богино мэдээ New

М.Саруул-Эрдэнэ: “Ангийн багш Гооёо”

Ингээд манайхан 20 жилийнхээ ойг тэмдэглэхээр тохиролцов. Ойг тэмдэглэх хамгийн гол шалтгаан бол биднийг дөнгөж төгсгөөд л тэтгэвэртээ гарсан, 60 настай суусан гэж бодохоор өдгөө 80 наслаад буй ангийн багш маань билээ..

Хайрлаж явдаг сайхан багш нар минь – Хоёр
(Багш нарын баярт зориулсан цуврал)

МУБИС-ийн МоСС-ийн багш доктор М.Саруул-Эрдэнийн 2010 оны зургаадугаар сарын 18-нд ehhelbichig.wordpress.com цахим хуудаст нийтэлсэн энэхүү хөрөг нийтлэлийг эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна. 

2009 оны намар, нутгаасаа гараад яг 7 жил болсныхоо дараа тэнүүлч хүү миний бие төрсөн газраа очмогцоо анхлан уулзсан андууд маань арван жилийн нэг ангийнхан байлаа. Дөчүүлээ бид дөчин нэртэй, дөчүүлээ бид дөчин гэртэй, дөчүүлээ яг хорин жилийн өмнө, дөчүүлээ дөнгөж 18 насандаа ардчиллын салхийг сурагчийн цүнхтэй, аравдугаар анги руугаа үүрч орж байсан юм аа. Ингээд манайхан 20 жилийнхээ ойг тэмдэглэхээр тохиролцов. Ойг тэмдэглэх хамгийн гол шалтгаан бол биднийг дөнгөж төгсгөөд л тэтгэвэртээ гарсан, 60 настай суусан гэж бодохоор өдгөө 80 наслаад буй ангийн багш маань билээ.

Асуудал амархан шийдэгдэнэ гэж жигтэйхэн. Батбаярын бааранд сууж ярилцаад л, Тулгабадрахын амралтанд явахаар болов. (дараа жил очиход зарим нэг нь дэлгүүр, зарим нь рестораны эзэд болсон байгаарай ) Явах өдрийн өглөө Эрдэнэцэцэг яваад багшийг авчирлаа. Машинаас монгол дээлтэй, жижигхээн өвөө бууж ирсэн нь бидэнд монгол хэл уран зохиолын хичээл зааж, гадаадын болоод Монголын эртний гайхамшигт утга зохиолтой танилцуулсан ангийн багш маань байв.

“Жилээс жилдээ жижгэрсэн, жижигхэн буурал багш минь…”

80 настай багш заримыг маань бүр хорин жил хараагүй атлаа шууд таньж байна. Ангийнхан маань амралтанд очоод уламжлал ёсоороо эрэгтэй эмэгтэйгүй холилдон, Герман, Аргентин болоод хөлбөмбөг тоглосон, багш үзээд л инээгээд суух. Уулын бэлд машинаар хүрээд дээшээ овоо руу алхсан, ангийн маань хоёр хөвгүүн аахилаад замдаа модны сүүдэрт суугаад хоцорсон, багш харин төвөггүйхэн алхаж овоонд хүрчхээд нар зөв гурав тойрч байна. Эргээд буухдаа нөгөө хоёр хөвгүүнээ ичээд үхэж байгаа бол уу гэсэн, инээгээд хэвтэж байх. Бүр юм задалчихсан, айн… Уулын уруу өнхөрүүлчилтэй билээ…

Багш зохиол ярьж өгнө гэж гайхамшигтай. Хамгийн анх бидэнд Илиада, Одиссейг ярьж өгсөн юм. Эртний Грекийн сонгодог зохиол дотор умбаж явахад 45 минут гэдэг дэндүү хурдан өнгөрнө. Сүүлд би Илиада Одиссейг хүүхдэд зориулан хялбаршуулснаар орос, англи хэлээр нэлээд хэд уншсан, “Илиадаг тэр дахин ярьсан нь” гэсэн маягтай хувилбарууд маш олон байдаг юм. Аль нь ч Гооёо багшийнхыг гүйцэхгүй. Санаа аваад Монголын Нууц Товчоог хялбаршуулж хийж үзсэн, багшийн ярьдаг шиг тийм амттай болж чадаагүй.

Тарас Бульба, Ахмадын охиныг тархинд ортол тайлбарлан ярьсан. Харин Монголын эртний утга зохиол, өнөө гурван оргилыг албаар нэлээд ухаан суусан хойно маань ярихаар хадгалж байсан байх, 8-р ангиас хойш Гэсэр, Жангар, Монголын Нууц Товчоо гэсэн дарааллаар нэг бус удаа сэтгэлд шингэтэл ярьж өгч билээ.

Багш конспект, хувийн тэмдэглэл зэргээ дан монгол бичгээр хөтөлнө. Монгол бичиг нийтээр сурч эхлээгүй байсан тэр үед тэр нь үнэхээр содон санагддаг байж билээ. Хожим харин дунд сургуульд монгол бичиг албан ёсоор зааж эхлэхэд бэлэн бичигтэй хүн нь ганц манай багш байв. Монгол бичгээр анх амласан болохоороо эртний уран зохиолд тийм элэгтэй ханддаг байсан юм болов уу даа.

Гомбосүрэн багш Ринчен гуайг бидэнд анх таниулсан хүн. Өөрөө хэл соёлдоо элэгтэй багш учраас Ри багшийн тухай олны дунд тархсан явдлуудыг нэгд нэгэнгүй ярьж өгдөг сөн. Хүүхдүүд гэж гололгүй бүр 5, 6-р ангид л байхын л ярьж эхэлсэн, тэр үед уг нь бас чиг тэгж хамаагүй ярьж болдоггүй л байсан үе. Ардчиллаас хойш Ри багшийн тэр бүх явдал ном болж хэвлэгдээд, хүн бүр ярьсаар нэг их сонин зүйл биш болсон байх, харин тухайн үедээ бол үеийнхэн дотроо манай ангийнхнаас өөр сонссон хүн цөөхөн, гэртээ ирээд л гайхуулан ярьдаг байж билээ. Бодоод байхад тэр бүх үүх түүх бидний ертөнцийг үзэх үзэл, хэл соёлын талаарх санаа бодолд маань нөлөөгөө үлдээжээ.

Хүүхэд хүмүүжүүлэх, сургах арга нь харин учиргүй магтах юм биш, нэлээд хуучинсаг. Хэрэг тарьсан хүүхдүүдийг ангид түгжээд яваад өгнө. Ангиараа ямар нэг хэрэгт орвол бүгдээр зэрэг санаа гаргана гэж байхгүй, толгойлогчийг нь олно хэмээн үнэнээсээ хичээнэ. Үймүүлдэг болохоор намайг анги дахь буруу тийш уруу татагч толгойлогчдын нэг лавтайяа  мөн гэж боддог байв. Нэг муу хүүхдээ дандаа муухан дүгнэнэ. Үсээ засуул гэж хоёр гурав шаардаад болохгүй бол шууд өөрөө хайчлаад хаяна. Энхтуяа гэж охин нэг өдөр үсээ учиргүй сайхан ороогоод, буржийсан хөөрхөн амьтан ороод ирсэн, багш шууд шалчийтал нь норгоод, усан хулгана шиг шулуун юм болгочхож байж билээ. Алгадна, амбаардана, нударна, ёворно, угсраа олон мэхтэй багш байж дээ. Арга ч үгүй биз дээ, дэлхийн хоёрдугаар дайны үед монгол бичиг заагаад явж байсан хүн гэхээр чинь яаж ч шинэлэг байх вэ дээ. Харин ч тэр дээр үеийн хүн гэхэд фото аппараттай, пянз тоглуулагчтай, анги төгсөх бүр зураг авдаг байсан нь одоо бид бүгдийн альбомны хамгийн нандин зураг болон хадгалагдаж байна. Пянз тоглуулагчаараа дуу нь баахан дээхнийх боловч үдэшлэг зохиодог байсан гэж байгаа. Баянмонгол, Соёл Эрдэнэ тавиад л, бид тэрэнд нь бүжиглээд л… Гооёотой харьцуулахад хавьгүй залуу багш нар л лав тэгж технологи хэрэглэж байсныг санадаггүй л юм.

Хэл уран зохиолын багш юм болохоороо толгой холбоно гэж жигтэйхэн, бүр загнахдаа хүртэл шүү дээ. Нэг удаа манай ангийнхан нууцаар 18-р сургуулийн 10-р ангийнхантай шеф болоод, нөгөөдүүлтэйгээ дискодож дискодож ирсэн, баригдчихдаг юм байна. Багш биднийг загнасан нь:
Алс холын
Ажилчны районы
Арван наймдугаар сургуулийн
Айхтар айхтар хүүхдүүдтэй нийлнэ гэнэ ээ, та нар‼‼‼‼

Багш хэчнээн хуучны арга хэрэглэдэг байсан ч дотроо ардчиллыг ихэд дэмждэг байсан болов уу гэж би одоо боддог юм. Түрүүн хэлсэн, Ринчен гуайн хамаг хориотой онигоонуудыг ярьж өгөхөөс гадна, шог зохиолч Барамсайн бас л тэр үед хаагдаад байсан “Алтан загасны үлгэр” зэрэг зохиолыг уншиж өгдөг байлаа. Ардчилал гараад жагсаал цуглаан эхлэхэд “Амардэлгэр, Түвшинбаяр гээд биерхүү хүүхдүүд нь тэнд оч, Юу ярихыг нь сонсоод ангийнхандаа ярьж өг, бусад нь хэрэггүй” гэж байсан сан. Хөөрхий, мань мэтийн жижигхэн туранхай амьтдыг гэмтчих вий гэж санаа зовсон атлаа, тэнд юу болж байгаагаас хоцроочихгүйг бас бодож байсан байгаа биз?

Цуглаан гэснээс өдгөө Швейцарьт байгаа манай ангийн Ш. Эрдэнэбат гэж хүү бид хоёр тэр үед нэгийг нь ч таслалгүй идэвхтэйеэ жагсдаг байлаа. Нэг удаа Эрдэнэбат аавтайгаа (аав нь Сувилагчийн сургуулийн багш, бөхийн засуул асан Шагцрай) хамт ирнэ гэчхээд болзсон цагаасаа учиргүй хоцордог юм байна. Тэгсэн, аав хүү хоёр ардчиллынх, ээж нь Ху намынх байж, ээж нь нөгөө хоёрыгоо явна гэж мэдээд аавынх нь гутлыг нуучихсан гэнэ. Шагцрай багш өөрөө явж чадахгүй болоод Эрдэнэбатыг “Миний хүү явж ирээд аавдаа ярьж өгөөрэй” гэсэн гэдэг.

Миний өдий зэрэгтэй яваа минь… гэж ирээд л нэг их хэв шинжтэй ярилцлага байдаг, тийм яриаг шүүмжилдэг атлаа чухам түүнчлэн өгүүлэх аваас, өдгөө монгол хэл шинжлэлийн мэргэжлийг эзэмшин яваа маань Гооёо багштай шууд холбоотой билээ. 1990 оны конкурс амьдралын минь замыг тодорхойлж өгсөн гэж хэлж болно. Тэр жил Улсын Багшийн Дээд Сургуулийн Монгол хэл-Уран зохиолын ангид ганцхан хуваарь дээр 150 сурагч өрсөлдсөн юм. Анх удаа улаан шугам гэж татаагүй, сурлага хамаагүй, хүссэн бүхэн конкурсанд орж болох дүрэм гарсан учраас тийм олон сурагч бүртгүүлсэн нь тэр. Суурь шалгалтын хамгийн чухал 1-р асуулт нь багшийн маань өнөөх тархинд ортол ярьж өгдөг асан Монголын эртний уран зохиолын гурван оргилын нэг “Жангар” байлаа. Тахь зул хааны үлдэл, Тансаг Бумба хааны ач, Үйзэн алдар хааны хүү Үеийн өнчин Жангарын тууж бол… гээд л явж өгсөн, тэр ганцхан хуваарийг нь шүүрчихсэн л юм даа.

Жагаа ахын гэгэлгэн нэг сайхан дуунд “Өтлөх тусмаа сэтгэл нялхарч, бусдын гэмийг уучлах болно оо” гэж дуулдагчлан гэнэн сурагч ахуйдаа Гооёо багшдаа загнуулж байхдаа бараг л ангиараа шахам дургүй, хэдүүлээ нийлж аваад л муулдаг байсан, Хонхны баяраар “Дурсамж хичээл” заалгах мөчөөсөө эхлээд л багшийгаа сая таньж, бидний л төлөө тэгж явсныг нь бага багаар ойлгосоор, өдгөө хорин жилийн өндөрлөгөөс харахад уурласан, загнасан бүхэн нь бүдгэрэн мартагдаж, ухааруулсан, сэхээрүүлсэн бүхэн нь тодоос тод хоцорчээ.

25, 30 жилийн ой гэж манай ангийнхан ахиад хийнэ ээ багш аа, томоогүй хэдэн шавьтайгаа дахиад хамтдаа тэмдэглээрэй.

Алс холын Америк нутгаас Саруул гэж сахилгагүй шавь тань мэндчиллээ. Ай даа, үйлийг тань мөн ч үзэж, нервийг чинь үнэхээр их бардаг сан. Би энэ хүүхдийг яах вэ, алах ихдээд алгадах багадаад байх юм гээд толгойгоо сэгсрээд сууж байдаг сан… Уучлал гуйхад оройтсон болов уу, яасан бол?

Ангийн багш тандаа багш нарын баярын мэндийг хүргэе. Бас 6-р сургуульд багшилж байсан хийгээд одоо багшилж буй сурган хүмүүжүүлэгчдэдээ алсаас мэндийг тань эрэхийн ялдар баярын мэнд дэвшүүлье. Хэт олон бичиж, хэлсээр байж залхаачихсан болохоос биш уг нь ч багш гэдэг нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гэж үнэн шүү.

Мягмарын Саруул-Эрдэнэ (Вашингтон хот)