УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдрийн /2022.12.01/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайдад хандаж, олонхын бүлэг ирцээ бүрдүүлэх тал дээр анхаарахыг шаардлаа.
Ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагаас шалтгаалан УИХ-ын байнгын хороод хуралдахгүй байгаа талаар хэлэв.
Тэрбээр, "Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-аас сонгогдсон гишүүдэд хандаж бас үг хэлмээр байна. МАН сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө эрх зүйн шийдэл, хууль журам болгох учиртай. Үүнийгээ УИХ-ын чуулганд идэвхтэй оролцож хийх хэрэгтэй байгаа. Гэтэл сүүлийн үед УИХ-ын чуулганд олонхын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Ирцээ бүрдүүлж чадахгүйгээс байнгын хороод хуралдахгүй байна. Өнөөдөр улс орны асуудал ямар хүнд байгаа билээ. Ийм үед МАН өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, улс эх орныхоо хүнд хэцүү цаг үед чуулгандаа оролцож идэвхтэй ажиллахгүй байна.
Ялангуяа амин чухал хууль болох Газрын тухай хуулийг хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан. Асуудалд ингэж хандаж болохгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулгадаг болгомоор байна. Ажлаа хиймээр байна. Иргэд даарч, өлсөж байна. Бидэнд хийх ажил их байгаа. Нүүрсний хулгайн асуудлаа ярихгүй юм уу. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар бараг тоо нь буруу юм ярьж байсан. Ингээд өнгөрөөхгүй шүү. Нүүрсний хулгайн асуудлыг ард түмэн бүгдээрээ сонсож байгаа. Эцэст нь хүртэл явна. Дизель түлшгүй байгаагаас бүх уул уурхай зогсож байна. Татвар төлөгчид хаалгаа барьж байгаа. Гэтэл энд инээдэм болгоод суугаад баймааргүй юм." гэв.
Сэтгэгдэл
Нэр