богино мэдээ New

Их Монгол Улсын сүмийг ил үзмэр болгоно

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын Цогт Их Асар сүмийн археологийн үлдэцийг хамгаалж, нийтийн хүртээл болгох ил үзмэрийн нээлт өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо..

Р.Адъяасүрэн | www.GoGo.mn

Монгол, Германы Ерөнхийлөгчдийн ивээл дор, хоёр улсын Засгийн газар хоорондын соёлын болон археологийн малтлага судалгааны урт хугацааны хамтын ажиллагааны үр дүнд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын Цогт Их Асар сүмийн археологийн үлдэцийг хамгаалж, нийтийн хүртээл болгох ил үзмэрийн нээлт өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо.

ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Герда Хенкель сан, Германы Археологийн хүрээлэн, Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам санхүүжүүлсэн уг төслийнхэн Цогт Их Асар сүмийн барилгын археологийн үлдэцийг хамгаалахын зэрэгцээ археологийн судалгаан дээр үндэслэн тавцангийн хана, түүн дээр гарч буух шатыг ЮНЕСКО-гийн стандартын дагуу дахин сэргээж босгожээ.

Ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ, тус яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, ХБНГУ-аас Монголд суугаа элчин сайд Герхард Тийдеманн, Германы археологийн хүрээлэнгийн эрдэмтэн доктор Ханс-Георг Хьюттел, Монгол-Германы хамтарсан "Хархорум экспедици" төслийн удирдагч доктор, профессор хатагтай Кристина Франкен, док, профессор У.Эрдэнэбат, Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат болон орон нутгийн соёлын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Монгол-Германы хамтарсан Хархорум экспедицийн сүүлийн 20-иод жил Хархорум хот орчимд хийсэн малтлага судалгаа Монголчуудын байгуулсан эзэнт гүрний нийслэл алдарт Хархорумын түүхийн талаарх эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн олон асуудал, эх сурвалжийн мэдээллийг тодруулжээ.

Түүнчлэн Их Монгол Улсын нийслэлд байсан суурьшлын олон үе шатны дэс дарааллыг тодорхойлох боломж олгосноороо Төв Азийн нүүдэлчдийн хотжил суурьшлын түүх, археологийн судалгаанд үнэтэй байр суурь эзэлж байгаа юм.

ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийж буй олон ажлын нэг нь Хархорум дахь бурханы шашны их сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, өргөн олон түмэнд үзүүлэх ил музей болгон эзэмшиж ашиглах бүтээн байгуулалтын төсөл юм. Энэ төсөл 2014 оноос эхэлсэн.

Монгол-Германы хамтарсан экспедицийн 2014 оны малтлага судалгаагаар Язгуурын таван бурханы ивээл дор Их Монгол Улс үүрд мөнх мандан бадарч байхын бэлгэдэл болсон энэхүү сүмийн довжоо суурин дороосXIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг илрүүлэн олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт болсон билээ.