богино мэдээ New

Пунцагийн ЦАГААН: Гишүүдээсээ асуу, Гишүүдээ сонс, Гишүүдээрээ шийдүүл

АН-ын Дарга намын санхүүжилт, зарлагын тайлангаа жил бүр ИХ-д тайлагнана..
Монголын нийгмийн өнгөрсөн 26 жил болон өнөөгийн байдлыг ажвал, Ардчилсан Нам л Монгол Улсыг дэлхий нийтийн жам ёсны хөгжилд нийцүүлэн авч явах тавилантай юм байна гэдэг нь цаг хугацааны шалгуураар батлагдаж байна.
 
Гэвч АН маань нийгмийн тэр их итгэлийг үе үе алдаж, үзэгчдийн эгнээнд шилжиж байна. Ийм болохоор Монголын ард түмний 1990 оны түүхэн сонголтыг логик үр дүнд нь хүргэх улс төрийн хүчин болгохын тулд АН-ыг шинэчлэх нь АН-ын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын нийт ард түмний язгуур эрх ашигт бүрнээ нийцэх болно. АН-ыг нээлттэй, хариуцлагатай, байнга шинэчлэгдэж байдаг, боловсон хүчний нөөц сайтай, удирдахуйн өрсөлдөх чадвартай институц болгох нь юу юунаас чухал болж байна. АН бол нэг буюу хэсэг бүлэг хүний өмч биш, нийтийн сайн сайхны төлөө тасралтгүй, гацаагүй ажилладаг улс төрийн байгууллага байх ёстой.
 
Ийм учраас АН-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар дүрэмдээ суурь өөрчлөлт оруулахыг цаг үе шаардаж байна. Тухайлбал, зарчмын шинжтэй ямар өөрчлөлт оруулж болох талаар санал бодлоосоо та бүхэнтэй хуваалцъя.
 
Нээлттэй гишүүнчлэл
 
Улс төрийн намын тухай хууль гарч, бүх намыг гишүүнчлэлгүй болгодоггүй л юм бол өнөөгийн төрийн тогтолцоо, хууль эрх зүйн орчинд АН гишүүнчлэлттэй байхаас өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
 
Хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан, хувийн өмч давамгайлсан, зах зээлийн эдийн засагтай нийгэм байгуулах ёстой гэсэн зарчмыг хүлээн зөвшөөрдөг, түүний төлөө тэмцэх хүсэл бодолтой Монгол Улсын иргэн хэн ч АН-ын гишүүн байж болно. Мөн дэмжигч гишүүн, гадаадад амьдардаг гишүүдтэй байж болно.
АН-ын гишүүнчлэл хүнд сурталгүй, нээлттэй байна. АН-д элсэх тухайгаа АН-ын цахим хуудас, хаяг руу мэдэгдэх буюу бүртгүүлдэг байхад хангалттай. Хэн АН-д элссэн, шилжсэнийг АН-ын харьяалах намын байгууллага руу тогтмол мэдэгдэж байна. 
 
Энгийн зохион байгуулалт
 
АН-ын бүтэц, зохион байгуулалт энгийн, хоёр шаттай байна. Энэ нь АН-ын эрх барих дээд байгууллага болох жил бүр хуралддаг Их Хуралдай,  хоёр Их Хуралдайн хооронд АН-ын бодлого, үйл ажиллагааг явуулж, ажлаа Их Хуралдайд жил бүр тайлагнадаг АН-ын Гүйцэтгэх Зөвлөл болно. Мөн Дүрмийн хороотой байна.
 
Их Хуралдай
 
АН-ын ИХ нь Монгол Улсын нийт сум, аймгийн төвийн баг, нийслэлийн хороо бүрийн гишүүдийн төлөөллөөс бүрдэнэ. Сум, баг, хорооны АН-ын нийт гишүүд нууц санал хураалтаар тус бүр нэг төлөөлөгч сонгоно. АН-ын болон АН-ыг байгуулалцсан, түүнтэй нэгдэж нийлсэн бусад намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс насан туршдаа ИХ-н төлөөлөгч байх эрхтэй.
 
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд ИХ-н төлөөлөгчийн эрх эдэлнэ.
ИХ-н сонгогдсон 600 орчим төлөөлөгчдийн дөрөвний нэг нь жил бүр сэлгэгдэж байна. Энэ нь тухайн гишүүний дахин сонгогдох эрхийг хязгаарлахгүй.
ИХ жил бүр хуралдах бөгөөд хуралдах хугацаа Дүрэмд тодорхой байна. Улсын наадам жил бүрийн 7 сарын 11-нд болдог шиг АН-ын ИХ жил бүрийн 12 дугаар сарын 6-ны өдрийн 10 цагт эхэлнэ гэж заана гэсэн үг. Үүнтэй адил АН-ын сонгуулийн өдрийг ч  мөн Дүрэмд зааж өгөх нь зүйтэй. ИХ бүрдсэн ирцээрээ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Ингэвэл хурал үймүүлдэг башир, болхи арга үгүй болно.
 
Ээлжит ИХ АН-ын дарга нарын ажлын тайлан, намын санхүүжилт, намын бодлого, цаг үеийн асуудал хэлэлцэнэ. ИХ-н төлөөлөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар АН-ын Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
 
Ээлжит бус ИХ хийх эсэхийг АН-ын дарга, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдэх бөгөөд ИХ-н товыг 21-ээс доошгүй хоногийн өмнө нийтэд болон ИХ-н төлөөлөгчдөд зарлана. Ээлжит бус ИХ-аар зохион байгуулалтын асуудал хэлэлцэхгүй.
 
Их Хуралдайн төлөөлөгчийн эрх үүрэг
 
ИХ-н төлөөлөгч тухайн сум, баг, хорооны гишүүд, дэмжигчдийн бие төлөөлөгч гэдгээ ухамсарласан байна. ИХ-н төлөөлөгч ИХ-даа оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзвэл түүний оронд өөр төлөөлөгч сонгох эрх тухайн сум, баг, хорооны гишүүдэд нээлттэй байна. 
ИХ-н төлөөлөгч ИХ-аас буцаж ирээд 10 хоногийн дотор намын гишүүд, дэмжигчдэд тайлагнана.
 
ИХ-н төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай бол бүрэн эрхийнхээ хугацаанд эрхээ нэг удаа шилжүүлж болно. Ингэхдээ зөвхөн сонгогдсон сум, баг, хорооныхоо гишүүнд шилжүүлнэ. Энэ нь ИХ-н төлөөлөгчөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
 
Гүйцэтгэх Зөвлөл
 
Гүйцэтгэх Зөвлөл нь АН-ын дарга, Дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Дүрмийн хорооны дарга нараас бүрдэх бөгөөд АН-ын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулах байнгын ажиллагаатай байгууллага мөн. ГЗ-ийн гишүүн нь Монгол Улсын хууль, АН-ын Дүрмийн дагуу АН-ын бодлого, үйл ажиллагаа, нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана. 
 
ГЗ-ийн гишүүд АН-ын ИХ-д “Монгол Улсынхаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжлийн төлөө, Монголын ард түмний язгуур эрх ашиг, АН-ын нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар зүтгэнэ. Энэ андгайнаасаа няцвал АН-ын өмнө хариуцлага хүлээнэ” гэсэн андгай өргөнө.
ГЗ-ийн хурлыг нь АН-ын дарга удирдан явуулна. Хамтын удирдлагын зарчмаар асуудлаа шийдэх бөгөөд санал зөрөлдсөн буюу шийдэж чадахгүй асуудал хуримтлагдвал ИХ-д оруулж эцэслэн шийдвэрлүүлнэ.
 
Загас толгойноосоо, Хариуцлага дээрээсээ
 
Загас толгойноосоо эхэлж мууддагийн үлгэр үнэн болохыг АН болон бусад намын түүх, сургамж нэгэнт нотолсон. АН-ын дарга нь АН-ын Дүрмийг сахиулахаас гадна өөрөө үлгэр жишээ сахих үүрэгтэй байна. Эс сахивал ямар нэгэн хэрүүл тэмцэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгддөг байна. Тухайлбал, АН-ын ээлжит ИХ-г хуралдуулаагүй буюу ИХ-д тайлангаа тавиагүй бол ажлаасаа чөлөөлөгдсөнд тооцогдох бөгөөд Дэд дарга насны ахлах эрэмбээр Даргын үүрэг гүйцэтгэнэ.  
АН-ын дарга чөлөөлөгдвөл 3 сарын дотор АН-ын даргын сонгууль явуулна. АН-ын даргад нэр дэвшигч АН-ын даргын сонгуулийг удирдаж болохгүй. Нэр дэвшигчдэд адил боломж олгох зарчмыг чанд баримтлана.
 
ИХ-г хийхэд хуульд заасан давагдашгүй хүчин зүйл саад болсон бол уг нөхцөл байдал арилснаас хойш 45 хоногийн дотор ИХ-г хуралдуулна. 
 
АН-ын даргын эрх, үүрэг
 
АН-ын даргын үндсэн үүрэг бол Дүрмийн хүрээнд намын дотоод эв нэгдлийг хангах, намын боловсон хүчний нөөц, чадавхийг дээшлүүлэх явдал бөгөөд АН-ыг гадаад, дотоодод төлөөлөх эрхтэй байна. 
 
Намын хүчийг сулруулдаг фракцын нөлөөллийг арилгах, нөгөө талаар эрх мэдэлтэй ажиллах боломжийг нь бүрэн хангах үүднээс АН-ын даргыг АН-ын гишүүдийн нууц санал хураалтаар тодруулж, ИХ-гаар албажуулдаг байна. Даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
АН-ын бүртгэл, ой санамж, санал асуулга, гадаад, дотоод харилцаа, бичиг захидал, санхүүжилт зэргийг мэдээллийн технологийн ололт, дэвшлийг ашиглан ил тод, нээлттэй, шуурхай байлгана.
 
Дэд дарга
 
АН тодорхой салбар, асуудал хариуцсан 9 хүртэл дэд даргатай байх бөгөөд тэдгээрийг АН-ын ИХ-гаас нууц санал хураалтаар 4 жилийн хугацаагаар томилно. 
Дэд дарга ээлжит ИХ-д ажлаа бичгээр тайлагнана. Ажлаа тийнхүү тайлагнаагүй нь Дэд даргаасаа чөлөөлөгдөх үндэслэл болох бөгөөд ИХ-гаас дэд даргыг нөхөн томилно.
 
АН-тай нийлсэн намын нэг төлөөлөгч АН-тай нэгдсэн буюу нийлснээс хойш нэгэн бүрэн эрхийн хугацаанд АН-ын Дэд даргаар сонгогдох эрхтэй байх бөгөөд АН-ын бусад дэд дарга нартай адил эрх, үүрэгтэй байна.
 
Ерөнхий нарийн бичгийн дарга
 
АН-ын ЕНБД нь намын дотоод ажил, гишүүдийн бүртгэл, намын ой санамж, боловсон хүчний сургалт, судалгаа, ИХ-н шийдвэрийн хэрэгжилтийг хангахад АН-ын дарга, Гүйцэтгэх Зөвлөлд тусална.
 
ЕНБД-ыг ИХ АН-ын даргын санал болгосон 3-аас доошгүй гишүүдээс сонгож, олонхийн саналаар 4 жилийн хугацаагаар томилно.
 
Аймаг, нийслэл, дүүргийн АН-ын дарга
 
Дэвшүүлэх эрх АН-ын даргад, шийдэх эрх гишүүдэд гэдэг зарчим баримтална. АН-ын дарга нь Аймаг, Нийслэл, Дүүргийн АН-ын даргад тус бүр 3-аас доошгүй хүний нэр дэвшүүлэх бөгөөд сум, баг, хорооны нийт гишүүдийн нууц санал хураалтын дүнгээр шийднэ. 
Аймгийн АН тус бүр 2 дэд дарга, Нийслэлийн АН 2 дэд дарга, Дүүргийн АН тус бүр 3 дэд даргатай байна. Дэд дарга нарыг тухайн нутаг дэвсгэрийн АН-ын дарга санал болгоно. Нэг орон тоонд 2-оос доошгүй хүний нэр дэвшүүлнэ. Гишүүд нууц санал хураалтаар шийднэ. Саналын нэгдсэн дүнг тухайн аймаг, дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын мандаттай хувь тэнцүүлсэн коэфицентээр тооцож гаргана.
 
Аймаг, нийслэл, дүүргийн АН-ын эрх барих дээд байгууллага нь жил бүр тогтсон өдөр хуралддаг, ирцээрээ шийдвэр гаргадаг Чуулган байх бөгөөд дарга, дэд дарга нарын ажлын тайлан, хийх ажлын төлөвлөгө, төсөв зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  
 
Ээлжит бус Чуулганы товыг АН-ын ГЗ-тэй зөвшилцөж тогтох бөгөөд нэн даруй нийт гишүүд, дэмжигчдэд мэдээлнэ.
 
Судалгаанд суурилах
 
АН дэргэдээ бодлого, судалгааны хүрээлэнтэй байна. Энэхүү хүрээлэн нь улс орны хөгжил, намын бодлоготой холбоотой асуудлаар судалгаа явуулж, бодлогын зөвлөмж боловсруулна. 
 
Мөн олон нийтэд АН-ын үнэт зүйлийг сурталчилж, сургалт явуулна. Гадаадад сургууль төгссөн залуусыг Монголын орон нутгийн амьдралтай танилцуулах, мөн аймаг орон нутагт ажиллаж буй АН-ын гишүүдийг нийслэлд болон гадаадад туршлага судлах, сургалтанд хамрагдах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
 
Боловсон хүчний босго
 
Монгол төрийн боловсон хүчинд тавих босго намссан нь өнөөгийн урагшгүй байгаагийн нэг шалтгаан. Монгол гэрийн хаалганы босго намсахаар хулгана, оготно давж ороод айл гэрийн хоол хүнсийг хумсалж, хуурайлдагтай л адил юм. 
 
АН-д төрийн ажлын туршлагатай ахмадууд болон эрдэм боловсролтой 20-30 хүний бүрэлдэхүүнтэй, хараат бус Хүний нөөцийн хороо \ХНХ\ ажиллана. 
ХНХ-ы хийх үндсэн ажил нь АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүсийг боловсрол, мэдлэг, зан төлөв, туршлага зэргийг нь судалж, зөвшөөрөл олгоход оршино. Зөвхөн энэ Хорооноос дэмжигдсэн хүмүүс л УИХ-ын сонгуульд нэр дэвших, нөөцөд бүртгэгдэх эрхтэй байна. 
ХНХ-ны салбар хороо Нийслэл болон аймагт ажиллана. 
 
Ингэж чадвал УИХ болон орон нутгийн ИТХ-д “халаасны”,  “мөнгөний”, “тохиолдлын” гэх янз бүрийн нэр дэвшигчид алга болно. Улмаар төрийн эрх барих дээд байгууллагын оюуны чадавхи дээшилж, төрийн хууль тогтоомжийн уулгамч байдал арилж, удирдлагын алсын хараа, хариуцлага дээшилнэ. 
Б.Чимид гуай 1992 оны УИХ-ын сонгуулийн дараа зарим гишүүдийг хараад  “Ухаан суусан хүн улс удирдаж, уурга барьсан хүн адуу манах учиртай”, “Төр барих, төлөг хариулах хоёрт их ялгаа бий” гээд нэлээд бухимдаж байсныг нь мартдаггүй юм.
 
Гадаад харилцаа бол их боломж
 
АН ижил үнэт зүйлстэй гадаад орнуудын ах дүү намуудтай идэвхтэй харилцаж, хамтын ажиллагаа хөгжүүлж, туршлага солилцоно. Энэ нь хөрш орнуудын намуудтай харилцахад саад болохгүй.
 
АН гадаад харилцааны өргөн боломжоо бүрэн  ашиглаж чадахгүй байгаа нь нүдэн дээр ил байна. Ганц жишээ хэлэхэд,  АН-тай олон жил харилцаа холбоотой байж, тусалж ирсэн Английн Консерватив Намын удахгүй болох Их Хуралд нь төлөөлөгчөө оролцуулж чадахгүй байгаа явдал харуулж байна. Тэнд Европын олон орны ах дүү намуудын төлөөлөгчидтэй уулзах, холбоо тогтоох ховор боломж байгаа билээ.
 
Сонгууль бол нам эрүүлжих, хүчирхэгжих үйл явц
 
АН-ын аливаа сонгууль бол эвдрэлцэх биш, харин ч эрүүлжих, эв нэгдэлтэй, бат бэх байлгах үйл явц гэж ойлгож хандах цаг болсон. Тийм учраас АН-ын аливаа албан тушаал, сонгуульд нэрээ дэвшүүлсэн гишүүд, тэдгээрийг дэмжигчид нэр дэвшигчдийг муулахыг цээрлэх бөгөөд гагцхүү яагаад түүнийг дэмжих буюу сонгох учир шалтгаан, үндэслэлийн талаар л ярих ёстой. Ингэвэл илүү бүтээлч мэтгэлцээн өрнөнө.
 
Биесээ илүү ойлгож, хүндэтгэж, хайрладаг, уучилдаг уужим сэтгэлтэй болно. 
Нэр дэвшсэн хүмүүсийн танилцуулга, мэдээллийг тухайн Сонгуулийг зохион байгуулж буй байгууллага, албан тушаалтан нэгтгэж хэвлэх буюу нэг багц болгон хүргэх бөгөөд гишүүд, дэмжигчидтэй уулзах, ярих зэрэг сонгуультай холбоотой бүхий л арга хэмжээнд адил тэгш хандах зарчмыг чанд баримтлах нь чухал.
Сонгогдож чадаагүй буюу цөөн санал авсан нэр дэвшигч намын эв нэгдлийн эсрэг үйлдэл, эс үйлдэл гаргахыг хориглоно. Нэр дэвшигчид сонгуульд оролцохоосоо өмнө Сонгуулийн дүнг хүндэтгэж, олонхийн дэмжлэг авсан хүнээ дэмжиж ажиллахаа илэрхийлсэн андгай бичигт гарын үсэг зурна.
 
Сонгуулийн санал хураах, тоолох
 
АН-ын даргын сонгууль зарласнаас хойш 14 хоногийн дотор АН-ын гишүүн хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй байх бөгөөд АН-ын даргыг сонгох санал хураалтыг сум, баг, хороо бүрт явуулна. Аймаг, Дүүргийн саналын нийт дүнг УИХ-ын сонгуулийн мандаттай нь хувь тэнцүүлсэн коэфицент оноогоор тооцно. Ингэснээр 2000 оны сунгааны алдаанаас зайлсхийнэ. 
 
АН-ын дарга болон Их Хуралдай, Аймаг, Нийслэлийн АН-ын чуулганы төлөөлөгчийг сонгох санал хураалтыг нэгэн зэрэг явуулж болно. Санал хураалтыг сонгуулийн хугацаа дуусахаас өмнөх 10 хоногт улсын хэмжээнд өөр өөр өдөр зохион байгуулж болох боловч тухайн аймаг болон дүүрэгт нэг өдөр  санал хураалт явуулна.
 
Намын санхүүжилт
АН-ын санхүүжилт намын гишүүд, дэмжигчдийн татвар, хандиваас бүрдэнэ.
АН-ын ИХ-н төлөөлөгч, ГЗ-ийн гишүүд АН-д сар бүр татвар буюу хандив төлнө. Татвар хандивын хэмжээг ИХ тогтооно. АН-ын болон УИХ, орон нутгийн ИТХ-д, нэр дэвшигчид сонгуулийн зардлаа өөрсдөө босгох зарчим мөрдөнө. 
АН-ыг дэмжигч хандивлагчдын бүртгэл хөтөлнө.
АН-ын Дарга намын санхүүжилт, зарлагын тайлангаа жил бүр ИХ-д тайлагнана.
Бүгдээрэ хэлэлцвэл буруугүй...
Олны санаа оломгүй далай гэдэг. Ийм учраас АН-ын гишүүдээсээ асууя, гишүүдээ сонсоё, гишүүдээрээ шийдүүлдэг болцгооё. 
Та санал бодлоо tsagaandp@gmail.com цахим шуудангаар ирүүлнэ үү.
 
Пунцагийн Цагаан