж дэрвэсэн 15-хан насандаа яваа алдрайхан охин юм. Гэтэл түүний бодол, мөрөөдөл, зорилго тэмүүлэл, туулсан амьдрал насанд нь арай л ахадмаар...
Эцэст нь, энэ сурвалжлагын мөрөөр "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖЛАА ХИЙГЭЭСЭЙ" гэж хичээнгүйлэн хүсэж бас шаардаж байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, хүчингийн гэмт хэрэгтэнд хариуцлага оногдуулах, шүүхээс эцэг тогтоож, хүүхдийг 18 нас хүртэл нь эцгээр нь тэтгэлэг төлүүлэх, ГБХЗХГ Болороод сэтгэлзүй, хуульзүйн тусламж үзүүлэх, харьяа хорооноос хүнсний болон орон гэрийн дэмжлэг үзүүлж, хяналтдаа авах зэргээр төрийн шат шатны байгууллагын хийх ёстой ажил огт хийгдээгүй байгааг нөхөж ажилаасай гэж шаардаж байна.
Насанд хүрээгүй охид дүү нар минь, хэн нэгний дарамт, хүчирхийлэлд өртсөн бол юунаас ч айлгүйгээр цагдаагийн байгууллагад хандаарай. Ээж, аав гэгчлэн чамд туслаж болох хүмүүстээ заавал хэлээрэй. Эцэг эхчүүд та бүхэн өсвөр насны охиддоо анхаарч, цаг гарган чин сэтгэлээсээ ярилцаж, бэрхшээлийг нь хуваалцаж, туулан гарах арга замыг нь зааж өгөөрэй хэмээн хичээнгүйлэн хүсэж байна...
Болороогийн туулж яваа амьдрал, тээж яваа бодол, зорьж буй тэмүүллийн талаарх нэвтрүүлгийг өнөөдөр 20.00 цагаас Цахиур.мн сайтын фэйсбүүк дэх хуудаснаас хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл
Нэр