богино мэдээ New

Цагдаагийн байгууллага “царцаанууд”-ыг шалгахаар боллоо

улсын хэмжээнд 21 мянга гаруй царцааг нүүлгэн шилжүүлсэн байж болзошгүй хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна. Хөвсгөл аймагт л гэхэд 3856 царцаа нүүдэллэн иржээ. .

-3856 сонгогч Хөвсгөл аймагт санал өгөхөөр шилжин очжээ-

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

      “Сонгогчдын шилжих журмыг ноцтой зөрчин, зохион байгуулалттайгаар орон нутгийн иргэдийн сонгох эрх ашигт хохирол учируулж байна” хэмээн үзэж, нийгэмд учируулж буй хөнөөлийг нь “царцаа”-ны нүүдэлтэй харьцуулсан байдаг. Энэ удаагийн ардчилсан чөлөөт сонгуулиар улсын хэмжээнд 21 мянга гаруй царцааг нүүлгэн шилжүүлсэн байж болзошгүй хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна. Хөвсгөл аймагт л гэхэд 3856 царцаа нүүдэллэн иржээ.             

   Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас аймаг дүүргүүдийн сонгуулийн хороонд “Сонгогч шилжих журмыг зөрчин зохион байгуулалттайгаар, олноороо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шилжин ирсний бүртгэлд бүртгүүлсэн гэх асуудал гарсан бол тус газарт яаралтай мэдэгдэж, хууль хяналтын байгууллагатай хамтран санал авах өдрөөс өмнө нягтлан шалгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай мэдэгдэлийг яаралтай хүргүүлжээ. Ингэснээр ард түмний чөлөөт сонголтыг царцаадах байдлаар баллуурддаг,сонгуулийн үр дүнд нөлөөлдөг бусармаг явдлыг хазаарлаж, хэрэв дээрх заалт бүхий зөрчил байвал цагдаагийн байгууллага шалгахаар болжээ.  Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “Шилжилт хөдөлгөөн хэт их хийгдсэнтэй холбоотой санал гомдол байвал иргэн хуулийн дагуу цагдаад гомдол гаргаж болно. Цагдаа шалгаад шүүх шийдвэрлэнэ. Санал худалдаж авах зорилгоор шилжүүлэг хийлгэсэн нь тогтоогдвол сонгуулийн байгууллага хариуцлага тооцно” гэж мэдэгдэв. Ийнхүү царцаануудыг цагдаагийн байгууллагаас шалгахаар болжээ.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд санал өгөхөөр ирсэн сонгогчдын автобус