богино мэдээ New

Вирустэй гэж хэлэхээсээ өмнө…

-Тоолуулах хэрэгтэй. Ингээд зүгээр орхиж болохгүй. Ийм яриа нэгэн эмнэлэгт өрнөсөн юм. Вирустэй гэдгээ мэдсэн эмэгтэй аль эмнэлэгт тоолуулах вэ, үнэ нь хэд вэ, наад хариу чинь найдвартай юу, би элэгний хавдраар нас барах гэж үү гэсэн олон асуултаар сувилагчийг шалгааж гарав..

-Та элэгний вирустэй гарсан байна

-Одоо яах ёстой вэ?
-Тоолуулах хэрэгтэй. Ингээд зүгээр орхиж болохгүй. Ийм яриа нэгэн эмнэлэгт өрнөсөн юм. Вирустэй гэдгээ мэдсэн эмэгтэй аль эмнэлэгт тоолуулах вэ, үнэ нь хэд вэ, наад хариу чинь найдвартай юу, би элэгний хавдраар нас барах гэж үү гэсэн олон асуултаар сувилагчийг шалгааж гарав.

Тэр эмэгтэй шиг элэгний ямар нэг вирустэй гэсэн хариу авсан хүн тухайн эмнэлэгт олон байлаа. Таван хүн тутмын нэг нь элэгний ямар нэгэн вирустэй гэсэн судалгаа бий. Монгол Улсад 100.000 эрэгтэй хүн тутмын 121, 100.000 эмэгтэй хүн тутмын 87 нь элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилж буй гэсэн эмзэглэмээр тоо баримт байдаг.

Элэгний өвчлөл, нас баралтаараа дэлхийд дээгүүрт ордог учраас манай улс 2015 оноос “Эрүүл элэг” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэвч үүний ашиг тусыг одоогоор хүмүүс хүртэж амжаагүй байна. Энэ яах вэ гэхэд, эхлээд шинжилгээний хариугаа бодитой гаргадаг болмоор байна, эрүүл мэндийн салбарынхаан. Дөрвөн сарын өмнө би нэгэн эмнэлэгт шинжилгээ өгөхөд элэгний С вирустэй гэсэн хариу гарсан юм. Үүлгүй тэнгэрээс аянга буухтай адил л хэсэг балмагдан, итгэж чадахгүй байв. Ингээд вирусээ тоолуулж, эмчилгээ хийлгэхээр боллоо. С вирус устгах “Харвони” эм Монголд орж ирсэн нь аз хэмээн олзуурхан, эм худалдан авах мөнгө төгрөгтөө санаа тавьж эхэлсэн.

Гэхдээ би шүд авахуулж, гоо сайхны мэс ажилбар хийлгэж байгаагүй учраас (С вирус голчлон цусаар халдварладаг) өөр эмнэлэгт дахин шинжилгээ өглөө. Тэгтэл “Ямар ч вирус алга” гэдэг юм байна. Баярлах, гайхах зэрэгцэн алинд нь итгэхээ мэдэхээ болив. Энэ үед хажууд минь нэгэн бүсгүй уйлж суулаа. Тэрбээр өмнө нь миний шинжилгээ өгсөн эмнэлэгт гурван настай охиноо шинжлүүлэхэд эмч “Элэгний С вирусгүй байна” гэж хэлсэн юмсанж. Гэтэл энэ эмнэлэгт “Вирустэй” гэж хэлжээ. Ингээд надад тохиолдсон явдал цөөн бус хүнд хамаатай болж, тэндхийн сувилагч ч нөгөө эмнэлгийн шинжилгээний хариу зөрөх нь их байдгийг учирласан. Энэ удаа тухайн эмнэлгийн нэрийг дурдахгүй өнгөрье.

Элэгний В, С, D вирус байгаа, эсэхээ мэдэхээр шинжилгээ өгөхөд 6000-15000, тоолуулахад 90-180 мянган төгрөг шаардлагатай. Дээр нь нэмээд элэгний хатуурал үзэх, биохими, цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхөд төдий чинээ төгрөг зарцуулдаг. Гэтэл ийм өртгөөр нэг бус удаа шинжилгээ өгсөн хүмүүс алинд нь итгэхээ мэдэхгүй, цаг хугацаа, сэтгэл санаа, эд мөнгөөрөө хохирсоор байна. Монголд айл бүрт элэгний вирустэй хүн байдаг гэхэд хилсдэхгүй. Элэгний эм тарианы өртөг өндөр, хэр баргийн хүн 100-200 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж чадахгүй. Нэгэнт өвдсөн л бол хатуухан хэлэхэд “Ядуу хүн зовж үхдэг” гэсэн үг үнэн болохыг яс махаараа мэдэрдэг.

Ядахад, эрүүл мэндийн салбарынхан “Элдэв вирустэй байна” гэж үнэн, худал хэлж, ядарсан иргэдээ чирэгдүүлсээр байгааг юу гэх вэ. Элэгний хавдартай гээд гадаад руу хөөгдсөн танил ах маань тэндээ шинжилгээ хийлгэхэд түүн шиг эрүүл хүн байгаагүй гэдэг. Энэ мэтчилэн Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний хариу, өвчний онош, эмчилгээнд итгэхэд ч бэрх болжээ. Ийм байдал эмч нарын чадваргүйгээс болдог гэхээс илүү орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутмаг, эрүүл мэндийн салбарынхны уялдаа холбоо сул, удирдан чиглүүлэх хүнгүй байгаатай холбоотой.

Вирустэй, үгүй гэсэн сайн, муу хоёр хариуны аль нь үнэн болохыг эцэслэхээр улсдаа ганц байдаг Халдварт өвчин судлалын үндэсний төвийг би зорьсон юм. Хувийн эмнэлгээр багагүй явж халаасаа хоосолсон хойноо улсын эмнэлэгт хандсан нь энэ. Гэвч элэгний вирусийн шинжилгээ, тоолох зэрэг нь улсынх гэлгүй төлбөртэй юм. Тэнд өгсөн шинжилгээний хариу “Сөрөг буюу вирусгүй” гэж гарснаар асуудлаа нэг тийш болгож чадлаа. “Олон улсад магадлан итгэмжлэгдсэн тоног төхөөрөмжтэй учраас манай шинжилгээнд итгэж болно” гэж тэндхийн эмч, сувилагч нар дуу нэгтэй хэлсэн болохоор ч тэр үү, гурван эмнэлгийн хоёрынх нь хариу ижил байсан учраас ч тэр үү, итгэхээс өөр арга надад үлдсэнгүй.

Гурван сая гаруй хүнтэй Монгол Улсын гурван эмнэлгийн лаборатори л олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх юм. Иймээс л эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ, эмчилгээ тойрсон гомдол, шүүмжлэл барагддаггүй биз. Буруу хариунаас болж будилсан иргэд арга барагдахдаа цагдаа, шүүхэд ханддаг аж. Иргэ ний хуулийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаас өөрөөр илүү нарийвчилсан зохицуулалт манай улсад алга.

20-иодхон насандаа элэг нь хатуурсан охины хархан нүд цаанаа гуниг нууж, ганц элгэндээ гурван вирус тээж яваагаа “Жолооны В, С, D ангилалтай” хэмээн хошигновч тэр ах дотроо л шаналж буй нь эмнэлэгт байх эхний өдөр л надад анзаарагдаж билээ. Элэгний архаг үрэвсэлтэй гэж намайг оношилсон ч вирусгүй л бол эмч нар төдийлөн тоодоггүй юм билээ. Ингээд би шинжилгээний зөрүүтэй хариунд төөрч, цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл санаагаар хохирч үлдсэн юм. Ганц би гэлтгүй аав ээж, гэр бүлийнхэн минь надаас илүү шаналж байлаа.

Бурхан минь. Шинжилгээний анхны хариу аваад л “С вирустэй” гээд дахин шинжилгээ өгөлгүй өнөө эмийг нь уучихсан бол юу болох байсныг бодохоос айдас хүрнэ. Хэн дараа нь хариуцлага хүлээх нь тодорхойгүй, эрсдэлтэй ийм байдалд орсон олон хүн хохироод л үлдэхээс өөрөөр яаж ч чадахгүй байгаа нь харамсалтай. Эрүүл нэгнийг эмийн боол болгохгүйн тулд шинжилгээний хариугаа ядаж зөв гаргахад эрх баригчид, эрүүл мэндийн салбарын удирдлагууд анхаарах цаг иржээ.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Ч.Батжаргал: Илрүүлэх биш, баталгаажуулах шинжилгээний хариунд итгэх хэрэгтэй

ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны чанарын менежер Ч.Батжаргалтай ярилцлаа.

-Манай улсын эмнэлгийн лабораториудад ямар шаардлага тавьдаг вэ?
-“Эрүүл мэндийн байгууллагуудын эмнэл зүйн лабораторид тавигдах онцлог, шаардлага”, “Эмнэлгийн лабораторийн ур чадварт тавигдах онцлог, шаардлага” гэсэн стандарт байдаг. MNS:ISO 15189 гэсэн стандартыг 2012 оноос хойш манай улс мөрдөж эхэлсэн. 2015 оны арванхоёрдугаар сард энэ стандартыг шинэчлэн, MNS:ISO 15189:2015 болгосон. Манай улсын хэмжээнд олон улсын стандарт ханган, гэрчилгээ авсан гурван эмнэлэг бий.

Хамгийн эхэнд ХӨСҮТ-ийн долоон лаборатори энэ гэрчилгээг авсан бол дараа нь Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг итгэмжлэгдсэн. Үүнээс гадна лабораторид чанарын хяналт хийдэг. Улсын болон хувийн 160 гаруй эмнэлгийн лабораторийг жилд 2-3 удаа үнэлж, дүгнэж байна. “Харвони” эмийг оруулж ирсэнтэй холбоотойгоор ЭМС-ын сайдын тушаалаар 2015 оны наймдугаар сард С вирус тоолох 10 лабораторид батламж олгосон.

-Вирустэй, эсэхээ мэдэхээр өгсөн шинжилгээний хариу зөрөх тохиолдол цөөнгүй байна. Нэг ижил шинжилгээ өгсөн хэрнээ хоёр эмнэлэг эрс өөр хариу гаргаж байгаа нь лабораторийн чанартай холбоотой биз дээ?
-Нэг газар элэгний вирус тоолуулахад гарсан хариу нөгөө эмнэлгийнхтэй яг адилхан гарна гэж байхгүй. Лабораториудын шинжилгээний арга нь өөр байдаг.

Нэг мл цусанд тухайн вирусийн мэдээллийн систем олон улсын нэгж мл-ээс төд байна гэж гаргаж буй хэлбэрийг вирус тоолох гэж энгийнээр ойлгож болно. Тухайн хүний бухимдал, идсэн унд хоолноос нь шалтгаалан вирусийн тоо харилцан адилгүй гардаг. Унтаж амраагүй, ууртай үедээ эмнэлэгт очоод вирусээ тоолуулахад өөр хариу гарна шүү дээ. Манайхан үүнийг буруу ойлгоод байдаг.

-Тухайн хүний дархлаанаас шалтгаалж вирусийн тоо өөр байж болох ч вирустэй, эсэхээ шинжлүүлэхэд эсрэг тэсрэг хариу гараад байгааг юу гэж ойлгох вэ?
-Лавлагаа лабораториудад батлуулах шинжилгээ өгөх хэрэгтэй. Вирус байгаа, эсэхийг баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ хийж байгаа. Вирустэй, вирусгүй гэж хоёр өөр хариу гарч буй нь тухайн лабораторийн сайн, муугаас бус, оношлуурын мэдрэг чанараас болдог.

Мэдрэг чанар муутай оношлуур ашигладаг эмнэлгүүд байдаг. Үүнээс болж сөрөг, эерэг гэсэн харилцан адилгүй хариу гарч байгаа юм. Ийм хариу гарсан тохиолдолд ХӨСҮТ-д батлуулах шинжилгээ өгөх хэрэгтэй. Хэрэв гомдолтой бол манайд хандаж болно. Шинжилгээний хариу өөр гаргасан тухайн газрыг бид шалгадаг. Зарим нь бүр 80 хувийн мэдрэг чанартай оношлуур хэрэглэж байх жишээтэй. Энэ нь 100 хүний 20-ыг буруу оношлох магадлалтай гэсэн үг.

-“Хагас автомат төхөөрөмжөөр шинжилгээ хийхэд хүний гар ажиллагаа ордог. Тиймээс хариу нь зөрж байгаа юм” гэсэн тайлбарыг эмч нар хэлдэг. Үүнээс болоод иргэд хохирч болохгүй биз дээ?
-Оношлуураа зөв сонгох чухал болохоос бүрэн, хагас гэдэгтээ учир байгаа юм биш. Хэддүгээр шатлалын эмнэлгүүд ямар шинжилгээг аль түвшинд хийх тухай ЭМС-ын сайдын тушаал бий. Нэгдүгээр шатлалын буюу өрх, сумын эмнэлгийнхэн иргэдэд “Вирустэй, вирусгүй” гээд л шууд хэлчихдэг. Уг нь “Вирустэй байж болзошгүй, дараагийн шатлалын эмнэлэгт ханд” гэж зөвлөх нь зөв юм.

-Монголдоо өгсөн шинжилгээний хариунд 100 хувь итгэх боломжтой юу. Мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?
-ХӨСҮТ вирус тоолох, илрүүлэх шинжилгээгээр олон улсын чанарын хяналтад зургаан жил дараалан 100 хувийн амжилттай, оношийн зөрүүгүй оролцсон. Тиймээс нэг удаагийн шинжилгээгээр вирус илэрсэн ч, илрээгүй ч бай баталгаажуулах шинжилгээ өгөх хэрэгтэй. Гэхдээ илрүүлэх шинжилгээ биш, баталгаажуулах шинжилгээ шүү. Үүнийг ялгаж ойлгох нь чухал.

Ч.Болортуяа /www.news.gogo.mn/