богино мэдээ New

Сайн мэдээ: Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын мэдэлд 100 хувь шилжлээ

Монгол Улсын компанийн тухай хуулиар зохьцуулагддаг, үндэсний аж ахуй нэгж болж хувирлаа. Өмнө нь ногдол ашигийн 49 хувь нь ОХУ руу шилждэг байсан бол одоо 100 хувь Монголын талд шилжинэ.

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр монголчуудын магнай тэнийлгэм сайхан мэдээ дуулгалаа. 

Түүний мэдэгдлээс онцлон хүргэж байна.

    Тэрбээр "Уг нь энэ асуудлыг улс төр, сонгуулиас ангид байлгахыг хичээж ирлээ. Гэвч улс төрийн зарим хүчин, хувь хүмүүс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр саар мэдээ болгож хувиргах гээд байгаа учраас Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд албан ёсны байр сууриа илэрхийлж байна. Нэн түрүүнд монголчуудынхаа магнай тэнийх сайхан мэдээ дуулгахад Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын 100 хувийн мэдэлд шилжлээ. Улс төрийн эрх ашгаас илүүтэй улс орны эрх ашиг гэж нэг чухал зүйл бий. Монголоо боддог хэнд ч дараах зүйлүүд ойлгомжтой санагдана.

Юуны өмнө манай улс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь, ОХУ-ын "Ростек" компани 49 хувийг эзэмшдэг гэдгийг та бүхэн минь мэдэж байгаа. Тус үйлдвэр өмнө нь Монгол Улсын хуулиас дээгүүр олон улсын эрх зүйгээр зохьцуулагддаг хамтарсан статустай байгууллага байсан бол одоо Монгол Улсын компанийн тухай хуулиар зохьцуулагддаг, үндэсний аж ахуй нэгж болж хувирлаа. Өмнө нь ногдол ашигийн 49 хувь нь ОХУ руу шилждэг байсан бол одоо 100 хувь Монголын талд шилжинэ. Мөн энэ үйлдвэрийн бүх барилга байгууламж бидний мэдэлд шилжиж ирнэ. Түүнчлэн "Монрос цветмед нэгдэл" хамтарсан үйлдвэр ийм зарчмаар Монгол Улсын 100 хувийн үндэсний компани болох юм. Эрдэнэт үйлдвэрийн хувьд бүх ажил хэвийн явагдаж байна.

Ямар ч данс хаасан, тамга тэмдэг хураасан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Цаашид энэ үйлдвэр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно. Түүнчлэн нэг ч монгол ажилтан халагдахгүй. Харин ч орос инженерүүдийн оронд монгол инженер, боловсон хүчнүүд ажилд орно. Мөн энэхүү асуудлыг Оросын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлснийг хэлмээр байна. Үе үеийн Засгийн газар, монголчуудын хүсэл мөрөөдөл ийнхүү шийдэгдэж чадлаа. Үндэсний эрх ашгийн төлөө, батлан хамгаалахад улс төрийн намууд, хувь хүмүүс бүгд нэг байх ёстой гэдгийг давхар хэлье. Мөн үүнийг сонгуулийн 48 цагийн асуудал болгомооргүй байна " гэлээ.