Өнгөрсөн 2020 оны аравдугаар сард "Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор" асрамжийн газарт амьдарч байсан 11 настай хүү бусдад хүчиндүүлсэн хэрэг гарсан талаар бид нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн. Хохирогч хүүг түүнтэй нэг өрөөнд хамт амьдардаг 14 болон 16 настай хоёр хүү хүчиндсэн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Тухайн хөвгүүд ч асрамжийн газарт ирэхээсээ өмнө энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байсан байж болзошгүй мэдээлэл олдоод байгаа юм.
Харин хохирогч хүүгийн тухайд 2019 оны наймдугаар сард тус асрамжийн газарт очсон. Тодруулбал, гэр бүлийн бус нэгэн иргэн хүүгийн эрхийг зөрчсөн асуудал үүсэж, Хүүхэд хамгааллын байгууллагаас хүүг асрамжийн газар руу авч явсан байна. Хүү гурван хүүхэдтэй айлын дунд хүү бөгөөд ээж нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн юм. Хүүгийн ар гэрийнхэн хүүг асрамжийн газар руу авч явахад дургүйцсэн ч, "хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна" гэж хүүхдийн байгууллагаас үзэн, төрийн хамгаалалтад буюу асрамжинд авчээ. Гэвч асрамжийн газарт очсон хүү жил орчим хугацааны дараа ийнхүү бэлгийн хүчирхийллийн хохирогч болоод байна. Бид хүүгийн ээж болон эмээтэй уулзаж ярилцахад "Анхнаасаа хүүг маань хүчээр асрамжийн газар руу авч явсан. Бид хүүхдээ төрийн хамгаалалтад байгаа гэдэг утгаар огт санаа зовж байгаагүй. Гэтэл ийм жигшүүртэй хэргийн хохирогч болчихлоо. Хамгийн гол нь хүүхэд маань хохирсныг бидэнд хэлэхгүй, гурван сар болсон. Тус асрамжийн газраас 3 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлж, хүүхдийг маань хамгаалж байгаа гэх боловч тухайн өмгөөлөгч нь бидэнтэй нэг ч удаа холбогдоогүй. Ямар хүн байдгийг нь ч мэдэхгүй. Хүүхэд маань энэ хэргийн хохирогч болохоосоо өмнө буюу 2020 оны 7, 8 саруудад хоёр удаа Асрамжийн газраасаа оргож гэртээ ирж байсан. Ирэхдээ "Хамт амьдардаг хүүхэд надаар эрхтэнээ хөхүүлэх гээд байна, би тэнд баймааргүй байна" гэж хэлж байсан. Нэг удаад нь ээж нь хүүгээ хүргэж өгөөд, Батцогт гэдэг багшид хүүгийнхээ хэлснийг хэлсэн. "Энэ асуудлыг дарга нартаа хэлээд шалгуулна" гэдэг хариу хэлсэн. Түүний дараа оргож ирэхэд нь Асрамжийн газрын багш нар нь гэрээс нь ирээд аваад явсан. Одоо бид хүүгээ хаана, ямар байдалтай байгааг мэдэхгүй байна. Хүүгийнхээ царайг харж, ээжтэй нь хамт байлгамаар байна" гэдэг мэдээллийг өглөө.
Энэ асуудлаар хяналт шалгалт хийсэн эсэх, хариуцлага яригдах эсэх, хүүхдэд болон түүний ар гэрийнхэнд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх, эсэх асуудлаар тодруулга авахаар бид нийслийнн Засаг даргын тамгын газар руу хандаад байна. Үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл
Нэр