Д.Ганхуяг: АСЕМ-ыг зохион байгуулснаар Монгол Улс нэг том алхам урагшилна


2016-06-27 23:52:02 0

Улаанбаатар хотноо ирэх сарын сарын 14, 15-нд АСЕМ-ын Дээд түвшний 11-р уулзалт зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуягтай бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
 
-Юуны түрүүнд АСЕМ гэж ямар байгууллага болох талаар мэдээлэл өгнө үү. Ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
- АСЕМ нь 1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын 51 улс, хоёр олон улсын байгууллагыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм.
АСЕМ-ын яриа хэлэлцээ нь эрх тэгш харилцаа, харилцан хүндэтгэх зарчимд суурилах бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх зорилготой.
АСЕМ-ын үйл ажиллагаа хоёр тивийн улс орнуудын харилцан сонирхсон бүхий л салбарыг хамардаг бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарыг хамтын ажиллагааны гурван тулгуур гэж үздэг.

-Манай улс АСЕМ-ын уулзалтуудад хэдийнээс оролцож эхэлсэн бэ?
-Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин хотноо 2008 онд болсон АСЕМ-ын дээд түвшний 7 дугаар уулзалтад анх оролцсон бөгөөд манай улс уг чуулга уулзалтаар гишүүнээр элссэн. Түүнээс хойш Монгол улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид 2010, 2012, 2014 онд болсон дээд түвшний 8,9,10 дахь удаагийн уулзалтуудад тасралтгүй оролцсоор ирлээ.
Манай улс АСЕМ-ын дээд түвшний уулзалтуудаас гадна Гадаад хэргийн, Сангийн, Байгаль орчны, Хөдөлмөрийн, Боловсролын, Зам тээврийн сайд нарын түвшний уулзалтуудад идэвхитэй оролцсоор ирсэн. Түүнчлэн, Ахлах албан тушаалтнуудын хуралдаан, Ази-Европын залуу парламентчдын уулзалт, Терроризмтэй тэмцэх асуудлаарх уулзалт, Шашин хоорондын яриа хэлэлцээний талаарх уулзалт, Хүний эрхийн асуудлаарх уулзалт зэрэг олон арга хэмжээнд байнга оролцдог.

Люксембургийн Их Вант улсад ирэх 11 дүгээр сарын 5-6-нд чуулах Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцох бөгөөд энэ уулзалтаар ирэх жил манай улсад зохиогдох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцах юм.

-Монгол улсад АСЕМ-ыг зохион байгуулах эрхийг хэрхэн авав?
-Итали улсын Милан хотноо 2014 оны 10 дугаар сард болсон АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалтаас Монгол улс дараагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрх авсан. Уулзалтыг зохион байгуулах эрхийг авч буй нь Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байгаа явдал бөгөөд Европ болон Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм.
Миний төсөөлж байгаагаар ийм том арга хэмжээ ойрын зуундаа Монголд болохгүй байх.

АСЕМ-ыг зохион байгуулсны ач холбогдол нь юу вэ? Манайд үүнийг зохион байгуулснаар юу үлдэх вэ?
- Ази, Европын олон улс, үндэстний төр, засгийн тэргүүн нарыг оролцуулсан ийм том хэмжээний олон улсын дээд түвшний уулзалтыг манай улс анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна. Монгол улс ардчилалд шилжиж, гадаад бодлогын үзэл баримтлалаа шинэчилсэнээс хойшхи 25 жилийн хугацаанд гадаад харилцаа, дипломат үйл ажиллагааны ололт, амжилтын оргил нь энэхүү АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй, хариуцлагатай явдал гэж үзэж болно. Мөн 2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой.
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын төдийгүй хүмүүс хоорондын харилцааг бэхжүүлэх онцгой ач холбогдолтой.
Улс төрийн ач холбогдлын хувьд энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, манай гадаад бодлогын үзэл баримтлал, идэвхитэй  үйл ажиллагааг дэмжиж, хамтын ажиллагаа нэмэгдэнэ. Цаашлаад олон улсын хэмжээний хурал, чуулганыг эх орондоо зохион байгуулах туршлагатай болж, АСЕМ-ын хүрээний төдийгүй олон улсын бусад томоохон арга хэмжээг зохион байгуулах бүрэн боломжтой болно.
Эдийн засгийн ач холбогдлын хувьд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зочид буудлуудын үйлчилгээ, чанарыг сайжруулах, олон улсын үйлчилгээний стандарт нэвтрүүлэх, дэд бүтцээ өргөжүүлэх,  засаж шинэчилэх, соёл, үйлчилгээний салбарын чадавхийг нэмэгдүүлэх, хил, гааль, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын стандарт нэвтрүүлэх зэрэг хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн олон ажил хийгдэнэ. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын хөгжил, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг ач холбогдолтой.
Нийгэм, соёлын ач холбогдлын хувьд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаар өөрийн түүх, зан заншил, соёл урлагаа олон улсад сурталчилаад зогсохгүй нийгмийн харилцааны түүхэн туршлага, ололт амжилтаа улам батжуулахад энэхүү дээд түвшний уулзалт эерэгээр нөлөөлнө.

-Манай улс АСЕМ-д их ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг эртнээс хангаж эхэлсэн. Бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?
-Энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд гадаад болон дотоод бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. АСЕМ-ын бүтцэд байнгын ажиллагаатай нарийн бичгийн дарга нарын газар байхгүй тул зохион байгуулагч орны зүгээс идэвхитэй дипломат үйл ажиллагаа явуулж, гишүүн орон бүртэй хамтарч ажиллах шаардлагатай болдог. Дээд түвшний уулзалт болон дагалдах арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулах үүднээс хоёр талын болон олон талт дипломат үйл ажиллагаа идэвхитэй явуулж байна.

 ЕХ, ЕК, АСЕАН-ны НБДНГ, АСЕФ-тэй хоёр талын уулзалт, Итали, Герман, Франц, БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг улсын холбогдох яам, байгууллагатай уулзаж, туршлага судалж байна. Түүнчлэн АСЕМ-ын гишүүн улсуудаас техникийн буцалтгүй тусламж авах чиглэлээр ярилцаж тохирсон.
Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үр дүнд “Уулзалт даргалагчийн Мэдэгдэл”, “Улаанбаатарын Тунхаглал” гэсэн хоёр баримт бичиг гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн дээд түвшний уулзалтын дагалдах 10 уулзалтыг зохион байгуулахаар болж, бэлтгэл ажил хийж байна.

Дотоод бэлтгэл ажлын хүрээнд зочид, төлөөлөгчид, түүнчлэн уг уулзалтыг сурвалжлах гадаадын сэтгүүлчдийг байрлуулах зочид буудлуудыг сонгож, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, Чингис хаан ОУНБ-ыг өргөжүүлэх, хотын тохижилт, замын сүлжээг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ, соёлын салбарын чадавхийг дээшлүүлэх зэрэг чиглэлээр олон ажлыгөөрийн бололцоо, нөөц хүч болон АСЕМ-ын гишүүн орнуудын тусламж, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг ямар бүтэцтэйгээр ажиллаж байна вэ?
-Монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугар сарын 30-ны өдрийн 163 дугаар захирамжаар байгуулагдсан АСЕМ-ын уулзалтад бэлтгэх Үндэсний Зөвлөл Ерөнхий сайдаар ахлуулан ажиллаж байгаа.
Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 17 тоот захирамжаар АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн  зургаан Ажлын хэсгүүдийг / байр, зочид буудлын, зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал, үйлчилгээ, соёл, урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдал, дээд түвшний уулзалтын хуралдаан, үндсэн арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, баримт бичгийн асуудал, хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан/ байгуулан тус тусын чиглэлээр ажиллаж байна.

-Зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын хүрэлцээнд ихэд анхаарч байгаа гэсэн. Төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын талаар мэдээлэл өгөөч? Хичнээн зочид буудалууд үйлчилгээгээ сайжруулахаар санхүүжилт аваад байгаа вэ?
-Төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлууд нь  аюулгүй бүсэд байрлалтай, үйлчилгээ нь тогтмолжсон 40 гаруй зочид буудал хамрагдаж байна.
- Одоогоор эдгээр зочид буудлуудад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн боловч хүлээлтийн байдалд байна. Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд гарсан. Гол ньбанк, санхүүгийн байгууллагатай гэрээ хийх асуудлыг хурдавчилах шаардлагатай байгаа.
-АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад хамтран ажиллах түнш зочид буудлуудад итгэмжлэл олгох арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулж, уг арга хэмжээний үеэр АСЕМ-ын түнш тэргүүний зочид буудлыг шалгаруулах болзолт уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, тохижилт бүтээн байгуулалт, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, үйлчилгээний чанарыг сайжруулан дээшлүүлэх, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, зочид буудлын гадаад дотоод оршино. Болзолт уралдааныг  2015 оны 10 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 07 сарын 25-ны  өдрийг хүртэлх хугацаанд зарлан дүгнэх бөгөөд уралдаанд АСЕМ-ын түнш зочид буудлууд бүрэн хамрагдах болно.
 
-Мөн шинээр хичнээн зочид буудал ашиглалтад орох вэ?
-Шинээр Sheraton, Radisson, Holiday Inn, Alfa  зэрэг 6 зочид буудал 2016 онд  ашиглалтанд орно гэсэн мэдээ байна. Хувийн хэвшлийнхэн анхаарч, ашиглалтад оруулаасай гэж хүсч байна.

-Зочид буудлаас гадна Ихтэнгэрийн амд “АСЕМ Village” хаусуудын барилгын ажил аль хэдийнэхэлсэн. Уг хаусуудыг барихад хичнээн төгрөгийн санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа вэ. АСЕМ дууссаны дараа уг хаусуудыг ямар зориулалтаар ашиглах бол. Энэ талын төлөвлөгөө бий юу?
-“АСЕМ Вилла” хотхоныг MCS компани тэргүүтэй хэдэн компанийг оролцуулсан консерциум өөрийн хөрөнгө, банкны зээлээр барьж байгаа. АСЕМ-ын дээд түвшний уулзалтад ирэх төр, засгийн тэргүүн нарыг байрлуулна гэдэг утгаараа төрөөс  инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн зарим асуудалд дэмжлэг үзүүлсэн. Энэ бол хувийн өмч тул яг хэдэн төгрөг болсныг мэдэхгүй. Цаг хугацаандаа ашиглалтад ороосой гэж хүсч байна. Бид гэрээ байгуулж төлөөлөгчдөө байрлууна. Цаашид ямар зориулалтаар ашиглахаа энэ консерциум шийдэх асуудал.

-Саяхан хил дээр 30 ширхэг бенз буусан гэх мэдээлэл гарсан. Мөн нэмж Японоос машин авах тухайсураг дуулдаж байна. Энэ талаар мэдээлэл өгнөүү?
-АСЕМ-ын уулзалтад зориулж төсвийн мөнгөөр машин оруулж ирсэн тохиолдол одоогоор байхгүй. Дээрх мэдээ ташаа мэдээлэл байна. Уулзалтаар ашиглах машинуудыг хувийн компаниудтай ярилцаж, шийдвэрлэх чиглэлийг Үндэсний Зөвлөлөөс өгсөн. Бид энэ чиглэлээр ажиллаж байна.
-Ер нь АСЕМ-ын уулзалтын үеэр айлчлан ирэх гадаадын төр, засгийн тэргүүн нарын аюулгүй байдлыг хангахад цөөн тооны хуягласан автомашин худалдан авах, түрээслэх зайлшгүй шаардлага байгаа. Энэ хүрээнд жагсаалт гаргах, санхүүжилтыг шийдэх, захиалах зэрэг ажил хийгдэж байгаа.

-Нисэх онгоцны буудалд АСЕМ-д зориулж багагүй ажил хийж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Ирэх 2016 оны 7-р сард Улаанбаатарт зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад зориулж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын бэлтгэл үйл явц болон уг нисэх буудлаас “Шангри Ла” зочид буудал хүртэлх маршрутын дагуу замын аюулгүй байдал, тохижилтын нөхцөлтэй танилцах аяллыг ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас энэ 10-р сарын 2-нд зохион байгуулсан.
 
Танилцах аяллын хүрээнд “Чингис хаан” ОУНБ-д транзит заал байгуулах, агаарын хөлгийн зогсоол барих, хөөрч буух зурваст бетон хучилт хийх ажлын явцтай танилцаж, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бэлтгэл ажлын талаар болон тэдэнд үйлчлэх хүний нөөц, сургалтын асуудлаар холбогдох хүмүүстэй дэлгэрэнгүй санал солилцсон.
 
Транзит заал байгуулах ажлын явц 70 хувьтай байгаа бөгөөд энэ сардаа багтааж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Агаарын хөлгийн зогсоол шинээр барих ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд шинээр 9 зогсоол нэмж барьснаар нийт 34 агаарын хөлөг байрлуулах боломжтой болж байна. Хөөрч буух зурвасын цемент бетон хучилтын 500 метрийн хүчитгэлийн ажил бүрэн дууссан явцтай байна.
 
Төлөөлөгчдийн явах замыг засварлах, гэрэлтүүлэг хийх ажлууд төлөвлөгөөнөөс хоцорч байна. Үүнд анхаарах шаардлагатай байгаа.
 
-Мөн төлөөлөгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
-Аюулгүй байдал, ёслол, улсын хил хариуцсан ажлын хэсэг Хууль зүйн сайдын удирдлагын дор ажиллаж зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, харуул хамгаалалтыг хангах бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж байна. Дотоод нөөц бололцоондоо тулгуурлахаас гадна зарим шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникийг олон улсын тусламжийн хүрээнд шийдэхээр ажиллаж байгаа.

-АСЕМ-ын санхүүжилтыг хэрхэн шийдсэн бэ?
-Санхүүжилтийн хувьд 2015 оны улсын төсөвт үйл ажиллагааны зардал 2.5 тэмбум төгрөг батлагдсан. Ирэх жилийн төсөвт саналаа өгсөн. Бидний зүгээс зайлшгүй хийх шаарлагатай ажлуудаа санхүүжүүлэхээр санал өгсөн.
-АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буй уг уулзалтыг Улаанбаатарт зохиоход АСЕМ-ын гишүүн олон орон тусалж дэмжихээ илэрхийлсэн. Мэдээж хэрэг улсын төсөв, эдийн засагтаа аль болох дарамт үүсгэхгүйг хичээн ажиллаж байна.
-Уулзалттай холбоотойгоор 2016 оны тавдугаар сарын эхнээс долдугаар сар дуустал Монгол Улсад ирэх гадаадын албаны хүмүүс, бизнесийн төлөөлөл, сэтгүүлчид, жуулчдын тоо тасрахгүй. Улаанбаатарын зочид буудал, үзвэр, үйлчилгээ, худалдааны газрууд, компани, ажил хэрэгч хүмүүсийн орлого нэмэгдэж, шинэ түнштэй болох, бизнесийн урт, богино хугацааны гэрээ, хэлцэл байгуулах боломжууд бий болно гэдэгт итгэлтэй байна. Дээд түвшний уулзалтын үр дүнд бизнесийн чиглэлээр Монголтой хамтран ажиллах итгэл үнэмшил нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд эерэгээр нөлөөлнө. Энэ мэтчилэн АСЕМ-ын хурлыг өөрийн орондоо зохион байгуулахын ач холбогдол өндөр.
Мөн уулзалты гугтан зам тээвэр, барилга, гүүр, зочид буудал гээ дэд бүтцийн олон ажил хийгдэж байна. Арга хэмжээ хоёр өдөр болоод өнгөрөхөд бүтээн байгуулалт, хийж бүтээсэн бүхэн бидэнд үлдэнэ. Дараа, дараагийн томоохон арга хэмжээг зохион байгуулах дэд бүтэц, хүн хүч, туршлага талаасаа бэлтгэлтэй болно.
Товчхондоо Ази-Европыг холбосон гүүр болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулснаараа монголчууд л хожно.

2015.10.14
Ярилцсанд баярлалаа.

Г.Уянга
Olloo.mn