богино мэдээ New

Мартаж үл болох 20 жилийн өмнөх өдөр

Монголын тасарч асан олимпын медалийн буухиа үргэлжиллээ. Нөгөөтэйгүүр тэр Эрдэнэтийн “Хангарьд”-аас төрсөн анхны олимпын медальтан. .

Тоймч Л.Баатархүү

         Одоогоос 20 жилийн тэртээ Монголын төрийн далбаа Атлантагийн тэнгэрт мандаж байв. Ядруухан улсын нэгэн хүү жудо бөхийн 60 кг-ийн жинд үнэндээ цойлсон юм. Тэр бол Доржпаламын Нармандах. 1990 он гарснаас хойш монголчууд олимпод тун тааруухан оролцоцгоож байлаа. Бараг ганзага хоосон. Харин АНУ-ын Атланта хотод болсон эл олимпоор Д.Нармандах хүрэл медаль хүртсэн нь монгол хүн бүрийн магнайг тэнийлгэсэн түүхэнд бас нэгэн гайхалтай үйл явдал болсон нь тэр. Магадгүй өнөөгийн залуус “Алт биш дээ, юунд нь ингэж дөвийлгөсөн юм” гэж ундууцах байх. Гэхдээ 1996 оны долоодугаар сарын 26-нд хүртсэн Нараагийн хүрэл медаль алтын дайтай байсан гэдэг. Яагаад гэвэл олимпын медалийн барааг монголчууд бараг харахаа болих нь гэж сэтгэл гонсойж байхад нь авчирсан болохоор тэр. Бас барилдаан, ялалт болгон нь жинхэнэ жудо, жинхэнэ ялалт байсан болохоор тэр.

Энэ олимпод Д.Нармандах гавьяат эхний тойрогтоо Пуэрто-Рикогийн Мендесийг, дараагийн тойрогт Их Британийн Донахьюг коко, Узбекстаны Мухтаровыг цэвэр ялж хагас шигшээд шалгарав. Харамсалтай нь хагас шигшээд Японы Тадахиро Номурад цэвэр ялагдлаа. Номурагийн хувьд энэ наадамд түрүүлсэн байдаг. Гэхдээ манай хүнд хүрэл медалийн төлөөх барилдаан бий. Энэ барилдаанд мань эр Беларусийн Багировыг 2:40 секундэд илт илүүрхэж цэвэр ялснаар ийнхүү Монголын тасарч асан олимпын медалийн буухиа үргэлжиллээ. Нөгөөтэйгүүр тэр Эрдэнэтийн “Хангарьд”-аас төрсөн анхны олимпын медальтан. Одоо Нараа гавьяат тус спорт хорооны дэд даргаар ажиллаж байна. Товчхондоо 20 жилийн өмнөх үнэ цэнэтэй ялалт, үнэ цэнэтэй хүрэл медаль тэр өдрийг мартаж үл болох юм.

Хүрэл медалийн төлөөх ялалтын уран мэхийг хүргэж байна.