богино мэдээ New

Д.Одхүү: Бид усан цахилгаан станцаа барина, энэ бол монголчуудын хувь заяаны асуудал

Энэ уулзалтад Д.Одхүү гэдэг хүний байр суурь огт байхгүй, Монгол Улсын байр суурь гэж л бий. .

      Эгийн голын усан цахилгаан станцын ажлын явцын талаар төслийн нэгжийн захирал Д.Одхүү “Бид оросуудтай ойлголцож чадлаа” хэмээн мэдэгдээд байсан билээ. Гэсэн ч Оросын тал өөр байр суурьтай байгаа тухай мэдээлэл гараад байгаа юм.  Эгийн голын усан цахилгаан станцын ажлын явцын талаар төслийн нэгжийн захирал Д.Одхүүгийн ярилцлагаас “Тренд үг”-т онцоллоо. 

-Бидэнд албан ёсоор зурсан гарын үсэгтэй хамтарсан протокол бий. ОХУ-ын ЭСЯ-ны нэг мэдээлэл гарсан байна. Хэрэв мэдэгдэл байсан бол албан ёсоор Монголын талд гардуулан өгөх ёстой, гэтэл тэгээгүй. Маш энгийн нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ уулзалтад Д.Одхүү гэдэг хүний байр суурь огт байхгүй, Монгол Улсын байр суурь гэж л бий. Би Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, энэ төслийг удирдаж явуулах үүрэг хүлээсэн хүний хувьд сая болж өнгөрсөн уулзалтад Монголын талын ажлын хэсгийг ахалж оролцсон. Гэтэл гурван хуудас мэдэгдлийнх нь талаас илүү хувь нь Д.Одхүү гэдэг хувь хүн рүү чиглэсэн байгаад би та бүхний адил гайхаж байна.

-ОХУ-ын зүгээс энэ ажлыг эсэргүүцэн төслийн санхүүжилт хийж байгаа БНХАУ-ын тал руу санхүүжилтээ зогсоохыг шаардах, гуйх хоёрын завсрын агуулгатай захидал бичсэн тул ажил зогссон. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзалт хийх үеэрээ “Хэдийгээр Монгол Улсын газар нутгаар урсч байгаа Эгийн гол нь хилийн ус биш, бидний дотоодын асуудал боловч бид сайн хөршийн ёсоор энэ асуудлаар мэдээлэл хийх уулзалт зохион байгуулъя” гэж санал тавьсан. Энэ саналын дагуу уулзалт болсон. Өөрөөр хэлбэл, Монголын талын санаачилгаар болсон болохоос ОХУ-ын шаардлага тавьснаар энэ уулзалт болоогүй.
-Энэ уулзалт Төрийн ордны “Б” танхимд болсон учир Төрийн ордны сүлжээтэй бүх өрөөгөөр бичлэг нь шууд цацагдсан. Үүнийг хэдэн зуун хүн үзсэний дээр зарим нь бичиж авснаа хүртэл надад өгөхөөр санал болгосон. Уулзалтын бичлэгүүдийг буцааж харахад ч ярьсан зүйл яг тэр хэвээрээ л хадгалагдаж үлдсэн байна.

-Би ОХУ-ыг сайн хөрш, олон жилийн нөхөрсөг сайхан харилцаагаа хадгалан Монгол Улсыг дотооддоо ганц УЦС барихыг дэмжинэ гэж бодож байгаа. Бид зөвшөөрөл авахгүй.  Өөрөө өөрийнхөө газар нутаг дээр, өөрийнхөө голын эх үүсвэрийг ашиглаад Усан цахилгаан станц барьснаар эрчим хүчний аюулгүй байдал, цэвэр усныхаа нөөцийг хуримтлуулах ажлыг энэ олон жил эсэргүүцсэнийхээ дараа ухаараад дуугүй байх болов уу гэж бодож байна. Бид заавал усан цахилгаан станцаа барина, энэ бол монголчуудын хувь заяаны асуудал. Энэ бол Монгол Улсын өөрийн нутаг дэвсгэр дээр явуулж байгаа Монгол Улсын дотоодын асуудал.
 

Г.БАЯР