Хүйн холбоотой хүйсийн найман нуур дундарсаар байна


2016-07-18 14:20:57 5

Одоогоос гурван жилийн өмнө Үндэсний өдөр тутмын Улс төрийн тойм сонинд нийтэлж байсан энэхүү сурвалжлагаа уншигчдынхаа хүсэлтээр дахин хүргэж байна. 

Тойм Л.Баатархүү

“Шурангын цохион дээгүүр чулуу давуулсан хүний хүсэл биелдэг. Түмэн хоньтой болдог” хэмээн нутгийн зон олон ам дамжин ярих аж. Мөн монгол нутгийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн Хүйсийн Найман нуур гээд сайхан байгаль энэ нутагт бий. Эрт үед эл сумын нутгийн хойд хэсгийн ихэнх уулс нь галт уул байсан гэж учир мэдэх нь өгүүлэх юм. Хожмоо Шурангын хөндий нутгийн ноёд, түшмэдийн зуслангийн газар ч болсон гэх.

Өвөрхангай аймгийн Уянга сумын сайхан хангайд зуныхаа амралтын хэд хоногийг өнгөрүүлэхээр сэтгүүлч миний бие долоодугаар сарын 19-нд хүлгийн жолоо заллаа. Одоогоос нэг сарын өмнө тус аймгийг зорьж байхад газрын өнгө нэлээд гандуухан, хур бороо багатай өнгө муутай байсан санагдана. Харин одоо л жинхэнэ зуншлага эхэлж байгаа гэлтэй зам дагуу өвс, ногоо сайхан ургажээ. Замын ойролцоо идээшилж буй мал тарга хүчээ ч овоо авч байна уу гэмээр үзэгдэнэ. Эртнээс нааш хүчит бөх, уран гартан, хурдан морь, сайхан байгалиараа алдартай энэ нутгийн хангайд ирэх жуулчид ч сүүлийн жилүүдэд олширч буйг нутгийн иргэд ярьж байна. Нийслэлээс Өвөрхангайн төв хүртэл 430 километр зам туулдаг. Уг нь бусад аймгуудыг бодвол замын бартаа, саад бага, унаж яваа машинд ч халгаа багатай гэж хүмүүс ярьдаг байсан цаг саяхан. Харамсалтай нь тийм сайхан зам үгүй болж. Жаахан хурдлах гэхээр автомашины хамаг эд анги эвдэх шахам цөмөрсөн энхэл гонхол болсон байна. Уг нь энэ жил тус аймгийн чиглэлийн хатуу хучилттай 70 километр замд их засвар хийхээр гүйцэтгэгч компани нь ажилдаа орж, хөрсөө хуулсан байв. Гэвч үлдсэн хэсэг нь дахиад л нугачаа, нүх. Ингэж 50, 60 километр цагийн хурдтай явсаар арай гэж аймгийн төвд ирнэ.

БҮРЭНХИЙД КАЛИБРИАР БООХОЙ УНАГАЖЭЭ

      Өвөрхангай аймгийн төвөөс 60 километрийн зайд байрлах Уянга сумын төвөөр дамжин цааш 20 гаруй километр явсаар Шурангын хөндийд ирлээ. Найман нуурын давааны энгэрээс эх аван урсах уг хөндийн голын усны түвшин бороотой байгаа болохоор нэлээд ихэсчээ. Гэхдээ түвшин нь ихэссэн ч үерлээгүй тунгалаг сайхан гол урсана. Хөндийн зүүн хойд уулын энгэрт хэдэн зууны тэртээд усны урсгалаар тарсан гэмээр сэтгэгдэл төрүүлэх том том хүрэм, хэсэг хэсгээрээ бөөн орших жижиг хад тун ч элбэг аж. Нөгөөтэйгүүр дээр дурьдсанаар үнэхээр л ноёд, дээдсийн нутаг байсан гэлтэй томоохон хиргэсүүр эл хөндийн энгэр газруудад олноороо байдаг юм билээ.

Баруун талд нь анчин Ж.Гантулга

Шурангад хоёр, гурав хонож байтал хөндийн дээд аманд зусаж буй Ж.Гантулга гэх эр боохой унагасан гэх сураг дуулдав. Ёстой “Ижил тэнгэртэйд нь үзэгдэж илүү тэнгэртэйд нь алагддаг” хэмээх тэнгэрийн амьтныг төхөөрсөн гэхээр ихэд билэгшээлтэй санагдав. Газар болгоны зон олон монголчуудын тотем буюу ихэд дээдлэх амьтан чоныг өөр өөрөөр хүндлэн нэрлэдэг. Тэр уламжлал ч Уянга сумынханд бий. Эднийх саарлыг /чоныг/ хангай гэж нэрлэдэг гэнэ. Ямартай ч илүү тэнгэртэй эрийн унагасан хангайн амьтны хишиг хүртэхээр очлоо. 40 эргэм насны Жигмэдийн Гантулга гэх энэ анчин бидэнд “Орой 22:40 цагийн үед мал руу нь дайрсан боохой руу /калибрь/ буугаа чиглүүлж дал хавсран буудсан” гэлээ. Тухайн үед оносон ч гэж сайн мэдээгүй. Буудсаны дараа жаахан гийнаж байгаад хойд уулын бэлийн хажуу дахь дөрөлж /хад/-ийн зүг явсан байжээ. Харин хүүхдүүд нь “Маргааш өглөө нь боохойн явсан мөрөөр нь мөшгихөд нэг их холдоогүй унасан байхыг авч ирлээ” хэмээн ярьж байх юм.

Энэ үеэр Ж.Гантулга ах ан агнах болон өөрийн аавын тухай хүүрнэлээ.

-Миний аав Жигмид гэж сайхан анчин, уургач хүн байсан. Морь уургалахдаа бол энэ хөндийдөө л мундаг хүн байлаа. Аав маань бурхны оронд залраад 10-аад жил болж байна. Ер нь ааваасаа мал маллах, ан агнах эрдмийг өвлөсөн дөө. Миний хувьд өмнө нь олон хангай буудаж байсан. Буундаа дасчихсан болохоор ерөнхийдөө яаж буудахаа мэднэ. Ямар нэг анг дал хавсарч буюу хааных нь орчимд буудахад цааш явуулахгүй шүү. Энэ хангайг шөнө байсан болохоор бууны хараа үзэгдээгүй чиглүүлж байгаад буудчихсан чинь уушгийг нь цоолсон байна. Анд явахад нэг их хоосон ирж байсан удаагүй. Аавыгаа өөд болсноос хойш хурдан морь уясангүй. Энэ жилээс эхэлж хэдэн морь уяж байна. Удахгүй наймдугаар сарын 5-нд Шурангын багийн наадам болно. Тэр үеэр хурдлуулах санаатай. Би дөрвөн сайхан хүүтэй. Тэд маань ч моринд их хайртай.

Тэрбээр ийн хүүрнэлээ. Өмнө нь боохойн арьс битүүгээр авах, гэдэс дотрыг нь задлахыг харж байгаагүй болохоор ихэд сониучирхлаа. Учир мэдэхийнх нь хэлдгээр боохойн бараг бүх эд эрхтэн нь эм гэдэг. Бахархууштай нь Ж.Гантулга гуай ирсэн хүмүүт үнэрхэлгүй “Яаж ингэж байгаад бүгдээрээ хүртэцгээ” гэсэн нь үнэхээр гүндүүгүй, уужуу монгол хүн юм гэж магтам санагдана. Айраг авахаар ирсэн замын хүмүүс хүртэл хишгээс нь хүртэж байлаа.

Монгол нутагт заавал очиж үзэх 10 газрын нэг гэдэг Хүйсийн Найман нуурыг тольдохоор хөдөллөө. Зам даваа нь бартаа ихтэй, нэлээд өндөрлөг болохоор жолооч нарын самбааг тун ч их шалгах аж. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 километр зайд орших эл нуурын өндөр даваан дээр ирлээ. Өмнө нь Уянга сумын айлуудын авдрын хээ хийгээд, энэ үзэсгэлэнт сайхан байгалийг интернэтээс зургаар нь харж байсан болохоос биш нүдээрээ үзэж байсангүй. Давааных нь овоон дээр ирэхэд дуу алдам байгаль, нуур, эргэн тойрон дахь модос, өндөр өндөр нүцгэн уулс нүдний өмнө зурайна. Эндхийг үзсэн хүмүүсийн ярьдаг байсан “Зураг шиг газар” гэдэг нь үнэн байж. Даваан дээрх том овооны эргэн тойронд олон жижиг овоо босгосон байх юм. Хажууд яваа хүмүүсээс асуутал “Хүмүүс өөрийн дураараа чулуу овоолсон нь энэ” гэлээ.

Хүйсийн Найман нуурыг холбогдох ном зохиолд тэмдэглэснээр  “Монгол орны төв хэсэг, хангайн уулсын дунд далайн түвшнээс дээш 2400 метрт оршдог. Ихэнх хэсэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байх агаад баруун талаараа Бат-Өлзий сумтай хиллэдэг. Мөн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нэг хэсэг болдог. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан тал газраар хүрээлэгдсэн хүн ам сийрэг суурьшсан газар юм. Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Мухар, Дөрөө, Баян-Уул хэмээн нэрлэгдсэн найман нуур байх бөгөөд хоорондоо газар дор усны судлаар холбогдсон байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс гурван километр хүртэл зайтай оршдог. 2007 оны байдлаар уг нууруудын хоёр дахь том нуур Хүйсийн нуурын 10 хувь  орчим нь ширгэж, хоёр жижиг нуур нь бүрмөсөн ширгэсэн байна” гэжээ.

Бид уулын энгэр дагуулан тусгайлан зассан шороон замаар доошлон хамгийн том буюу Ширээ нуурын ойролцоо модны захад майхнаа барьцгаалаа. Нутгийн иргэдийн амнаас дуулахад шилмүүст болон Сибирийн хар мод, хушин ойтой гэнэ. Мөн саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад их байдаг гэнэ билээ. Түүнээс гадна 50 орчим төрлийн шувууд байдгаас Монголын Улаан номонд орсон цасны хажир бүргэд, бас ухаа хажир бүргэд ч бий. Нөгөөтэйгүүр “Асганы тарвагыг алж болдоггүй” гэдэг болохоор ч тэр үү, энэ хавийн асган дотор тарвага нэлээд их өсчээ.

Хаанаас нь ч харсан зураг шиг эл хэсэгт гадны жуулчдын хөл тун ч элбэг. Өдөржин морь унаж, сарлагийн шард ачаагаа хөллөсөн гадныхан байсхийгээд л хөтөл даваад ирнэ. Давааны хажууханд тэр хавийн байцаагчийн гэр байдаг бөгөөд Хүйсийн Найман нуур руу явахад нэг хүнээс 300 төгрөг авдаг аж.

Байгаль цаг уур, хүний буруутай үйл ажиллагаанаас ч болсон юмуу бүү мэд доогуураа усаар холбогдсон найман нуураас одоо гурав нь л үлдсэн гэнэ. Тодруулбал, Ширээ, Мухар, Дөрөө нуур нь устай. Бусад нь бүрмөсөн ширгэснийг нутгийнхан хэлэв. Ширээ, Мухар нуурийг уулан дээрээс харахад усны гүндээ олон хэсэгт ногоорсон гүн хэсэг үзэгдсэн. Учир нь эдгээр хэсгүүд доошоо хөлгүй гэнэ. Дашрамд дурьдахад Оросын судлаачид нуурын дунд томоохон хавцал байгааг харсан гэдэг.

УЯНГЫН ГЭР УРЛААЧИД ЦӨӨРЧЭЭ

       Монгол нутгийн хаана ч очсон “Уянгын модон гэр”-ийг андахгүй. Үүгээрээ ч алдартай, энэ сумынхан. Ой ихтэй хангай нутаг болохоор ч тэрүү эртнээс нааш монгол гэрийг чанартай, уран хийцтэй хийж тэр нь хожмоо “Уянгын” гэх брэнд болтлоо хөгжсөн гэдэг. Үнэндээ нутгийн эр хүн бүр гэр хийдэг байсан гэж нутгийнхан ярьдаг нь огт оргүй зүйл биш. Харамсалтай нь өнөөдөр энэ суманд гэрийн мод урладаг уран гартан гарын арван хуруунд багтах хэмжээнд хүртлээ цөөрчээ. Тэр хүмүүстэй очиж уулзаж чадаагүй ч нутгийн иргэдээс сонсоход бичил зээл авч үйлдвэрлэл байгуулсан хэд хэдэн айл байдаг юмсанж. Гэрийн модны хувьд хийцнээс хамаарч нэг сая төгрөгөөс дээш өртөгтэй юм байна. Сумын удирдлагаас гэрийн мод хийж байгаа хүмүүст сүүлийн үед татварын болон зээлийн хүү зэргийн хөнгөлөлт үзүүлдэг болжээ.

Тэгвэл “Уянгын” гэр ямар технологиор яаж бүтдэг гэдэг нь сонин. Сумын нэгэн буурайн амнаас өнгөрсөн жил дуулж байхад “Гарт тааралдсан мод бүрээр гэр хийгээд байдаггүй. Цуулж болох модыг таньж, ялгаж байж гэмээнэ түүнээс сайн мод гаргаж авах жишээтэй. Бараг 1000 модноос цөөхөн хэд нь цуулж болдог юм билээ. Одоо ч үзэгдсэн модоор л гэр хийж байгаа байх. Урьд байсан сайхан уран гартнууд үгүй болж дээ” хэмээн хэлж байлаа. Тэгэхээр Уянгын гэрийн модны гол онцлог нь цуулбар модтой, мөн уран гоё хээ угалз тавьдагт оршдог аж. Цуулбар мод гэдэг нь яргүй нягт сайтай, эдэлгээ урттай байдаг гэнэ. Харамсалтай нь өнөөдөр “Нарантуул” захад “Цуулбар модны гэр” хэмээн олныг хулхидах наймаачдын тоо нэмэгдсээр л…


Сэтгэгдлүүд

  • Сэрээнэндорж

    2016-07-18

    мундаг анчид л цээжний хав сайтай байдаг гэдэг. мундаг хүн бна даа. боохойн хэрчим мах авах гэж бөөн юм болж бна. Гантулга анчинг ангийн тэнгэр ивээж байх болтугай. сайн сурвалжлага байна.

  • Uyangiin huu

    2016-07-18

    nutgiig mini nudend haragdtal saihan bichsen bna. bayrlalaa Baatarkhuu. odoo uneheer goy bga. nutagtaa udahgui ochinoo. harin 8 nuur ruugaa dawj chadah bolow uu. ta buhen manai nutagt ochooroi

  • золоо

    2016-07-18

    манай өвөө гэрийн талаар их ярьдаг. одоо ер нь цуулбар мод танихаасаа залхуурдаг юм биш үү. төр засаг нуур усанд анхаарал тавьдаггүйн тод жишээ

  • bayrbat

    2016-07-18

    uneheer saihan nutag shu. gaihaltai baigaltai. ochihod zugeer l nudee hujirlana

  • уншигч

    2016-07-18

    сайхан сурвалжлага болжээ. сүүлд ийм сурвалжлага уншсангүй. сэтгүүлчид маань ийм бүтээл олныг гаргаасай