Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсын Засгийн газрын урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт тус улсад төрийн айлчлал хийлээ.
Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 12 жилийн дараа Японд хийж буй төрийн айлчлал гэдгээрээ онцлогтой.
Тийм ч учраас энэ удаагийн айлчлал улс төрийн өндөр ач холбогдолтой болж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг шат ахиулан Тусгай стратегийн түншлэлд хүргэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Фүмио Кишида нар Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, хэтийн төлөвийг ч тодорхойлов.
Улмаар “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь албаны мэдээнээс харж болно.
Хамтарсан мэдэгдэлд, “Талууд ирэх 50 жилд хоёр улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, Монгол, Японы ард иргэд бие биенээ улам сайн танин мэдэж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр улсын хөгжил цэцэглэл болон бүс нутаг, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж, хоёр улсын шинэ түүхийг бүтээлцэхийн төлөө ажиллах хүсэл эрмэлзлээ нотолж, гарын үсэг зурав” гэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн гэргийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхсан байна.
Энэ үеэрээ Японы “Хэйсэй”-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Ташрамд дурдахад, төрийн айлчлал бол хамгийн дээд түвшний айлчлал бөгөөд зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлалыг хэрэгжүүлдэг.
Сэтгэгдэл
Нэр