УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны ирц мууг байгааг шүүмжилж, сануулга өглөө.
Тэрбээр "Улс орны нөхцөл байдал хэцүү байна. Гишүүд та биднээс олон зүйл шалтгаална. Үүнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч хуралдаа идэвхтэй оролцож, ажиллах хэрэгтэй.
Зарим гишүүн асуулт асуугаад гараад явдаг. Сүүлийн хоёр долоо хоногт олон гишүүн гадаад явж, өвчтэй чөлөөтэй байсан. Дээр нь тасалсан шалтгаанаас болоод УИХ-ын чуулганы хуралдаан 30 гаруй минутаар хоцрох, санал хураалт саатах, асуудал хойшлох явдал гарлаа. Маш чухал Газрын тухай хуулийг хэлэлцэх үеэр ирц хангалтгүй байна.
Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураахад 10 гаруйхан гишүүн чуулганы танхимд үлдсэн үзэгдэл гарлаа. Газрын тухай хууль хэлэлцэх үеэр яг ийм байдал бий болсон. Хуулийг хэлэлцэх үеэр зугтааж буй гишүүд ямар ашиг сонирхлын зөрчилтэй талаар иргэдээс шаардлага тавьж байна. Тиймээс гишүүд хуралдаандаа биечлэн сууж байх ёстой. Ёс зүй, сахилга хариуцлагатай байж, нийгэмд үлгэр дуурайлал болох хэрэгтэй.
Хуралдааны үеэр зүй зохисгүй үг хэлдгээ болих учиртай. Хоосон маргалдах, баталгаагүй мэдээллээр олныг төөрөгдүүлэх, хэт мэргэн хүн болох гэж оролдох нь өөрийнхөө болон парламентын нэр хүндийг унагаж байна. Гишүүд хэлэх үгээ өмнө нь сайн бэлдэж баймаар юм. УИХ-ын гишүүд гарцаагүй чухал, үндэслэлтэй саналаа хэлдэг болмоор байна. Бэлдээгүй зүйлийг дэмий ярьж цаг үрэх хэрэггүй.
Нүүрсний хулгай, Хөгжлийн Банк гээд олны анхаарал татсан хууль зөрчсөн, шударга ёс тогтоох шаардлагатай хэргүүдийг шалгаж тогтоохыг иргэд шаардаж байна. Эдгээр ажлаар хянан шалгах түр хороо байгуулсан." гэв.
Сэтгэгдэл
Нэр