богино мэдээ New

Хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдээгүй байна

Хичээлийн шинэ жилийг угтаж худалдаачид, үндэсний үйлдвэрлэгчид хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг задгай талбайд эхлүүлжээ..

Хичээлийн шинэ жилийг угтаж худалдаачид, үндэсний үйлдвэрлэгчид хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг задгай талбайд эхлүүлжээ. Наймдугаар сарын 20-д уг үзэсгэлэн худалдаа эхэлсэн ч  хүүхдийнхээ цүнх, дэвтэр, харандаа, балны үнийг сонирхох аав ээж олон ч, авах нь  ховорхон л байна.Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад худалдан авалт муу байна гэж худалдаа эрхлэгчсд ярьлаа. Тэд Монгол төгрөгтэй харьцах юанийн ханш 2015 оныхоос  чангарсан ч сурагчдын дэвтэр, бал, харандаа, дүрэмт хувцасны үнэд өөрчлөлт гараагүйг онцолсон юм.

 “Худалдаачид 12-96 хуудастай дэвтэрийнхээ үнийг есдүгээр сарын 1  ойртох тусам бууруулдаг. Иймээс дэвтрээс ашиг олно гэж байдаггүй. Аль болох бөөний үнээр хямдхан, алдагдалгүй зарахыг хичээдэг. Будгийн харандаа, пламастр, үзгэн балаасаа л ашиг харж гадаа зогсч байна” хэмээн ярих иргэд үзэсгэлэн худалдаа дунд хэд хэд байлаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж сургуулиуд нэгдүгээр ангид элссэн сурагчиддаа “Улаанбаатар принт“ компанийн дэвтэрийг сонгохыг зөвлөдөг. Тус компанийн 12-96 хуудастай дэвтрийн энэ жил зарлаж тогтоосон үнэ 190-1300  төгрөгийн хооронд байна. Бусад импортын дэвтрийн тухайд 140-1500 төгрөг хүртэлх үнэтэй байлаа.

Харин дүрэмт хувцасны дундаж үнэ эрэгтэй хүүхдийнх 80400 төгрөг, зөвхөн срочкон цамц нь бага, дунд, ахлах ангиасаа хамаараад 15-19 мянган төгрөгийн ханштай байгаа юм. Эмэгтэй сурагчдын дунд эрэлт ихтэй цагаан трико 10-15 мянган төгрөгийн үнэтэй байна.

 Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлсэн. Иймээс эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүдийнхээ бэлтгэлийг хараахан эхлээгүй байгаа юм. Учир нь тухайн цэцэрлэгээс хүүхэд сурахад шаардлагатай хичээлийн хэрэгслийн жагсаалтыг бичиж өгдөг юм. Цэцэрлэгийнхний хамгийн их ашигладаг өнгийн харандаа 1500-5000 төгрөг, цаасны цавуу 500-1500 төгрөг, өнгийн цаас 500 төгрөгөөс эхэлж байна. Харин сурагчдын түгээмэл ашигладаг үзгэн бал 300-1000 төгрөгийн сонголттой зарагдаж байлаа.

www.news.mn