богино мэдээ New

Ц.Алтансор: Хэл сурахад хувь хүний нас, сэтгэхүйн онцлог чухал үүрэгтэй

Дэлхий дахины боловсролын хэл болчихоод байгаа Англи хэлийг хэрхэн сурах, унаган хэл шигээ эзэмших ёстой суурь мэдлэг болгох. Мөн бага насны хүүхэд хэдэн наснаасаа эхлэн суралцвал тохиромжтой, сургах арга барил, сургалтын хөтөлбөрийн талаар ярилцахын тулд нэгэн бүсгүйг урилаа..

Өдгөө дэлхийн 60 гаруй орны төрийн нэгдүгээр хэл, зургаан тэрбум хүний гуравны нэг нь өдөр тутмын амьдралдаа англи хэлийг ашиглаж байна. Дэлхий дахины боловсролын хэл болчихоод байгаа Англи хэлийг хэрхэн сурах, унаган хэл шигээ эзэмших ёстой суурь мэдлэг болгох. Мөн бага насны хүүхэд хэдэн наснаасаа эхлэн суралцвал тохиромжтой, сургах арга барил, сургалтын хөтөлбөрийн талаар ярилцахын тулд нэгэн бүсгүйг  урилаа.

“Англи хэл бол хэрэглээ биш боловсролын суурь байх ёстой” хэмээн онцлон ярьсан энэ дайчин бүсгүйг Ц.Алтансор гэдэг. Тэрбээр Калифорни мужийн их сургуулийн Боловсролын магистр,TESOL зэрэгтэй, Кембриджийн англи хэлний албан ёсны шалгалтын удирдагч “JET” англи хэлний сургалтын төвийн Гүйцэтгэх захирал түүнтэй ярилцлаа. 

Өнгөрсөн хугацаанд танай төв хэрхэн амжилттай ажиллав. Сургалтынхаа чанар болоод онцлогийн талаар ярихгүй юу?

- Бид олон жилийн туршлагаа, хэл шинжлэлийн судалгаа шинжилгээтэй хослуулан Англи хэлний боловсрол олгох үйлст хувь нэмрээ оруулж байна. Суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогоос хамааран сурах барил өөр өөр байдаг тул энэ бүхнийг харгалзан үзэж сургалт зохион байгуулалт, хичээлийн хөтөлбөр, заах арга барилыг шинэчлэн сайжруулах их ажлыг өрнүүлсээр байна.

Энэ ажлынхаа тухай дэлгэрүүлвэл….

- Манай сургуулийн заах арга, суралцагчийн сурах арга барилаас болж өөрчлөгддөг.Хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан заах арга барилаа өөрчилнө гэсэн үг юм.Сургалтын хөтөлбөрийн тухайд  насны онцлогт тохируулан сургалтаа явуулж байна.  Ном, сурах бичиг, товхимол, сургалтын орчин их чухал. Хүүхэд чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. Тийм ч учраас бид  бага насны хүүхдийн ангиудаа ханаар нь шилэн самбараар тохижуулж, тэр самбар дээр чөлөөтэй сэтгэж бичих, өөрийн санаагаа илэрхийлэх боломж бололцоог олгож байгаа. Энэ нь нөгөө талаар уламжлалт арга буюу ширээ сандал дээр сууж хичээл хийнэ гэсэн ойлголтыг өөрчилж байгаа нэг хэлбэр юм даа.

 

Хамгийн гол нь Монгол хүний сурах арга барилд тохируулсан хөтөлбөрийг хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй. Хүүхдүүдэд өөрийнх нь дур сонирхол дээр тулгуурлан чөлөөтэй сэтгэх орчныг бүрдүүлж өгснөөр англи хэлийг төвөггүй сурах боломжтой гэдгийг бид олж харан анги танхимын засварын ажилдаа орсон бөгөөд 6-р сарын 6-наас дээрх ангиуддаа сургалтаа явуулж эхлэх болсонг дуулгахад таатай байна.

 Мөн түүнчлэн өсвөр насны хүүхэд буюу 13-18 настай хүүхдийн анги энэ зунаас хичээллэж байгаа. Энэ сургалт нь хүүхдийн сурах мотивацийг нэмэгдүүлэх байдлаар тэдний хэл сурах авьяасыг хөгжүүлэх тусгай хөтөлбөрийн хамт хэрэгжинэ. Жишээ нь Дүрчилсэн байдлаар буюу үйл хөдлөлөөр сургах, дуу хөгжим, байгаль гэх мэт сонирхолтой сэдвүүдийн хүрээнд бодит орчинд нь сургана. Онгоцны буудал дээр гэх мэт хичээлийн хүрээнд яг газар дээр очиж гадаад хүнтэй ярилцуулж хичээлийг заах жишээтэй.

Ер нь англи хэлийг хурдан хугацаанд чанартай сурах боломж бий юу?

- Бид Монгол хэлийг өдөр бүр сурч байдаг. Анх хэлд орсон цагаасаа бага багаар шинэ үг сурч, түүнийгээ хэрэглэж сурдаг шүү дээ. Цаашилбал сурсан үгээ бичиж, өгүүлбэр холбон ярьж сурдаг. Бид насан туршдаа Монгол хэлээ сурна. Гэсэн хэдий ч алдаатай бичиж, буруу ярих үе бий. Яг түүнтэй адилхан Англи хэлийг хурдан сурна гэдэг боломжгүй юм.

 

- Хэлийг сурч эхлэх хамгийн тохиромжтой насыг тодорхойлбол. Мөн манай хүүхдүүдийн сурах чадвар, мэдлэг нь хэр байдаг вэ?

- Судалгаанаас харахад нас гэдэг бол хүний хэл сурахад нөлөөлөх гол хүчин зүйл яах аргагүй мөн. Бага наснаас нь хүүхдийг сургавал хурдан унаган хэл шигээ сурах, хоёр хэл дээр сурах сэтгэх, чадвар нэмэгддэг. Бүр тодруулбал, 4-5 настай хүүхэд 10 гаруй хэлийг зэрэг сурах чадвартай байдаг ч гэж үздэг. Ер нь бага наснаас эхлэн сурвал унаган англи хэлтэй болох боломжтой.

Англи хэлийг Монголын хөрсөн дээр буулгаад үзвэл долоогоос дээш насанд сурвал илүү үр дүнтэй гэсэн зарчмыг баримталж яваа. Хүүхэд монгол хэлээрээ зөв яриад бичээд сурчихвал хоёр дахь хэлээ сайн сурах боломжтой. Ер нь англи хэлийг амархан хурдан суръя гэж бодож байгаа хэн ч болов ичиж зовохгүйгээр, “буруу ярьчих вий” гэж эмээлгүйгээр ярьдаг бас ойлгодог байх хэрэгтэй. Гэтэл хүүхэд маань 12 нас хүрээд ирэхээр хэт бие барих, ичих, суралцах явцын сандрал, эмээлт бий болдог. Тиймээс ийм насанд хүрэхээсээ өмнө англи хэлийг төрөлх хэл шигээ сурчихвал илүү амар болно.

Тиймээс бид хүүхдийн буюу 7-12 насны, өсвөр үе буюу 13-18 насных, насанд хүрэгчдийн анги нь 18-аас дээш насных гэж ангилж англи хэлийг заадаг. Өсвөр насныхан насанд хүрсэн хүмүүстэй хамт суралцахаар сурах арга барил, сургалтын агуулга нь зөрчилдөх тул хичээлийн явц, хурд харилцан адилгүй болдог. Залуус англи хэлийг сонсоод яриад хурдан сурч байхад насанд хүрэгчид маань удаан, уламжлалт арга барилыг ашиглаж суралцах тал бий.

 

- “Хэлийг хэрэглээ биш, сургуулийн боловсролын суурь байх ёстой” хэмээн та дээр онцолсон билээ. Түүнээс гадна манайхан англи хэлийг сурснаар дэлхийн боловсролыг эзэмшинэ гэж ярьдаг?

- Миний хувьд хэлийг хэрэглээ гэж ойлгодоггүй. Англи хэлний боловсролын салбарт олон жил ажиллаж, уг хэлийг суралцагчдын халуун тогоонд байсны хувьд энэ хэлийг дэлхийн боловсролын үндэс суурь гэж ойлгодог.

Учир нь өнөөдөр англи хэл дэлхийн хэл болж, хүн бүр ажил хэргээ уг хэл дээр явуулж, дэлхийн сонгодог зохиолууд болон томоохон эрдэм шинжилгээний ажлын 80 гаруй хувь нь Англи хэл дээр нийтлэгдэн хэвлэгдэн гарч байна. Мөн сошиал ертөнцийн эх сурвалж мэдээлэл англи хэлний эхээс урган гарч байна. Цаг үеэсээ хоцролгүй, дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болоход зайлшгүй ач холбогдолтой юм. Тиймээс бид нар зохих ёсны түвшинд өөрсдийнхөө ажил мэргэжлийн хүрээнд англи хэлийг сурчихвал хэзээ нэгэн цагт, магадгүй өдөр болгон ашигладаг хэрэглэдэг болно шүү дээ.

 

Танайх зуны сургалтын элсэлтээ аваад эхэлсэн байна. Англи хэл сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдэд хандаж мэдээлэл өгвөл?

- Энэ жилийн зуны улиралын элсэлтийн давуу тал онцлог нь юу байна вэ гэхээр бид нар сургалтаа суралцагчийнхаа насны ангилалд тулгуурлан сургалтаа явуулах гэж байна. Хамгийн гол нь тухайн хүний сурах арга барилд илүү анхаарч хөтөлбөрүүдээ шинэчилсэн. Түүнээс гадна хүүхдүүдээ зугаатай хөгжөөнтэй байлгаж сургахын тулд агаар салхинд гарч, сонирхолтойгоор харилцан яриа өрнүүлж хичээллэх, явган, дугуйн аялал зэргээр энэ жил бүр илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорьж байгаа. Англи хэлийг сонирхолоороо нэгдэн сурч өнгөрүүлвэл сурах үйл явц илүү идэвх санаачлагатай байх болно.

Хүүхдэд аливаа хичээлийг заах тэр дундаа харь хэлийг заахын тулд онолоос илүү практик дээр заавал үр дүнтэй сурах боломж харагдаад байдаг?

- Тийм. Хүүхдүүдэд сонирхол татахуйц тоглоомоор, насны онцлогт нь суурилсан хөтөлбөрөөр хичээлээ заадаг. Хэтэрхий дүрмийн хичээл заагаад байвал хүүхэд залхана. Хүүхэд ухамсарлаж ойлгохгүйгээр сурах нь илүү чухал. Тоглож байх явцдаа л нэг үг сурчих жишээтэй.

Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ “Англи хэлийг заавал сурах ёстой” гэх, түүнчлэн ЕБС-д хичээлийн нэг төрөл болоод явчихаар хүүхдүүдэд “ял” мэт санагддаг. Гэтэл хүүхдийн дуртай зүйл дээр англи хэлийг сонирхолтой арга барилаар заах юм бол илүү сайн сурах, суралцах боломж бий. Ингэж сургахаар хүүхдүүд ээж ааваараа гуйлгалтгүй өөрсдөө дуртай болж дараагийн түвшиндээ дахин суралцмаар байна гэдгээ илэрхийлж манайд ханддаг нь бидний ажлын нэг амжилт том үзүүлэлт юм даа. Өөрөөр хэлбэл, бидний зааж байгаа хичээлийн сургалт үр дүнгээ өгч байна гэсэн үг.

 

- Насанд хүрэгчдийн хувьд англи хэлийг илүү хялбархан аргаар суралцах боломж нөхцөл нь юу байна вэ?

- Хоёр анги байгаа. Нэг нь ерөнхий англи хэл, нөгөөх нь академик англи хэл.  Ерөнхий англи хэлний ангид өдөр тутамд хэрэгцээ шаардлагад нийцэх үгийг сургах, харилцааны хэлийг зааж байгаа. Харин академик англи хэл нь юу вэ гэхээр ерөнхийгөөс ялгаатай. Дэлхий даяар Академик хэлийг Англи хэлний хоёрдогч мэргэжлийн хэллэг гэж үздэг. Ерөнхий англи хэл дээр нэг хүн 2000 гаруй үгийн сантай байхад бусадтай ойлголцоод ярилцаад хоёр жилийн дотор сурах боломжтой гэдэг бол академик англи хэлийг сурахад дор хаяж 10000 англи үгтэй байж, 8-10 жилийн хугацаанд бүрэн эзэмшинэ гэж үздэг.

Энэ хоёр хэл юугаараа ялгаатай юм бэ?

- Үгсийн сан, дүрэм, хичээлийн агуулгын хувьд маш их ялгаатай. Жишээлбэл, суралцах гэдгийг үгийг сурах, эрэл хайгуул хийх гэж ойлгоно. Гэтэл академик англи хэл дээр арай өөр үгээр илэрхийлж гаргадаг.  Энэ хэлийг их, дээд сургуульд, боловсролын хүрээнд илүү ашигладаг. Гадаадын их, дээд сургуульд элсэн суралцах гэж байгаа оюутан залуус байвал илүүтэй сайн судлах хэрэгтэй. Тиймээс манайх энэ хэл дээрээ тусгай анги нээн сургалтаа явуулж байгаа. Энэ нь TOEFL эсвэл IELTS-ийн шалгалт өгөхөд гол суурь нь болж өгдөг.

Танай төв 100 хүнд үнэ төлбөргүй англи хэл заасан гэсэн. Ямар амжилттайгаар сургаж төгсгөж байгаа вэ?

- Эдгээр хүмүүсийг таван бүлэгт хувааж сургасан. Насны ангилалаар таван анги болгосон. Өсвөр насныхан, оюутнууд, гэртээ хүүхдээ асардаг ээжүүд, ажил эрхлэгчид, 40-өөс дээш насныханд зориулсан англи хэлний сургалтыг амжилттайгаар сургаж ирэх долоо хоногт дуусах гэж байна. Анх суръя гэсэн хүсэл зорилготой 1000 гаруй хүн 10 хоногийн дотор бүртгүүлсэн. Тэгээд бүлэг бүлгээр нь ангилаад сугалаа хэлбэрээр шалгаруулсан.

 

- Энэ сургалтыг эхлүүлэх шалтгаан юу байв?

- Англи хэлийг сурах хүсэл эрмэлзэлтэй маш олон хүн байдаг. Гэхдээ чаддаггүй, зав гаргадаггүй, эсвэл “сурна даа” гэсэн бодлоор өөрийгөө хуурч явсаар хамаг цагаа өнгөрөөчихдөг талтай хүмүүс олон бий. Тиймээс ийм хүмүүсийг тохирох бүлэгт нь хуваагаад хэрэгцээ шаардлагад нь тулгуурлаж хичээл заах ёстой юм байна гэж бодсон. Тиймээс нас оройтлоо гэж бодох хэрэггүй. Англи хэл бол дэлхийн хэл. Уг хэлийг ямар ч байдлаар ярьж, хэрэглээндээ хэрэглэж байх ёстой. Эх орныхоо хэл шиг цэвэр суръя гэж бодож байгаа бол цаг хожиж  хүүхдээ багаас нь сургах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.  

Хэл сурч чадахгүй, бүр сурах авьяасгүй хүнийг англи хэлтэй болгож чадах уу?

- Боломжгүй зүйл гэж энэ амьдралд огт байхгүй дээ. Хэл сурах боломжгүй хүн гэж ерөөсөө байдаггүй. Бид нарт биологийн хэл байгаа нөхцөлд ярьж чадахгүй байна гэж байхгүй. Монгол хэлийг бид яаж сурсан билээ, яг түүн шигээ л сурах боломж бий.

Хэл сурахгүй байна гэж ярьдаг хүмүүс зорилгоо мэддэггүй юм шиг байгаа юм. Хэрэглэх шалтгаан бас гардаггүй байх. Гэхдээ аминд тулсан хэрэгцээ гараад ирвэл хүссэн хүсээгүй хэрэглэж бас сурах л болно. Нөгөө талаар англи хэлийг төлбөртэй сургалтаар дамжуулж сурах албатай биш. Хүн өөрөө зорилгоо тодорхойлоод надад хэрэгтэй зүйл шүү гэдгээ мэдэх юм бол ямар ч аргаар сурч болдог.

Тийм ч үүднээс манайх дээрх 100 хүнийг үнэ төлбөргүй сургаж тэдэнд боломж бий гэдгийг мэдрүүлэхийг зорьсон.  

 

- Англи хэлтэй хүн болгон төв байгуулж, үйл ажиллагаа явуулдаг болжээ. Чанартай чанаргүй сургалтын төвд өндөр төлбөр төлж сурсан хэрнээ англи хэлтэй болж чаддаггүй нийтлэг зүйл харагдаад байдаг?

- Сүүлийн үед хэлтэй хүн болгон англи хэл заана гээд зар тавиад явдаг болж. Өөрийнхөө мэдсэн сурсан зүйлээ бусдад түгээх буруу зүйл бишээ. Гэхдээ судалгаа шинжилгээтэй, боловсрол олгох гэдэг утгаар нь хүмүүст зааж өгөх юм бол илүү үр өгөөжтэй байна. Сарын дотор ч юмуу 20 цагийн дотор англи хэлний хичээлийг чанартай сайн зааж, ярьж бичиж сургана гээд ярьдаг төвүүдийн эсрэг байр суурьтай байдаг.

Яагаад гэвэл хэл сурахад шаардагдах хугацааг түргэвчилнэ гэдэг ёстой боломжгүй зүйл.  “Түргэвчилсэн” сургалтаар зааж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ англи хэлийг тухайн сурч байгаа оюутан төгс эзэмшиж чадахгүй.  Тиймээс манай төвийн түвшиний агуулгыг дор хаяж 90-120 цаг үзэж байж тухайн түвшний мэдлэгийг олж авах онцлогтой.

Танай төвд суралцсан хүүхдүүд оюутнуудаас англи хэлийг хэрхэн сайн сурсаныг нь яаж шалгадаг вэ?

- Шалгалтын систем чухал байдаг. Заах арга, хичээлийн хөтөлбөр, үнэлгээ дүгнэлт өгөх зэрэг гурван зүйл цогцоороо явж байж сургалт гэдэг зүйл цогц байдаг. Ганцхан хичээлээ заагаад яваад байвал тухайн хүүхдүүд юу сурч байна гэдгийг үнэлж чаддаггүй. Манай төв сургалтын явцын дунд, мөн төгсөх үед шалгалт авдаг. Сургалтын шалгалтыг агуулгынх нь хувьд хүчин төгөлдөр байлгахын тулд яг юу үзсэнээр нь шалгалт авах ёстой. Манайх дүрэм, сонсгол, уншлага, ярианы төрлөөр шалгалт авч дүгнэдэг.

 

- Монгол хэлээ төгс сураагүй байж гадны хэлийг сурах гэж хичээж чармайх хэрэг байна уу даа гэсэн шүүмжлэл байдаг. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

- Ийм асуудал зөвхөн Монголд яригдаад байгаа асуудал бишээ. Бүх орон энэ замыг туулчихсан. Англи хэлийг хоёрдогч хэлээрээ сонгосон улс орон ч бий. Яагаад энэ хэлийг судлаад сонирхоод соёлыг нь улс орондоо түгээж дэлгэрүүлээд байна вэ гэхээр нэгдүгээрт, дэлхийн боловсрол энэ хэл дээр явагдаж байна.

Эрдэмтэн судлаачдын хийж байгаа бүх ажлууд энэ хэл дээр байгаад байгаа. Энэ хэлийг судалснаараа арван жил, их дээд сургуулийн сургалтын системийг шинэчилж сайжруулж болохоор харагдаж байгаа. Салбарын сайд Л.Гантөмөрийн санаачлан гаргасан Кембрижийн боловсролыг Монголд нэвтрүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж, ийм сургалттай ЕБС-иуд нээгдсэн.

Гадны боловсролыг шууд хөрвүүлэхгүйгээр шууд утгаар нь авчрах биш, судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээтэй нь Монголын хөрсөнд буулгаж гаргаж ирж байгаа нь зөв гэж дэмждэг.

- Англи хэлийг сурах гэж байгаа хүүхэд залууст хандаж юу гэж хэлэх вэ?

- Англи хэлийг сурснаараа та маш олон зүйлийг өөртөө мэдэж авах болно. Хэрэглээ гэдэг талаас нь биш миний ажил мэргэжилд зайлшгүй хэрэгтэй болно гэдэг утгаар харж, мэдэж хэрэглээрэй. Өөрөөр хэлбэл, боловсролдоо хөрөнгө оруулж байна гэсэн үг.

Хоёр хэлтэй хүний сэтгэхүй өндөр түвшинд хөгжсөн байдаг. Тиймээс ажил мэргэжил, ирээдүйн амьдрал боловсролдоо хөрөнгө оруулалт хийхэд оройтоогүй шүү гэж хэлмээр байна. 

Эх сурвалж: www.ikon.mn