богино мэдээ New

Эзэн Чингис хааны удмын хамгийн агуу 10 хүн

Казахтсаны “Власти” цахим сэтгүүлээс Эзэн Богд Чингис хааны үр удмаас түүхэнд мөрөө үлдээсэн,хамгийн агуу 10 хүнийг шалгаруулжээ. Тус улсын түүхч Жаксылык Сабитовын гаргасан энэхүү жагсаалт, өөрөөр хэлбэл Чингисийн удмынхны чансааг доороос нь эхлэн толилуулж байна..

Эх сурвалж: www.time.mn

Казахтсаны “Власти” цахим сэтгүүлээс Эзэн Богд Чингис хааны үр удмаас түүхэнд мөрөө үлдээсэн,хамгийн агуу 10 хүнийг шалгаруулжээ. Тус улсын түүхч  Жаксылык Сабитовын гаргасан энэхүү жагсаалт, өөрөөр хэлбэл Чингисийн удмынхны чансааг доороос нь эхлэн толилуулж байна. Сабитов өөрөө энэхүү жагсаалтын талаар “Ямарваа нэгэн чансаа нь тухайн салбарынхаа нийт байдлыг богинохон хугацаанд хурдан шуурхай ойлгоход тус болдог зүйл билээ. Миний гаргасан Чингисийн үр ач нарын чансаа нь субъектив бөгөөд Их хааны удмынхны байсан түүхэн үе, улс гүрнийг ижил тэгш багтаахыг чармайсан гэдгийг болгооно уу” гэж бичжээ. 

10. Касым хаан. Казахын хамгийн алдартай хаан. Чингис хааны ууган хөвгүүн Зүчийн хүү Туг-төмөрийн удмын тэрбээр 1513-1521 онд Казахын хаант улсыг захирч байв. Хааны суудалд залраагүй байхдаа л Касым нэр нөлөө ихтэй, Казахын хаант улсын албан бус удирдагч нь байлаа. Тэр цэргийн эргэлт хийн, хаан ширээг булаан эзэлж чадах байсан ч тэгээгүй. Казахын анхны хаан Керейгийн хүү Бурундук хаан ширээнд байсан ч Касымтай өрсөлдөж чадсангүй, Самарканд руу зугтан оджээ. 1513 онд Касымийг хаан ширээнд залах ёслолд тал нутгаас цугласан 1200 ноёд ирсэн нь түүний нэр нөлөөг батлан харуулж байгаа юм. 1515-1516 онд Казахын хаант улсын хүн ам нэг саяд хүрсэн. Касымийн үе шиг олон тооны албаттай, хүчтэй хаант улс Казахт дахин гараагүй юм. Дундад зууны үеийн нэгэн түүхч “Зүчи хаанаас хойш хэн ч Касым шиг хүч чадалтай байсангүй” хэмээн тэмдэглэсэн байдаг. Касым хаан “Тал нутгийн оршин суугч бидэнд ховор, үнэтэй эд зүйл байхгүй. Манай гол баялаг бол хүлэг морь. Адууны мах, шир бидэнд хоол, хувцас болж, сүү нь айраг хэмээх сайхан ундаа болдог. Манай газар нутагт байшин барилга, цэцэрлэг байхгүй ч бидний зугаацан цэнгэх газар бол адуу малын маань бэлчээр билээ” гэж хэлж байв. Тэрбээр хүчирхэг ч энх тайванч, хөрш суурин улс орнуудыг эзлэн түрэмгийлэх гэж оролддоггүй байв. 

9. Ханхүү Петр Ордынский. Оросын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Чингисийн удмынхны дотроос Зүчи хааны ач, Бат, Бэрх хаадын хамаатан, ханхүү Петр Ордынский бусдаас онцгой гэж би боддог. Ростовын хамба лам Кирилл Алтан Ордны улсын нийслэл Сарайд зочлоод харихад нь Бэрх хааны хамаатан, ханхүү Даир хамт явахыг гуйжээ. Ростовд ирээд үнэн алдартны шашинд орсон Даир нэрээ Петр болгон өөрчилсөн. Алтан ургийн ханхүү тул түүнийг Бэрх хаан мөнгөөр хангадаг байсан ч Петр Ордынский их даруу төлөв хүн байлаа. Эхнэр нь нас барсны дараа тэрбээр сахил хүртэж, лам болсон. Алтан Ордны хаад ноёд түүнийг мэддэг, хүндэлдэг байсан тул Петрийн ач хүү нь Ростовыг Алтан ордод эзлэгдэхээс хамгаалж чаджээ. Петрийг 1290 онд нас барсны дараа гэгээнтэн болгон тахиж эхэлсэн. 1547 онд түүнийг албан ёсоор Үнэн алдартны шашны гэгээнтний тоонд оруулсан байна. 

8. Батмөнх Даян хаан. Чингис хааны дөрөв дэх хүү Тулуйн удам тэрбээр Монголын хамгийн агуу хаадын нэг билээ. Бүтэн зуун жил тархай бутархай байсан Монгол улсыг нэгтгэн, гурван настайгаасаа эхлэн 50 жил төр барьсан хаан. Тэр үед Батмөнх Алтан ургийн цорын ганц хүн болоод байсан юм. Тиймээс одоо байгаа Монголын Чингис хааны удмынхан бүгд дан Даян хааны удам юм. 

7. Өзбег хаан. Зүчийн хүү Бат хааны удам. 1313 онд Алтан Ордны улсын хаан болсон Өзбег засаг захиргааны шинэчлэлт хийсний ачаар улсаа их гүрэн болон хувиргасан юм. Алтан Орд улс нь олон жижиг улсаас бүрдэн, төвлөрсөн засаг нь сул дорой байсан бол Өзбег хаанзасгийн эрхийг авангуутаа, харьяаныхаа жижиг улсуудын хаад үе залгамжлан удирддаг байсныг өөрчлөн, өөрөө томилдог болсноор Эзэн хааны эрх мэдэл сэргэж, төвлөрсөн засаг хүчирхэгжсэн. Түүний үед хотын тоо эрчимтэй нэмэгдэж, эдийн засаг хөгжсөн. Өзбег лалын шашныг төрийн шашин болгон тунхаглаж, нүүдэлчин ардуудын цаашид хөгжих замыг тодорхойлж өгсөн юм. 1313-1359 он хүртэл үргэлжилсэн Алтан Орд улсын “Алтан үе”-ийг түүнтэй холбон тайлбарладаг. 

6. Кырым-Гирей. Зүчийн хүү Туг-төмөрийн удам. 1758-1764, 1768-1769 онуудад Крымийн эзэн хаан байв. Одоогийн Өмнөд Молдав, Украины Одесс мужийн нутагт байсан Буджак орд улсын ногайчуудын цэргийн жанжин байсан тэрбээр хаан цолгүй байсан ч бие даасан бодлого явуулдаг байлаа. Тэр үед Крымийн хааныг Туркийн Султанаас томилдог байсан ч ногай, Крымийн татаруудын дунд маш их нэр хүндтэй байсан Гирей бослого гарган хаан ширээг эзлэн авсан юм. Хайрт гэргийдээ зориулан, Бахчисарай ордонд “Нулимсан оргилуур” барьсан нь “Бахчисарайн усан оргилуур” балет болон А.С.Пушкиний “Гирей хаан” дуулинд мөнхрөн үлджээ. 

5. Хайду. Чингис хааны гурав дахь хүү Өгөдэй хааны ач хүү. Зарим түүхчид түүнийг “Монголын цэрэг дайчдын алдар гавьяаг дуурсгасан сүүлчийн баатар” хэмээн нэрлэдэг. Хайдуг нас биед хүрэх үед түүний ойр дотныхон хаан ширээний төлөө тэмцэлд оролцсон хэмээн ихэнх нь цаазлагдаж, хамаг эд хөрөнгө, эрх мэдлээ алдаад байв. Өгөдэйн удмынхан ингэж доош орж байсан удаагүй. 1260-1269 онд Хайду өвөөгийнхөө улс орныг сэргээн босгож, Хятадыг эзлэн захирч байсан Чингис хааны ач Хубилай хаантай тэмцэж байв. Энэ бол тал нутгийн нүүдэлчид Хятадад эд баялаг, тансаг байдлын амтанд орсон хамаатан садангуудтайгаа хийсэн хүч тэнцвэргүй тулаан байлаа. Хэдийгээр Хубилай хаан эд баялаг, цэргийн хүчээр илт давуу байсан ч Хайду түүнтэй 40 жил тулалдсан билээ. 

4. Дракула. Зүчийн хүү Шибаны ач хүү Токтимурын удам болох Басарабагийн үр удмын хүн гэж түүнийг үздэг. Дракула нь гадаадын уран зохиолд ихэд алдаршсан хүн ч утга зохиолын Дракула жинхэнэ бодит Дракулатай ижил нийтлэг зүйл маш бага. Влад III буюу Дракула нь Турктай тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан Румыний жирийн нэгэн удирдагч байлаа. Тэрбээр харгис хатуу хүн байсан бөгөөд дайснуудаа гадсанд зоон хороодог байсан тул “Гадсанд зоогч” хочтой байв.  XV зууны үеийн нэгэн зохиолч Владын талаар зохиол бичиж, тараасан нь маш олон янзын хувилбараар тархжээ. 1897 онд Брэм Стокерийн “Дракула” роман гарснаар Дракула уран зохиолын баатар болон хувирсан билээ. 

3. Мухаммед Шейбани. Бага насандаа өнчирсөн Шейбани Казахстаны тал нутгийг 40 жил захирсан авга ах Абулхаир хааны дэргэд баян цатгалан амьдарч байлаа. Гэвч Абулхаир хаан нас барсны дараа түүнийг ордноос хөөн зайлуулж, олон тооны дайснууд нь  хороохоор үлдэн хөөж байв. 30 жилийн турш тэр ядуу зүдүү байдалд, оргож зугатан амьдарсан юм. Гэхдээ тэр алдсан бүхнээ эргүүлэн авахаар бэлтгэж байлаа. Сайн улстөрч байсан Шейбани идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд цөөхөн цэрэгтэй байсан ч Узбекийн олон хотыг гартаа оруулж чадсан юм. Тэрбээр Ираныг эзлэх гэж дайтаж яваад амиа алджээ. 
 
2. Мөнх хаан. Чингис хааны отгонхүү Тулуйн хөвгүүн тэрбээр Монголын эзэнт гүрний агуу хаадын нэг юм. Түүнийг хаанчилж байх үед Монгол улс Хятад, Иран, Ойрхи Дорнодын ихэнх хэсгийг эзэлж, түүхэн дэх хамгийн том хэмжээндээ хүрсэн билээ. Орчин үеийн түүхчдийн бичсэнээр Мөнх хаан зан аашын хувьд үр ач нараас нь Чингис хаантай хамгийн төстэй байжээ. Баруун зүгт хийсэн аян дайны үеэр Мөнх авьяслаг цэргийн жанжин гэдгээ батлан харуулсан юм.  Батын тусламжтайгаар Монгол улсын хаан ширээнд заларсан Мөнх удалгүй Батын нэр нөлөөг хязгаарлан тогтоож чадсан юм. Батыг үхсэний дараа Мөнх төвлөрсөн засгийн эрх мэдлийг бэхжүүлсэн. Мөнх хааныг нас барсны дараа Их Монгол улс задарсан билээ. 

1. Алихан Бокейхан. Казахын хаадын удмын олон нийтийн зүтгэлтэн. Зүчийн хүү Туг-төмөрийн удам гэж тооцогддог. 1917-1920 онд Алаш автономит улсын анхны ерөнхий сайд байсан Алихан Оросын улстөрд оролцож, 1905 оноос кадетийн намын гишүүн байлаа. Улс төрчөөс гадна авьяаслаг эрдэмтэн гэдгээрээ алдартай. Тэрбээр түүх, угсаатан зүй, ардын аман зохиол, утга зохиолын салбарт олон арван эрдэм шинжилгээний ажил бичин, туурвисан. Казахын бичгийн уран зохиолыг үндэслэгч Абай Кунанбаевийн намтар, уран бүтээлийг судласан анхны эрдэмтэн юм. Алан хядагчидтай холбоотой гэж яллагдан 1937 онд буудуулжээ. Хэдийгээр цагаатгагдсан ч Алихан одоо болтол Казахстаны түүхэнд өөрийн эзлэх ёстой байр сууриа эзэлж чадаагүй л байна. 2016 онд түүний мэндэлсний 150 жилийн ой болох бөгөөд ЮНЕСКО-той хамтран тэмдэглэхээр бэлтгэж байна. 

Орчуулсан М.Сугар-Эрдэнэ 2016-01-27