богино мэдээ New

Ноён уулын дурсгалыг хамгаалах үүрэг өглөө

Бороогийн голын сав дагуух түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төв болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. .

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 55 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн Гацууртын алтны ордыг ашигласны улмаас Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгал Хүннүгийн үеийн Бороогийн суурин, түүний орчмын соёлын өвд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж гаргасан санал дүгнэлтийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. 

Энэ дагуу Ноён уул орчмын болон Бороогийн голын сав дагуух түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төв болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 

Бороогийн суурин нь эртний барилга байгууламжийн туурь бүхий суурингийн үлдэгдэл юм. Энэ сууринг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулсан байна.  

Бороогийн суурин нь Гацууртын ордоос 40 км, уг ордоос Бороогийн баяжуулах үйлдвэр хүртэл тавьсан автозамаас 2 орчим км зайтай оршиж байгаа тул замын тоосыг эс тооцвол Гацууртын ордын уул уурхайн ашиглалтын болон хүдэр тээвэрлэх үйл ажиллагааны улмаас уг дурсгалд сөрөг нөлөө ажиглагдахгүй байна гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарчээ. 

www.shuud.mn