богино мэдээ New

Д.Баттулга: Нийслэлчүүдийн эрх ашгийг хамгаалсан

Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ нь нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй орчин, нөхцөлд амьдрах бололцоог хангах, хотын зам тээвэр, дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөж, төлбөрийн чадварт ийцсэн орон сууцны хөтөлбөр боловсруулах, тодорхой зорилтот бүлгийг дэмжих, төрийн үйлчилгээг орчин үеийн жишигт нийцүүлэн, хөнгөн шуурхай хүргэхэд чиглэсэн ил тод, нээлттэй бодлого баримтлан ажиллаж ирснийг энд би цохон тэмдэглэе..

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрхэм Төлөөлөгчид өө !

Хүндэт зочид оо! Хатагтай, Ноёд оо !

      Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар баталгаажсан нутгийн өөрөө удирдах байгууллагын зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчил  бид хурлын өөрөө удирдах байгууллагынхаа 24 дэх жилийн түүхийн хуудсыг эргүүлж байна. Улаанбаатар хотын түүхэн замналтай харьцуулбал 24 жил бага хугацаа мэт боловч асар хурдацтай хөгжиж байгаа шинэ зууны хөгжлийн хурдаар авч үзвэл чамалхааргүй их хугацаа гэдгийг өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажил үйлс нотлон харуулах биз ээ. 2012 оны сонгуулиар байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2012 оны 7 дугаар сарын 9-нд анхны хурлаа хийж байсан тэр цаг мөчөөс хойш тогтмол ажиллагаатай болж,  өнөөдрийг хүртэл  Нийслэлийн ИТХ-ын ээлжит хурал 34 удаа, ээлжит бус хурал 8 удаа хуралдаж нийт 125 асуудлыг хэлэлцэн баталсан байна. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид 85 удаа хуралдаж 850 асуудлыг хэлэлцэн баталжээ.

Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ нь нийслэлийн иргэдийн ая тухтай, аюулгүй орчин, нөхцөлд амьдрах бололцоог хангах, хотын зам тээвэр, дэд бүтцийг сайжруулах,  гэр хорооллыг дахин төлөвлөж, төлбөрийн чадварт ийцсэн орон сууцны хөтөлбөр боловсруулах, тодорхой зорилтот бүлгийг дэмжих, төрийн үйлчилгээг орчин үеийн жишигт нийцүүлэн, хөнгөн шуурхай хүргэхэд чиглэсэн ил тод, нээлттэй бодлого баримтлан ажиллаж ирснийг энд би цохон тэмдэглэе.

 Бидний гаргасан энэ бүхий л шийдвэр нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан, бодлого тодорхойлсон олон чухал үйл явдлын үндэс суурь болсон юм.  Бидний хамгийн эхэнд гаргаж байсан томоохон шийдвэр бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ хэрэгжүүлэх тухай байлаа.

Энэ шийдвэр гарснаар тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалттайгаар оролцуулж, нийслэлийн иргэд нийтийн тээврээр зорчихдоо нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог болсон юм. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурчээ.

Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох зорилгоор газар өмчлөх, ашиглах эрх зүйн харилцааг зохицуулсан хэд хэдэн журмыг батлан гаргасан. Үүний үр дүнд газар эзэшмих, өмчлөх үйл ажиллагаа нь хэн нэг  албан тушаалтны эрх дураар шийдэгддэг асуудал биш болж, зөвхөн Газрын тухай хуулийн дагуу  нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалаар олгодог шинэ тогтолцоо бүрдлээ.  Газрыг хуулийн дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлж, өмчлүүлдэг, нийслэлийн өмчийг  нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалдаг сайн жишгийг бид тогтоолоо.  Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг батлан гаргаж, шинээр барилга барих аж ахуйн нэгжүүд барилгын ажил эхлүүлэхдээ заавал тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн зөвшөөрлийг авдаг журамтай болов. Мөн иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх нийт 120 байршлыг баталж, эзэмших эрхийг цахимаар олгох журам гаргаснаар нийслэлийн 75 000 иргэн  өөрийн өмчийн газартай болжээ.

Дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүхий л ажлаа өнөөдөр энэ индэрээс та бүхэнд танилцуулна гэвэл гэвэл цаг хүрэлцэхгүй.  Тиймээс би хэдэн тодорхой тоо баримтуудыг дурдахыг хүсч байна.

Нээлттэй, ил тод засаглалыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн 144 хороонд иргэний танхим байгуулж, шийдвэр гаргахын өмнө иргэдээрээ хэлэлцүүлэн, тэдний саналыг тусгадаг зарчимд шилжлээ.  Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн 453 гаруй үйлчилгээг нэг дор авах боломжтой  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарыг байгууллаа.  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт байгуулан, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулсан нь иргэдийн сэтгэлд хамгийн их нийцсэн ажил болжээ.

Аюулгүй амгалан Улаанбаатарыг бүтээхийн төлөө хэд хэдэн томоохон шийдвэрийг батлан гаргалаа. Тодруулбал, аюул далласан сурталчилгааны самбаруудыг буулгаж, зөвшөөрөгүй барилгуудыг цэгцэллээ.  Нийслэлийн ИТХ-ын дэргэд Цагдаагийн шинэчилсэн хуульд заасны дагуу  нийслэлд анх удаа  хотын цагдаагийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хүрээнд Улаанбаатар хотын 152 хороонд нийт 224 олон нийтийн цагдааг хувцас, хэрэглэл, цалин урамшуулалыг нь шийдэн ажиллууж байна.  Мөн сургуулийн орчны гэмт хэргийг бууруулах зорилгоор “Сургуулийн эргүүл” төсөл хэрэгжүүлж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралданаар сургуулийн эргүүлийн ажиллах журмыг баталлаа. Эцэг, эхчүүд сургуулийн орчинд эргүүл хийдэг болсноор сургуулийн орчинд гардаг гэмт хэргийн тоо 10-15 хувиар буурчээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд багачуудыг хүчирхийллээс сэргийлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр “Хүүхдэд ээлтэй нийслэлийн хөтөлбөр”-ийг баталсан бол  нийгмийн хамгийн эмзэг давхрага болсон, орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх нэгдмэл бодлоготой болох зорилгоор “Гэртээ харих зам” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.  

 Нийслэл хотын бүтээн байгуулалт бүхий л салбарт эрчимтэй өрнөж байгааг хэлэх нь зүйтэй. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөөг хэрэгжүүлэхэд 25,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд үүнээс 2014-2017 оны хугацаанд 12 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэхүү төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

2012-2015 оны хугацаанд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 2936 төсөл арга хэмжээг 901,2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүллээ.

Боловсролын салбарт 2012-2015 онд 96 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, өргөтгөлийг ашиглалтад оруулснаар боловсролын салбарын хүчин чадлыг 25 мянгаар нэмэгдүүлэв.

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ хүүхдийн зулай шиг нимгэрсэн байсныг шинэчлэн, 2012-2015 онд дулаан цэвэр бохир усны шугамыг засуулах болон шинээр инженерийн шугам сүлжээний нийт 363,4 км шугамын ажил хийгдэж 100 мянган айл өрхийн дулаан, цэвэр бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болсон.  

Улс, нийслэлийн төсөв, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 45,7 тэрбум төгрөгийн 30,508 ширхэг гэрэлтүүлэг, 9 тэрбум төгрөгийн 1000 орчим камерийг суурилуулжээ. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, тоосжилтыг бууруулах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд зориулан 2012-2015 онуудад нийт 76.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж гүйцэтгэжээ.

Өнгөрсөн хугацаанд та бидний нүдэнд харагдах хамгийн том бүтээн байгуулалт бол нийслэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажил юм. Зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд  Улаанбаатар хотод нийт 83,63 км зам шинээр тавьж, 175,7 км замыг өргөтгөн шинэчилжээ.  Бид зөвхөн замын уртад биш чанарт анхаарлаа хандуулдаг болсон. 2012-2015 онд хийсэн замын  томоохон ажлуудаас  нэрлэвэл, Улиастай гачуурт чиглэлийн 11 км замын шинэчлэл, Баянзүрх товчооноос Яармагийн гүүр хүртэлх 17,6 км замыг ажлыг онцолж байна.

Мөн Хойд зуслан чиглэлийн замын 40 гаруй жилийн дараа шинэчлэн, унадаг дугуйн замыг давхар шийдвэрлэсэн нь нийслэлийн иргэд хот дотор болон зуслангийн замаар зорчихдоо ая тухай, харьцангуй тайван оролцож, автозамын чанарт өөрчлөлт орсон гэдгийг бодитоор мэдэрч байгаа гэдэгд итгэлтэй байна. Зам тээврийн шинэчлэлийн хүрээнд 721.8у/м гүүр шинээр барьж, 478,36у/м гүүрийг өртөтгөн шинэчилсэн байна.  Мөн “Гудамж” төслийн хүрээнд хотын хамгийн их ачаалалтай байсан  26 уулзварыг өргөтгөж, замын хөдөлгөөний эрчмийг сайжруулжээ

Амины орон сууцтай, агаар нь цэвэр Улаанбаатар хотыг бий болгохын тулд бид мөн олон чухал шийдвэр гаргажээ.  Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудыг тогтоон, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.  Гэр хорооллыг орон сууц болгон дахин төлөвлөх ажлын хүрээнд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588 айлын орон сууц, 2015 онд 1656 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 615 өрхийн 2583 иргэн  хашаагаа орон сууцаар сольжээ. Харин энэ онд шинээр 4044 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болсон байна. Гэр хорооллын иргэд хэсэг бүлгээрээ нэгдэж, хашааны газартаа өөрсдөө төлөвлөлт хийх  шинэ журмыг  ч бид бас баталлаа. Гэр хорооллын 9 нэгж талбарт иргэд хашааны газраа өөрсдийн хүслээр төлөвлөн, инженерийн дэд бүтэцэд холбогдсон тохилог сууцтай болох ажил хэдийн эхэлжээ. Бид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг илүү эрчимжүүлэхийн тулд нийслэлийн 2016 оны төсвийн тодотголоор 20 гаруй тэрбум төгрөгийг суулган батлав.  Гэр хорооллыг шинэчлэх ажил  цаашид “Сайн хашаа” хөтөлбөрөөр түүчээлж, бидний хот дэлхийн жишигт нийцсэн хөгжилтэй, эрүүл, аюулгүй хот болон хөгжих боломжтой болж байна.  Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг шийдэхээр болсон билээ.

Бидний хэлэлцэн баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах  журам”-ын дагуу бүтээн байгуулалт ид өрнөж байна.  ХУД-ийн 2,3 дугаар хороо, БГД-ийн 1, 2, 3, 4, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах газар хөдөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг буулгаж, дахин барьж байна.  Энэ хугацаанд та бид хамтдаа ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, анхаарал халамжаас үргэлж ард хоцордог зорилтод бүлгийн иргэдэд чигэлсэн  хэд хэдэн чухал шийдвэрүүдийг батлан гаргажээ. Тухайлбал  “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр” баталж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, байгалийн гамшигт өртөж, орон гэрээ алдсан зэрэг нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдэд зориулсан түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ахмадын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Ахмадын хотхон”-1 ОНӨААТҮГ-ыг байгуулан 300 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зах зээлийн үнээс 3-4 дахин хямд буюу 75-150.000 төгрөгийн түрээсийн орон сууцанд хамруулаад байна. Төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад нь урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх журам баталлаа. Хуучны угсармал орон сууцуудыг дулаалах  “Дулаан техникийн   шинэчлэлтийн үйл ажиллагааны журам”-ыг  саяхан батлан гаргав. Энэ журмын дагуу орон сууцуудыг дулаалснаар нийслэлийн иргэд хана, туурга, тааз, хаалгаараа дулаан алдахгүйгээр, өнөтэй өвөлжих боломжтой болно.

Нийслэлийн иргэдээ ажлын байраар хангах, ажлын байр шинээр бий болгох зорилгоор бид бас хэд хэдэн томоохон хөтөлбөр журам гаргав.  Үүнээс нэг л жишээг дурдахад эдийн засаг хямралтай, ажлын байр хомс болсон хэцүүхэн цаг үед нийслэлээс “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам” батлаж, нийслэлээс ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдэд зориулан хөнгөлттэй зээл олголоо. Зээлийн санхүүжилтээр бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөж, бүтээгдэхүүн нэр, төрлөө олшруулж, бизнесээ өргөжүүлжээ.  Энэ хугацаанд бид 20 мянган  ажлын байрыг шинээр бий болгож, 40 мянган иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангажээ.

Улаанбаатар хотыг Үндэсний урлаг соёл, өв уламжлалаараа жуулчдын сонирхол татахуйц аялал жуучлалын хот,  “Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын зангилаа”, “Монгол туургатны соёлын аялал жуучлалын төв” болгон хөгжүүлж, 2030 онд 5 сая жуулчин хүлээн авах зорилго бүхий  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд жуулчдын сонирхолыг татах  урлаг соёлын томоохон ажлуудыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор  Багануур, Налайх, дүүргийг дагуул хот, Баянхошуу, Сэлбэ зэрэг нийслэлийн 7 хэсэг газрыг дэд төв болгон хөгжүүлэхээр  шийдвэрлэсэн. Энэ дагуу 2015 онд НИТХ-аас Налайх, Багануур дүүрэгт дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэж,  баталсан бөгөөд иргэдийн саналд үнэслэн Налайх, Багануур хотыг байгууллаа.  Улаанбаатар хотын дэд төвүүдийн ажил гараанаас гарч, Баянхошуу, Долоон буудлыг хотын дэд төв болгох төсөл Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж байна.

Энэ мэт та бидний хамтдаа хэлэлцэн, батлан гаргасан томоохон шийдвэрийн үр дүнд хотын төсвийн бааз суурь бэхжин, хөрөнгө оруулалт урьд жилүүдийнхээс нэмэгдэж, хотын бүхий л салбарт бүтээн байгуулалт өрнүүлэх таатай бололмжийг бидэнд авчирсан юм.

Сүүлийн дөрвөн жилд Улаанбаатар хот дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй улсын нийслэл, бусад хотуудтай хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, хотын гадаад харилцаа шинэ шатанд гарлаа.

Бид аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдээс асуудаг, иргэдээрээ хэлэлцүүлдэг шинэ тогтолцоог бүрдүүлснээр иргэд ч нийслэлийн удирдлагаас гаргаж байгаа  шийдвэрүүдийг чанд дагаж мөрддөг болжээ.  Энэ нь хотоо өөрчлөх, хотоо шинэчлэх гэсэн олон олон иргэдийн хүсэл зоригийн илрэхийлэл гэж ойлгож байна Тиймээс нийслэлээ өөрчлөх шинэчлэлийг манайланлан хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа  нийслэлийн иргэддээ талархаж байгаа илэрхийлье.  

Хотын маань төв талбай ер нь хаа сайгүй төгсөх оюутны дуу цангинсан энэ цаг дор бид ч гэсэн 4 жилийнхээ мөчлөгийг дуусгаж сүүлчийн хуралдаанаа хийж байгаа нь түүхийн нэгэн мөчлөг болж байна. Нүдэн дээр минь хөгжин цэцэглэх хотоо бид дэлхийн жишигт хүргэж, хойч үедээ эрүүл, аюулгүй, амар амгалан  сайхан хотыг хүлээлгэн өгөх нь бидний эрхэм зорилго билээ.  Энэ хүндэт индэр дээрээс нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан бодлого шийдвэрийг биелүүлж ирсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон түүний Тамгын газар, ажлын алба, агентлаг, газар хэлтсүүд, орон нутгийн өмчит төсөвт байгууллагууд, бүх  дүүргийн Засаг дарга түүний Тамгын газрын хамт олонд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал дэвшүүлж байна.  

Удахгүй УИХ болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль болно. Энэ 4 жилд энэ танхимд тохой тохойгоо нийлүүлэн сууж, хотын бүхий л асуудлыг хэлэлцэн баталсан та бүхний цаашдын зам мөр өөр өөр байх ч нийслэл хотоо гэсэн сэтгэл, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэх та бидний зам нэг гэдэгт итгэлтэй байна.

Нийслэл хотынхоо хөгжлийн төлөө ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлж, элэгсэг, бүтээлчээр 4 жил хамтран ажилласан Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хангарди ордон Нэгдсэн хуралдааны танхим

2016 оны 5 дугаар сарын 19