богино мэдээ New

Б.Оюунгэрэл: Мэдээллийн сайтаар сурталчилгаа хийх өргөн боломжтой

фэйсбүүк, твиттерийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцсон заалт лав байхгүй. Тэхээр сошиал медиа бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш. .

Энэ жилийн сонгууль урьд урьдынхаас өвөрмөц онцлог олонтой. Сонгуулийн сурталчилгааны хугацаа тун богино байгаа нь шинэ залуу нэр дэвшигчдэд ихээхэн халгаатай хэмээн олон хүн дүгнэж байна. 10 гаруйхан хоногт сурталчилгаа хийхээр заасан учраас мэдээллийн хамгийн дөт бөгөөд боломжит зам нь интернэт орчин гэж хүмүүс харж байна. Шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу мэдээллийн сайтууд сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах талаар Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Сонгуулийн шинэ хуульд нэр дэвшигчид цахим хуудас нээж сурталчилгаагаа хийнэ гэж заасан нь мэдээллийн сайтуудаар сурталчилгаа хийж болохгүй мэт сэтгэгдэл төрүүлж байгаа. Энэ талаар эхлээд ойлголт өгнө үү?

-Шинэ гарсан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад эргэлзээ ээдрээтэй, төөрөгдөлд оруулсан зүйл заалт цөөнгүй гэдэг нь анзаарагдаж байна. Тэдгээрийн нэг нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой заалт юм. Нэр дэвшигчдийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаагаа хэрхэн явуулах талаар тодорхой ойлголтгүй байна. Ялангуяа цахим орчинд сурталчилгаа явуулж болохгүй юм байна гэсэн яриа хүртэл гарчээ. Мэдээллийн сайтуудын хувьд ч сурталчилгаа явуулснаас болоод торгуулих, сайтаа хаалгах вий гэсэн болгоомжлол байна. Гэвч хуулийн зүйл заалтыг нарийвчлан үзэх юм бол харин ч эсрэгээрээ цахим орчинд сурталчилгаа явуулах нь илүү өргөн сонголттой, илүү хүртээмжтэй боломжтой байгаа юм.

Сонгуулийн тухай хуулийн “83.1-д  нэр дэвшигч, нам, эвсэл буюу тэдгээрийн сонгуулийн штаб сонгуулийн сурталчилгаанд зориулж сонгуулийн сурталчилгааны цахим хуудас ажиллуулж болно” гэж заасан байгаа. Энэ заалтыг зарим нэр дэвшигч буруугаар ойлгож, зөвхөн өөртөө зориулсан сурталчилгааны сайт ажиллуулах юм байна гэж ойлгоод яваа тал байна. Сонгуулийн сурталчилгааны цахим хуудас ажиллуулж болно гэсэн болохоос заавал ажиллуул гэсэн үг биш гэдгийг нэр дэвшигчид болон сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Интернэт орчин гэдэгт мэдээллийн сайтаас гадна фэйсбүүк, твиттер, вэбсайт, сошиал медиа бүгд өргөн утгаараа багтаж байгаа. Гэтэл өнөөдөр фэйсбүүк, твиттерийг мэдээллийн хэрэгсэл гэж үзэх үү гэдэг асуулт тулгарч байна. Хэн нэг хүний хувийн хаяг, хуудас /аккаунт/-аар цацагдсан мэдээлэлд хэн ч хариуцлага хүлээхгүй шүү дээ?

-Юуг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцохыг хуулиндаа заагаад өгсөн байдаг. Өнөөдрийн байдлаар фэйсбүүк, твиттерийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцсон заалт лав байхгүй. Тэхээр сошиал медиа бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш. Сонгуулийн тухай хуулийн 83.4-т “Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдана” гэж заасан байгаа. Тэгэхээр интернэт орчин гэдэгт сошиал медиа болон сайтуудыг нийтэд нь хамааруулан ойлгохоор байгаа юм. Нэр дэвшигч сурталчилгаагаа фэйсбүүк, твиттерээр цацжээ гэж бодъё. Түүний сурталчилгааг алдартай хүмүүсийн нэр барьсан хуурамч этгээд ашиглавал яах вэ, хэн ч танихгүй нэр хаягаас тэр сурталчилгааг мушгин гуйвуулах, сурталчилгааны хуагцаа дууссан байхад сурталчилгаа хийхэд хэн хариуцлага хүлээх вэ. Хэдийгээр нэр дэвшигчийн нэр хаяг байлаа ч хүмүүсийн жиргээнд итгэл үнэмшил төрөх үү гэхчилэн олон асуулт араасаа дагуулж байгаа юм. Энэ бүгдийг нэр дэвшигчид бодолцох  ёстой л доо.

-Сонгуулийн хуулийн зүйл заалтаас асуумаар байна. Хуулийн 83.2-т “Сонгуулийн сурталчилгааны цахим хуудсаас өөр бусад цахим хуудсаарсонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд тухайн цахим хуудсаарзөвхөн сонгуулийн сурталчилгааны цахим хуудсын хаяг, нам, эвсэл, нэрдэвшигчийн нэр, сонгуулийн уриаг сурталчилна” гэж заасан байгаа. Энэ нь нэр дэвшигчийн тухай дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл, ярилцлага, сурвалжлага оруулахыг хориглосон хэрэг биш үү?

-Үгүй, хэвлэлийнхэн болон нэр дэвшигчид ингэж буруу ойлгоод байгаа юм. Зөвхөн хаяг, линк тавь гэсэн үг биш. Энэ хуулийн 83.4-т “Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдана” гэсэн байгаа. Тэхээр харин ч эсрэгээрээ интернэт орчинд сурталчилгаа явуулах  илүү өргөн боломж харагдаж  байгаа юм. Бусад мэдээллийн хэрэгсэл шиг тоо хэмжээ, агуулга, хэлбэр заагаагүй. Мэдээллийн сайтууд нэр дэвшигчийн баннер байрлуулж болно. Видео, аудио, текст, зураг, ярилцлага, мэдээ, нийтлэл гэхчилэн бүхий л төрлийн сурталчилгааг явуулахыг хориглоогүй. Тиймээс интернэт орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах илүү өргөн боломж бий. Эргэлзэж, төөрөгдөөд, гайхаад байх зүйл байхгүй. Энэ заалтыг бариад сурталчилгаа хийхэд буруудах зүйл байхгүй.

-Сонгуулийн сурталчилгааны тухайд эргэлзээтэй асуудлаар СЕХ-ныхонтой ярилцаж үзсэн үү?

-Бид СЕХ-нд уулзах хүсэлт хүргүүлсэн байгаа. Тодруулах зарим нэг зүйл бий. Гэхдээ СЕХ бол хууль тайлбарладаг байгууллага биш. Бид СЕХ-ноос зөвлөгөө мэдээлэл авах хүсэлтэй байгаа.

-Хэвлэлийнхэн анхаарууштай, алдаж эндэж болохоор заалт бий юү?

-Сонин, телевиз бол өөр. Телевизэд гэхэд цагийн хязгаар тавьсан, сонинд хэвлэлийн  хуудас заасан байдаг. Харин интернэт орчинд хязгаарлалт тавиагүй, гагцхүү эх сурвалжаа дурдаад явахыг шаардаж байгаа. Гол нь эх сурвалжаа л тавихыг шаардаж байгаа. Эх сурвалж дурдаагүй, хуурамч нэр хаяг ашигласан бол хариуцлага хүлээхээр заасан байна лээ.

-Ямар тохиолдолд цахим хуудсыг хаахаар заасан бэ?

-Сонгуулийн тухай хуулийн 83.7-д заахдаа “Энэ хуулийн 83.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн санал хураалтын хугацаа дуустал хязгаарлана” гэсэн заалт бий. Гэхдээ энэ бол тухайн этгээдийг олж тогтоох боломжгүй тохиолдолд гэсэн болохоор сошиал орчинд л хамаатай гэж ойлгож болно. Түүнээс мэдээллийн сайтуудын хувьд бүхэл бүтэн редакц ажиллуулдаг, хаяг адрес нь тодорхой байдаг болохоор ийм зүйл гарахгүй гэж бодож байна. Харин санаандгүй байдлаар эх сурвалж дурдахгүй алдаа гаргахаас л сэрэмжлэх хэрэгтэй байх. Бусдаар мэдээллийн сайтуудад хаалт, хашилт хийсэн заалт байхгүй.

-Нэр дэвшигчдийн хувьд сошиал орчныг ашиглаад үнэ төлбөргүй сурталчилгаа хийх сонирхол илүү байх шиг байна. Энэ тал дээр танай ассоциацийн байр суурь ямар байна вэ?

-Сошиал орчны мэдээлэлд иргэдийн итгэх итгэл буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна лээ. Өөрийн гэсэн мэргэжлийн редакцитай мэдээллийн сайтууд бол үнэн бодит байдал, эргэж хариуцлага үүрэх талдаа сошиал орчноос өөр гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон өөр, өөрийн уншигчидтай. Өөр, өөрийн онцлогтой. Хэний ч мэдэхгүй пэйж хуудас нээж, баахан мөнгө төлж, мэдээллээ хий хоосон цацаж байхаар бодитой мэдээлэлд тулгуурлаж байж л таны сурталчилгаа бусдад хүрч чадна. Хүн бүр өөрсдийн тогтмол уншиж мэдээллээ авдаг сайтуудтай байдаг. Тэр сувгаар нь дамжиж сурталчилгаагаа хийх нь илүү итгэл үнэмшилтэй, илүү бодитой байна гэдгийг л хэлмээр байна.

-Хар PR-ийн тухайд хуулиар хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Мэдээж бусдыг гутаан доромжлох, гүтгэлэг явуулахыг хуулиар хориглосон. Хуулийн  70.1.6-д “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэж заасан. Энэ бол хэнд ч ойлгомжтой байх. Ер нь бол хэвлэл мэдээллийнхэн маань нэр дэвшигчдээс ирж байгаа мэдээллүүдээ эх сурвалжийг нь дурдаад явахад асуудалд орохгүй байх. Харин энэ заалтыг зөрчсөн эсэхийг  хэн, хэрхэн тогтоох талаарх заалт эргэлзээ төрүүлж байгаа. Хуулийн 70.17-д заахдаа “Энэ хуулийн 70.1.6, 70.7-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасан байгаа.

Бусдыг гүтгэн доромжилсон эсэх, хуурамч мэдээлэл тараасан үгүйг  шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтоож дүгнэнэ гэдэг нь хууль зөрчсөн заалт гэж харагдаад байгаа юм. Хэн нэгний гэм  буруутайг  зөвхөн шүүхээр тогтоодог байтал Сонгуулийн шинэ хуульд ШӨХТГ, тус газрын хэн нэг ажилтны дүгнэлтээр тогтоож, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж байгаа нь эргэлзээтэй юм. Үүнийг холбогдох газрууд нь анхаарч үзэх биз ээ. Мөн 83.4, 83.5-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээрторгоно гэж заасан байгаа.Үүнийг манай сайтууд анхаарахад илүүдэхгүй болов уу.

www.news.mn, сэтгүүлч Д.Цээпилмаа