богино мэдээ New

Хийгдэж амжаагүй 10 суут бүтээл

Стэнли Кубрикийн “Наполеон” (Napoleon) Хийгдэж байсан нь баттай ч үзэгчдийн хүртээл болоогүй ямар киног бүрэн хийгдсэн болоосой гэж боддог вэ гэж киноны хорхойтнууд болон энэ салбарын мэргэжилтнүүдээс асуувал олонх нь “Наполеон” киног нэрлэх болов уу. Английн нэрт найруулагч Стэнли Кубрик Францын эзэн хааныг олон жил судалж, “2001: Сансрын аялал” киноныхаа араас түүний тухай түүхэн кино хийхээр төлөвлөж байв..

everyday.mn 

Стэнли Кубрикийн “Наполеон” (Napoleon)

Хийгдэж байсан нь баттай ч үзэгчдийн хүртээл болоогүй ямар киног бүрэн хийгдсэн болоосой гэж боддог вэ гэж киноны хорхойтнууд болон энэ салбарын мэргэжилтнүүдээс асуувал олонх нь “Наполеон” киног нэрлэх болов уу. Английн нэрт найруулагч Стэнли Кубрик Францын эзэн хааныг олон жил судалж, “2001: Сансрын аялал” киноныхаа араас түүний тухай түүхэн кино хийхээр төлөвлөж байв. Бүр Оскар Вернерийг Наполеонд, Одри Хепбёрнийг Жозефинад тоглуулахаар сонгоод байжээ. Гэтэл эл нүсэр ажлын төсөв зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул “МGM” студийнхэн арга буюу төлөвлөгөөг цуцалсан байна. Өнгөрсөн жил Францын “Canal+” телевизэд өгсөн ярилцлагадаа найруулагч Стивен Спилберг “Наполеон”-ыг Кубрикийн хамгийн суут бүтээл болох байсан хэмээгээд түүний гүйцэлдүүлж амжаагүйг телевизийн кино болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Спилберг саяхан найруулагч Баз Лурманд “Наполеон”-ыг найруулах санал тавьжээ.

 

Альферд Хичкокийн “Калейдоскоп” (Kaleidoscope)



Микеланжело Антонионигийн тэрс үзэлт “400 ташуур”-ыг 1966 онд үзээд Альфред Хичкок өөрийнхөө бүтээлүүдийг цаг үеэсээ хоцорчихож хэмээн голсон гэдэг. Тиймээс өөрийгөө болон үзэгчдээ алмайруулахаар хүчирхийлэл, нүцгэн хүмүүс, ижил хүйстнүүдийн эрээ цээргүй явдлаар дүүрэн кино хийхээр төлөвлөжээ. Хүн амины гурван ч хэргийн эргэн тойронд өрнөх үйл явдалтай “Калейдоскоп”-ын зардлыг Хичкок сая ам.долларт багтаана гэсэн ч “MCA/Universal” студи юу ч харуулж мэдэх “Калейдоскоп”-оос татгалзсан байна. Энэ кинонд ашиглахаар төлөвлөж байсан хэд хэдэн санаагаа Хичкок 1972 оны “Солиорол” кинондоо ашигласан гэдэг.

Сержио Леонегийн “Ленинградын 900 хоног” (Leningrad: The 900 Days)



Италийн найруулагч Сержио Леоне 1984 онд “Америкт нэгэн удаа” киногоо хийж дуусаад дайны тухай туульсын кино бүтээхээр зорьж байв. Тэрбээр дэлхийн II дайны үеийн дорнод фронтын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн, түүхч Хариссон Салисбюригийн “Ленинградын бүслэлтийн 900 хоног” номноос хэдэн жил салаагүй гэдэг. Киноны гол дүр болох америк гэрэл зурагчинд Роберт Де Ниро тоглох байлаа. Леоне 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтаа баталгаажуулж, Зөвлөлт засагтай хүртэл хамтран ажиллахаар тохиролцоод байв. Мөн киноныхоо хөгжмийн зохиолчоор байнгын хамтрагч, домогт Эннио Морриконег сонгоод байжээ. Гэвч найруулагч 1989 онд 60 настайдаа зүрхний шигдээсээр өөд болж, олон жил бодож төлөвлөсөн киногоо бүтээж чадаагүй байна.

Лукино Висконтийн “Алдагдсан цагийн эрэлд” (In Search of Lost Time)


Уран зохиолын нэр хүндтэй, асар том өв рүү "халдаж", дэлгэцийн бүтээл болгох нь Лукино Висконтийн хувьд шинэ зүйл биш байв. Жузеппе ди Лампедузагийн романаас сэдэвлэн 1963 онд  түүний бүтээсэн “Ирвэс” кино гэхэд л гурван цаг, хагас хэртэй үргэлжилдэг. Гэсэн ч долоон дэвтэр бүхий, Марсель Прүстийн “Алдагдсан цагийн эрэлд” романаар кино хийнэ гэдэг Висконти шиг хүнд ч ахадсан ажил байлаа. Тэрбээр 1960-аад оны дундуур Парис, Нормандид амьдарч, дөрвөн цаг үргэлжлэх сод бүтээлээ кадр кадраар нь төлөвлөж байж. Гэвч түүнд санхүүжилт олдоогүйн дээр дэндүү ярвигтай зохиолоор бүтэх дэндүү урт кинонд нь хамтран ажиллах зоригтой хүн цөөн байжээ. XX зууны хамгийн чухал роман, өнөөг хүртэлх хугацаанд бичигдсэн бүх л зохиол бүтээлээс утга зохиолын хамгийн сод туурвил гэгддэг “Алдагдсан цагийн эрэлд”-ээр 1970-аад онд Америкийн найруулагч Жозеф Лоузи мөн кино хийхийг оролдсон ч бас л бүтэлгүйтсэн юм.

Орсон Уэллсийн “Харанхуйн зүрх” (Heart of Darkness)



1938 онд богино долгионоор цацагдсан “Ертөнц хоорондын дайн” радио жүжиг нь амжилттай болсонтой холбогдуулж “RKO Pictures” кино компани Орсон Уэллст дэлгэцийн бүрэн хэмжээний хоёр ч бүтээл хийх саналыг 1940 онд тавьжээ. Кино түүхчид үүнийг кино урлагийн түүхэн дэх хамгийн сайхан санал гэж үздэг. Залуу Уэллсийг компаниас төсөвлөсөн мөнгөн дүнгээс зардлаа хэтрүүлэхгүй л бол хүссэнээ хийж болохыг “RKO Pictures”-ийнхэн зөвшөөрсөн гэдэг. Эхний киноныхоо зохиолоор Уэллс Жозеф Конрадын “Харанхуйн зүрх” романыг сонгож, өөрөө өгүүлэгч Марлоугийн дүрд тоглохоор төлөвлөж байлаа. Өгүүлэгч камерын үүрэг гүйцэтгэх тул Марлоуг үзэгчид харахгүй, камер эгээ л хүн шиг хөдөлнө гэж тэрбээр тооцоолсон ч энэ арга тухайн үедээ ихээхэн өртөгтэй тусах байсан тул Уэллс оронд нь “Иргэн Кейн”-ээ бүтээжээ. Өдгөө энэ кино бүх цаг үеийн хамгийн шилдэг кино гэгддэг билээ.

Орсон Уэллсийн “Дон Кихот” (Don Quixote)



“Харанхуйн зүрх”-ээс гадна Есүс Христийн амьдралаар кино хийх төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний дараа Уэллс Мигель де Сервантесийн алдарт “Дон Кихот” романы дэлгэцийн хувилбарыг бүтээхээр ажиллаж байв. Фрэнк Синатрагаас эхлээд хөрөнгө мөнгөтэй, нэр хүндтэй олон найз нь түүнд тусалсан ч Уэллсийн “Дон Кихот” үзэгчдэд хүрэхэд дэндүү өртөгтэй байжээ. Киноны зураг авалт эхлээд байсан бөгөөд дутуу орхисон хэсгүүдийнх нь хальс одоо Америкийн кино академийн сан хөмрөгт хадгалагддаг байна.


Терри Гиллиамын “Дон Кихотыг хөнөөсөн эр” (The Man Who Killed Don Quixote)



Английн найруулагч Терри Гиллиам 1998 онд хийж эхэлсэн ч гүйцээж чадаагүй “Дон Кихотыг хөнөөсөн эр” киногоороо Сервантесийн зохиолыг дэлгэцнээ амилуулах нь амаргүй ажил гэдгийг  дахин баталжээ. Киноны гол дүр болох эдүгээ цагийн худалдааны салбарт ажилладаг жирийн албан хаагч (Жонни Депп) Дон Кихотын эрин үед санамсаргүй очиж, Кихот ноён (Францын жүжигчин Жан Рошфор) түүнийг илдэч Санчогоо гэж андуурснаар тэдний адал явдал эхлэх учиртай байв. Гэвч 2000 оны зун зураг авалт эхлээд удаагүй байхад Рошфорын бие чилээрхэж, санхүүжилт нь мөн тасарсан тул киноны ажил бүхэлдээ зогссон аж. Найруулагч Гиллиам 2010 онд Кихот ноёнд Роберт Дюваллыг, Санчод Эван МакГрегорыг тоглуулахаар дахин Сервантесийн номыг шүүрсэн ч бас л болж өгсөнгүй. Гэхдээ найруулагч шантраагүй бөгөөд “Дон Кихотыг хөнөөсөн эр”-ээ дэлгэцнээ тавихаар энэ оны сүүлээр дахин ажиллаж эхлэх сурагтай.

Теренс Маликийн “Киноны хорхойтон” (The Moviegoer)



1978 онд дэлгэцнээ гарсан “Хурмастын өдрүүд” киногоороо алдаршсан Теренс Малик гэнэт олдсон алдар нэрээсээ зугтаж, төрөлх Америкаа орхин хэсэг хугацаанд Парист амьдарч байхдаа буюу 1980-аад онд хэд хэдэн кино хийхээр төлөвлөөд байлаа. Тэдний нэг нь Уокер Персигийн “Киноны хорхойтон” романаас сэдэвлэсэн кино байж. Кино үзэж, ном уншсаар гэр бүл, ажил албанаасаа хөндийрсөн, ахуй амьдралын бодит байдлаас алдуурсан эрийн тухай өгүүлэх уг зохиол Маликийн төлөвлөсний дагуу кино болоогүй ч найруулагч “Киноны хорхойтон”-д ашиглах гэж байсан зарим санаагаа 2011 оны “Амьдралын мод” кинондоо ашиглажээ.

Дэвид Линчийн “Ронни Рокет” (Ronnie Rocket)


Линчийн 1977 оны бүтээл “Баллууран толгойт” асар их амжилт олсон тул Америкийн найруулагч, продюсер Мел Брүкс, Стюарт Корнфильд нар өөрсдөд нь сайн бүтээл хийж өгөхийг Линчээс хүссэн байна. Америк киноны сэргэн мандалтын эцэг гэгддэг Линч өндрөөрөө метр хүрэхтэй үгүй Ронни хэмээх тарваган хүү хэрхэн рок од болдог тухай “Ронни Рокет” хэмээх киногоор тэдэнд хариу барихаар төлөвлөсөн ч ийм өрнөлтэй кино яагаад ч арилжааны ашиг авчрахааргүй байв. Линч удалгүй продюсерүүдтэйгээ санал нийлж, оронд нь алдарт “Хүн заан”-аа бүтээсэн байна. Гэхдээ “Ронни Рокет”-т харуулах байсан хувь хүний өөрийгөө таньж мэдэх гэсэн оролдлого, дотоод эрэлхийллийн тухай санаануудаа Линч “Ихэр оргил”, “Алдагдсан зам”, “Малхолландын зам” зэрэг дараагийн бүтээлүүддээ тусгажээ.


Сергей Эйзенштейний “Америкийн эмгэнэлт явдал” (An American Tragedy)


Зөвлөлт засаг Сергей Эйзенштейнийг тухайн үедээ хүнд шийтгэл адил сонсогдох “формалист” хэмээх үгээр цоллож, ялладаг байв. Тиймээс Эйзенштейн 1920-иод оны сүүлчээр баруун Европыг зорьж, удалгүй Холлливудад хүрчээ. “Парамаунт” кино компани орос найруулагчийн бүтээлүүдийг ихэд үнэлсэн тул 1930 оны дөрөвдүгээр сард түүнд 100 мянган ам.доллар санал болгож, Теодор Драйзерийн “Америкийн эмгэнэлт явдал” романаар кино хийж өгөхийг хүссэн байна. Гэвч зургаан сарын дараа Эйзенштейний танилцуулсан, уг зохиолоос сэдэвлэсэн кино зохиол нь “Парамаунт”-ынханд дэндүү хар бараан санагдсан тул гэрээг цуцалж, Эйзенштейнд Москва хүрэх замын зардлыг нь өгсөн гэдэг.