богино мэдээ New

Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагууд цахим мэдээлэл солилцох боломж бүрдэж байна

Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны Гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр.

2016 оны 6 сарын 28

БНУзбУ-ын Ташкент хотноо энэ сарын 23-ны өдөр ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалт боллоо. Уг уулзалтын хүрээнд “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны Гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр”-т манай улсынГТЕГ-ын дарга С.Пүрэв, ОХУ-ын Холбооны Гаалийн албаны дарга А.Ю.Бельянинов, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Гуанжоу нар гарын үсэг зурсан юм.

  Тус хэлэлцээр байгуулснаар МУ-ОХУ-БНХАУ хооронд тээвэрлэж байгаа зарим нэр төрлийн барааны мэдээллийг Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагууд хоорондоо цахим байдлаар солилцох, дамжуулах боломж бүрдэж байна. Түүнчлэн Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд БНХАУ-аас ОХУ-д, ОХУ-аас БНХАУ-д дамжин өнгөрөх барааг саадгүй, түргэн шуурхай тээвэрлэх таатай нөхцөл байдал бий болох юм.
     Ташкент хотноо 2016 оны 6-р сарын 24-ны өдөр ГТЕГ-ын дарга С.Пүрэв, БНУзбУ-ын Гаалийн улсын хорооны дарга, ноён З.А.Дусановтой уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх зорилгоор Монгол-Узбекийн гаалийн байгууллагуудын хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах асуудлаар санал солилцож, ноён З.А.Дусановыг тааламжтай цагтаа Монгол улсад айлчлахыг урив.
    Мөн хөтөлбөрийн дагуу ГТЕГ-ын дарга С.Пүрэв 2016 оны 6-р сарын 23-ны өдөр ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга А.Ю.Бельяниновтой уулзаж, Монгол-Оросын хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар санал солилцов. Тус уулзалтын үеэр оросын талаас техник туслалцааны хүрээнд Монголын гааль, татварын байгууллагад “Нива” маркийн 7 ширхэг суудлын машин бэлэглэх болсон тухай албан ёсоор мэдээлэв. 
 БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоутай хийсэн хоёр талт уулзалтаар монгол-хятадын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааны зарим асуудлаар харилцан санал солилцохын сацуу “МУ-ын ГТЕГ, БНХАУ-ын ГЕГ хоорондын стратегийн хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанчжоугийн 2016 оны 7-р сарын 11-15-ны өдрүүдэд Монгол Улсад хийх айлчлалын үеэр гарын үсэг зурах бэлтгэл хангахыг Талууд чухалчлан үзэв.