БГД-ийн 12-р хороонд байрлах 13-р байр буюу хуучны есөн давхар өндөр барилгаас өнөөдөр /2021.12.18/ 13 настай охин болон 21 настай эрэгтэй унасан хэрэг гарсан. НОБГ-аас унасан хүүхдүүд аврах гудсан дээр унасан боловч бэртэл авч, ГССҮТ-д хүргэгдсэн гэж мэдээлсэн. Тэгвэл хамт үсэрсэн 13 настай охин гэмтлээ даалгүй нас баржээ.
Энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Баатархүү: "Өнөөдөр 16 цаг 00 минутад Цагдаагийн байгууллагад тус байрны дээвэр дээр гурван хүн хөлөө унжуулаад суугаад байна гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Цагдаагийн байгууллага болон НОБГ газар дээр нь очиж ажилласан. Шалгалтаар дээвэр дээр байсан хүмүүс нь 13 настай Ч, 13 настай Х болон 21 настай Ц нар болох нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас тухайн гурван иргэдтэй ярилцахад 13 настай Ч буусан. Харин араас нь 13 настай Х, 21 настай Ц буух гэж байгаад хөл алдаж унасан. Онцгой байдлын албаны аврах дэрэн дээр унасан ч гэмтэл авч, ГССҮТ-д хүргэгдсэн. Гэвч 13 настай Х сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад 20:00 цагт нас барлаа. Одоогийн байдлаар 21 настай Ц-ийн биеийн байдал хэвийн байна.
Амь насаа алдсан хүүхдийн хувьд энэ оны 11-р сард ар гэрийнхнээс нь "Гэрээсээ гараад алга болчихлоо" гэх дуудлага Цагдаагийн байгууллагад ирж, хэргийн дагуу шалгалт явуулахад "Хойд эцэгтээ хүчиндүүлдэг байж болзошгүй" нөхцөл байдал тогтоогдсон. Ингээд 11-р сарын 15-нд уг асуудлыг шалгаад, хойд эцэгт нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад, 12-р сарын 16-нд хэрэг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байсан. Хохирогчийг СЭМҮТ-д үзүүлэхэд "Сэтгэц хэвийн" гэх дүгнэлт гарсан. Цагдаагийн байгууллагаас охинд тухайн үед ГБХЗГ-ын сэтгэлзүйчээр сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Хохирогчийг хамгаалах байранд авахыг мэдэгдэхэд ээж нь хэргийн холбогдогч нэгэнт цагдан хоригдсон, би охинтойгоо хоёулаа байдаг учраас хамгаалалтад өгөх шаардлагагүй гэж авч үлдсэн.
Мөн талийгаачийн ангийн охин болох дээвэр дээрээс өөрөө буусан 13 настай Ч-ийн ар гэрээс өмнө нь "Манай охин бусадтай бэлгийн харьцаанд орсон юм шиг байна" гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаагийн байгууллагаас шалгахад 21 настай Ц-тэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа эхлээд явж байсан. Тухайн үед 13 настай Ч "Намайг Ц хүчиндээгүй, бид хоёр бие биедээ хайртай" гэх зүйлийг ярьж байсан" гэв.
Сэтгэгдэл
Нэр