Айлофт бараар үйлчлүүлсэн иргэдийг тус барны зохион байгуулагч, хамгаалагч нар зодож, хэл амаар доромжилдог, дарамталдаг асуудлаар бид цуврал сурвалжлагуудыг бэлтгэсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус барны архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргажээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ундрах сүүн далай” ХХК-ийн Айлофт барны дотор болон гадна хэсэгт энэ оны 11-р сарын байдлаар нийт 8 зөрчил, 31 гэмт хэрэг үйлдэгдсэн нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа юм байна. Бүртгэгдсэн 31 хэргийн 19 нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг аж.
Хамгийн ноцтой нь Айлофт бараар үйлчлүүлэхээр очсон иргэдийг тус барны зохион байгуулагч, хамгаалагч нар тодорхойгүй шалтгаанаар камергүй өрөөндөө оруулан зодож, гэмтээгээд, барнаасаа гаргаж орхидог, үйлчлүүлэгч гомдол мэдүүлэхээр “цагдаагийн байгууллагад мэдэгдээд чи өөрөө л буруудна” гэсэн ганцхан тайлбарыг хэлдэг нь анхаарал татаж байгаа юм. Яг ийм асуудлаар манай сайтад 4 иргэн мэдээлэл ирүүлсэн. Харин тус барны зүгээс тухайн иргэдийн мэдээллийг эрс үгүйсгэж, “уусан идсэнээ зөв шингээж чаддаггүй, төлбөр мөнгөө төлдөггүй хүмүүс асуудалд ордог, манай хамгаалагч нар огт тийм үйлдэл хийдэггүй” гэсэн тайлбарыг нийгмийн сүлжээнд байршуулаад байгаа билээ.
Айлофт барны үйл ажиллагааг хариуцан явуулдаг “Ундрах сүүн далай” ХХК-ийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас үзвэл, компанийн эзэмшигч нь Ванчинцэрэнгийн Рэгзэдпил бол, Гүйцэтгэх захирлаар нь Төгсбадрахын Билгүүн ажилладаг байна.
2011 онд байгуулагдсан энэ компани эхэндээ гадаад худалдаа, үхрийн фермийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн бол 2019 оноос зочид буудал, бялдаржуулах төв, хүнсний дэлгүүр зэрэг олон чиглэлээр үйл ажиллагааныхаа хүрээг тэлсэн талаараа нэмж бүртгүүлжээ.
Сэтгэгдэл
Нэр