богино мэдээ New

М.Батсуурь: Захиргааны хэргийн шүүх Монгол улсад дагнасан шүүхийг хөгжүүлэх үндсийг тавьсан

Захиргааны хэргийн шүүх бол шүүхийн зүгээр нэг салаа мөчир биш. Энэ Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр төлөвших нэг том баталгаа нь юм. Ардчилал, эрх зүйт төр бидний зорилго хэвээрээ байгаа цагт энэ шүүх улам бэхжиж хөгжих нь дамжиггүй..

Сэтгүүлч Б.Пүрэвжав

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурьтай ярилцлаа.

-Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад 10 жил болжээ. Энэ хугацаанд  шүүх эрх зүй болон  зохион байгуулалт, хүний нөөцийн хувьд хэр төлөвшиж  чадсан бэ?

-Захиргааны хэргийн шүүх гэдэг дагнасан шүүхийн тогтолцоо Монгол Улсад байгуулагдаад 10 дахь жилдээ ажиллаж байна. Анх 2004 оны зургадугаар сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа 50 орчим шүүгчтэй явуулж эхэлсэн бол өнөөдөр улсын хэмжээнд захиргааны анхан шатны 20 шүүх, захиргааны хэргийн  давж заалдах шүүх, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим гэсэн гурван шатанд ойролцоогоор 70 гаруй шүүгчтэй, 90 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Аливаа тогтолцоо, байгууллагын цаана хүн байдаг. Тиймээс захиргааны хэргийн шүүхэд ажиллаж буй шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадвар, ёс зүй, хичээл зүтгэлээс захиргааны хэргийн шүүхийн нүүр царай, нийгмийн үнэлэмж шалтгаална. Анх байгуулагдаж байсан үеэ бодоход одоо харьцангуй мэргэшсэн хамт олон бий болсон гэж үздэг. Гэхдээ шүүх маань дөнгөж 10 жил болж байна. Хүний насаар бол балчир үедээ байна. Тиймээс улам бэхжих, өөрсдийгөө хөгжүүлэх шаардлага байгаа. 

-Захиргааны хэргийн шүүх 10 жилд хэдэн хэрэг шийдвэрлэсэн бэ. Ер нь ямар маргаанаар иргэд голдуу ханддаг бол?

- Энэ хугацаанд бүх шатандаа 19683 хэрэг хүлээн авсан бөнөөд 7441 хэргийг анхан шатандаа шийдсэн бол давж заалдах шатандаа 3519, хяналтын шатаар 1807 хэрэг, нийт 12767 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэн хэргийн 61.1 хувийг иргэн, хуулийн этгээд талдаа шийдсэн. Үүний цаана 4000 орчим төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, иргэн хуулийн этгээдийн эрхийг сэргээсэн гэсэн үг. Маргааны төрлийг аваад үзэхэд энэ хугацаанд хамгийн их нь Газрын маргаан шийдвэрлэсэн байдаг. Энэ нь нийт хэргийн 30 орчим хувь. Дараа нь төрийн албаны маргаан 20 орчим, тэгээд сонгууль, эд хөрөнгийн бүртгэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, тендертэй холбоотой маргаан голлох хувийг эзэлдэг. Ер нь төр, иргэн хоёрын харилцаа хамгийн их үүсдэг харилцаан дээр маргаан их гардаг гэж болно.      

- Ер нь захиргааны хэргийн шүүх бий болсноор нийгэмд ямар эерэг үзэгдэл гарав?

-Дурдаад байвал маш их эерэг үзэгдлийг нийгэмд авчирсан. Хамгийн нэгдүгээрт түгээсэн том соёл бол төрийн байгууллага хуульд захирагдаж ажилладаг соёлыг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Бид эрх зүйт төр гэж ярьдаг. Төрийн байгууллага албан тушаалтан ч гэсэн иргэнтэй адил хуульд захирагдах ёстой. Иргэн төрийн албан тушаалтантай адил тэгш эрхтэй гэдгийг захиргааны хэргийн шүүүх дээр маргаанаа шийдүүлэхдээ хамгийн их мэдэрдэг байх гэж би боддог.

Захиргааны хэргийн шүүх байгуулагдахаас өмнө төрийн байгууллага, албан тушаалтан хууль зөрчлөө гэхэд хандаж гомдол гаргадаг мэргэшсэн тогтолцоо байгаагүй. Иргэн захиргааны шүүхэд хандах болсноор төрийн байгууллагын сүүдэрт байсан хууль бус шийдвэрүүдийг нээж, шүүх уг шийдвэрүүдийг хүчингүй болгож хууль бус ажиллагааг таслан зогсоож эхэлсэн. Ингэснээр эцсийн үр дүнд эрх зүйт буюу хууль дээдэлдэг төр амьдарч эхэлж байгаа юм. Үүний дагаад мөн иргэд захиргаанаас эмээдэг байсан бол одоо энэ хандлага өөрчлөгдөж захиргааны шүүхэд хандах нь ихсэж байна. Энэ бол иргэний эрх зүйн соёлд гарч байгаа том дэвшил. Дараагийн ач холбогдол нь авлигын асуудлыг цэгцлэхэд тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна гэж хардаг.

Хуучин захиргааны шүүхгүй байхад иргэдийн хувьд захиргааны өмнө тулгарсан асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд авилгын замаас өөр сонголт байхгүй байсан болно. Харин одоо захиргааны шүүх бий болсноор захиргааны шүүхэд хандан асуудлаа шийдвэрлэх гэдэг сонголттой болж байна. Захиргааны шүүхээр дамжуулж асуудлаа шийдүүлж байгаа учраас авилгалын асуудал буураад, харин нөгөө талдаа шударгаар асуудлаа шийддэг дэг журам тогтож эхэлж байна. Энэ бол захиргааны шүүх Монголд бий болсны дараагийн том ач холбогдол нь юм. Гуравдугаарт, захиргааны шүүх бий болсноор дагнасан шүүх гэдэг зүйлийг Монголд хөгжүүлэх хамгийн том үндсийг тавьсан.

-Захиргааны хэргийн шүүх манай анхны дагнасан шүүх. Дагнасан шүүхийн ач холбогдол ер нь юу вэ?

- Шинжлэх ухаан гэдэг зүйл чинь улам нарийсаж байна. Эмнэлгийн тухай ярихад л ерөнхий гэж ярихаас илүүтэй нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношлогоо, эмчилгээ хийдэг. Хэзээ ч хүн нүдний эмчид очиж шүдний асуудлаа тавихгүй шүү дээ. Тиймээс захиргааны шүүх яг үүнтэй адилхан. Нийгмийн харилцаа хөгжөхийн хэрээр хууль бас даган улам нарийсан хөгжиж байна. Өмнө нь хуульч хуулийн салбар болгоныг гадарладаг байсан үе бий. Харин өнөөдөр хуульч хүн энэ бүгдийг нь мэдэх боломжгүй. Иймээс эрүүгийн, иргэний, захиргааны зэрэг тодорхой салбар эрх зүйгээр мэргэших ёстой болж эхэлж байна.

Захиргааны шүүх хамгийн анхны  нарийн мэргэжлийн шүүхийн загварыг бий болгосон. Энэ шүүх зөвхөн төрийн албан тушаалтны шийдвэр хуулийн талаас зөв байна уу үгүй юу гэдэгтэй холбоотой маргааныг шийднэ. Мэргэшсэн шүүх бий болоод ирэхээр иргэний хувьд ч ээлтэй. Олон талын өнгөц мэдлэгтэй хүнээр асуудлаа шийдүүлэхээс илүүтэй тухайн асуудлаар нарийн мэргэшсэн хүнд хандаж, шийдүүлэх боломжтой болж эхэлж байна. Захиргааны шүүхийн дагнасан шүүх бий болоод ач холбогдлоо харуулсан учраас сая 2012 онд нийтлэг харьяаллын байсан шүүхийг мэргэшүүлж эхэлж байна.

Мөн дагнасан шүүх төрөлжсөн шүүүхийг төрүүлдэг. Дагнах гэдэг маань хуулийн тогтолцоог дагадаг. Төрөлжинө гэдэг тэр тогтолцоон дотроо тодорхой маргаанаар төрөлжих тухай ойлголт. Дагнасан захиргааны шүүх дотроо татварын, санхүүгийн төрөлжсөн шүүхүүд бий болно. Улмаар дагнасан иргэний шүүх дотроо гэр бүл, хөдөлмөрийн, худалдааны шүүхүүдтэй болно. Ингээд улам мэргэшинэ гэсэн үг.

-Захиргааны шүүхэд хандах иргэдийн тоо жил бүр өсч байгаа гэдэг. Иргэд эрхээ хамгаалах талаар мэдлэгтэй болж байна гэж ойлгох уу. Эсвэл төрийн байгууллага, албан тушаалтнууд хууль бус шийдвэр олноор гаргаад байна уу?

-Захиргааны хэргийн шүүхийн 10 жилд шийдвэрлэсэн хэргийн тойм судалгааг аваад үзвэл жил бүр захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл болон шийдвэрлэсэн хэргийн тоо дандаа өсөлттэй байдаг. Үүнийг би эерэг талаас нь хардаг. Нэгдүгээрт, иргэд энэ шүүхийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болж эхэлж байна. Түүнчлэн эрхээ хамгаалах соёлтой болж эхэлж байна. Бид өмнө нь шүүх гэхээр хэрэгтэн л шүүхийн хаалга татдаг гэсэн ойлголттой байв.

Харин өнөөдөр шүүх иргэн миний эрхийг хамгаалдаг, бас надад үйлчилдэг байгууллага гэсэн ойлголт улам дэлгэрч байна. Нөгөө талаас захиргааны хэргийн шүүх ч гэсэн өөрөө иргэдийн итгэлийг дааж чадаж байна гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ шүүхээр асуудлаа шийдүүлээд маргаж байгаа юм чинь үнэхээр үндэслэлтэй байх юм бол ямар ч авлигагүйгээр,  хамгийн эрүүл аргаар үнэнээ тогтоолгох юм байна гэсэн итгэл ард иргэдийн дунд ажиглагдаж байна. Тэгэхээр энэ бол захиргааны хэргийн үйл ажиллагаа иргэдийн итгэлийг дааж байгаагийн нэг илрэл байх.  Ер нь захиргааны хэргийн шүүх бий болсноор төрийн захиргааны байгуулага албан тушаалтан шийдвэр гаргах үйл ажиллагаанд том нөлөө үзүүлсэн гэж би ойлгодог.

2004 онд шийдсэн хэргүүдийг аваад үзэхээр тэр гарч байгаа албан тушаалтны шийдвэр нь ямар ч хуулийн үндэслэлгүй байдаг байсан. Үндэслэлгүй гэдэг нь хуулийг огт үндэслэлгүйгээр зүгээр тушаах нь, захирамжлах нь гээд шийдчихдэг. Харин одоо төрийн байгууллага, албан тушаалтны гаргаж байгаа шийдвэрийг харах юм бол асар олон хуулийг үндэслээд нөгөө гаргаж байгаа шийдвэртэй сайн тайлбар хийчихсэн тийм шийдвэр гарч эхэлж байна. Захиргаа шүүх дээр очоод унахгүй байхын тулд хууль талаас нь, бодит байдал талаас нь маш их сайн үндэслэсэн шийдвэр гаргадаг байх ёстой гэсэн соёл төрийн захиргааны байгууллагад бий болж байгаа нь том дэвшил. Тэгэхээр иргэдийн хувьд маргах үндэслэл соёл бий болж байгаа учраас хэргийн тоо өсч байгаа болохоос захиргааны байгууллагын буруутай шийдвэр ихэсч байгаа гэсэн үг биш.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарын мэдлэг боловсролын талаар та ямар дүгнэлт өгөх вэ?

-Захиргааны шүүх нь  ерөнхийдөө Ерөнхий сайдын захирамжийг  оруулаад ерөнхий сайдаас доошхи бүх гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, УИХ-ын дэргэдэх агентлагууд орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, албан тушаалтан гээд ихэнх захиргааны байгууллагыг хамруулж шийдвэрийг нь хянаж байна. Энэ арван жилийн хугацаанд шийдсэн хэргүүдийг багцлаад үзэх юм бол хамгийн их нь газрын маргаан байдаг. Нийт маргааны 30 хувийг эзэлдэг. Дараа нь төрийн албатай холбогдох маргаан 20 хувийг эзэлдэг.

Түүнчлэн татварын маргаан 13 орчим хувь  байдаг. Сонгууль, тусгай зөвшөөрөл, тендер, эд хөрөнгө иргэний бүртгэлтэй маргаан гээд цаашаа үргэлжилдэг. Энэ олон төрлийн маргааныг шийдвэрлэж байгаа шүүгчийн хувьд мэдлэг, ур чадвар өндөр байх нь эргэлзээгүй. Нэг талаас захиргааны шүүгч бол хуулийг нийтийн эрх зүй гэдэг салбарыг маш сайн мэддэг байхын зэрэгцээ нөгөө талаас салбарын шинжлэх ухааны талаар зарим талын мэдлэг мэдээлэлтэй байх зайлшгүй шаардлагатай байдаг. Жишээ нь, газрын маргаан гэхэд тэнд газар зохион байгуулалт, төлөвлөлт, бүсчлэн хөгжилт тусдаа салбар шинжлэх ухааны талаар Татварын маргааны ард нягтлан бодох бүртгэл гэдэг асар том шинжлэх ухаан байгаа. Тиймээс захиргааны хэргийн шүүгч  татварын маргаан шийдвэрлэхийн тулд нягтлан бодох бүртгэлийн стандартыг мэдэх л ёстой болдог.

Ядаж л байгууллагын татварын тайланг нь хараад тэр татвараар маргаж байгаа дүн нь хаана нь орсон юм бэ гэдгээр дүгнэлт хийх чадвартай байх ёстой. Тэгэхээр цаашдаа төрөлжсөн шүүхийн загвар руу ороод хөгжих юм бол илүү мэргэшсэн шүүгч нартай болох юм. Санхүү татвартай холбоотой төрөлжсөн шүүх бий болвол эдийн засгийн мэдлэгтэй шүүгч нар тэнд ажиллах шаардлага гарна. Ингэж байж илүү мэргэшсэн загвар руу орно.   

-Орон нутгийн захиргааны хэргийн шүүхүүд цөөхөн хэрэг шийдвэрлэдэг. Тэгэхээр зарим хүн хоёр аймгийн дунд ч юм уу нэг шүүх байж болно гэж үздэг. Харин таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ бол бэхжиж байгаа шүүх. Саяхан Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын дунд нэг шүүхийг бий болгосон. Хуучин Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүх, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүх гэж байсан. Одоо бол дундаа нэг тойрог нэг шүүхтэй болсон. Булган аймгийн болон Орхон аймгийн захиргааны хэргийн хоёр шүүх нэгдсэн байгаа. Хөгжиж байгаа шүүхийг шийдвэрлэсэн хэргээр дүгнэх бус, харин ирээдүйд нийгэмд ямар ач холбогдолтой вэ гэдэг талаас нь харах нь чухал. Шүүх бол иргэний эрхийг хамгаалахын тулд байдаг байгууллага. Тиймээс иргэний эрхийг хамгаалдаг байгууллага нь иргэндээ ойрхон байх ёстой.

Монгол Улсын хэмжээнд зөвхөн Улаанбаатар хотод ганцхан анхан шатны захиргааны шүүх нь байх юм бол иргэд хэр хандах вэ. Жишээ нь, Увс аймаг юм уу Дорнодод Засаг дарга нь хууль бус шийдвэр гаргачихсан байхад энд ирж хандах болов уу. Замын зардлаас эхлээд зөндөө зүйл байгаа. Ажил төрөл цаг хугацаанаас эхлээд олон асуудал тулгарна. Бага хэрэгтэй байна гэдэг үндэслэлээр иргэний шүүхийн хүртээмжтэй байлгах, иргэндээ ойрхон байлгах үнэт зүйлийг үгүй хийх үндэслэл биш байх. Хамгийн чухал нь иргэн шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Гэхдээ энэ зардал нь иргэний эрхээ хамгаалахад гарч байгаа болохоор яах ч аргагүй энэ бол зөв зүйл юм.

-Захиргааны хэргийн шүүх хичнээн шударга шийдвэр гаргалаа ч биелэгдэхгүй байх тохиолдол байдаг. Шүүхийн шийдвэр зайлшгүй биелдэг байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Энэ бол манайд л байгаа зовлон юм. Германы захиргааны хэргийн шүүх гэхэд 160 жилийн түүхтэй. Харин манайх арав дахь жилдээ. Хууль дээдэлдэг соёл төлөвшсөн, захиргааны хэргийн шүүх олон жил амьдарсан улсад захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх гэсэн ойлголт байдаггүй. Шүүх буруутай гэж шийдвэрлэсэн бол тэр албан тушаалтан биелүүлээд л явна.

Манайд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээж авдаггүй тал бий. Саяхан нэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаад захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоол хүртэл гаргасан байсан. Шүүхийн шийдвэр гарсан л бол эрүү ч бай, захиргааны хэргийнх нь ч бай адилхан биелдэг байх нь хууль дээдэлдэг нийгмийн энгийн үзэгдэл. Энэ бол инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй байдал юм даа. Яваандаа хуулийг дээдлэх, шийдвэрийг биелүүлэх соёл бий болох байх. Өнөөдөр бол шийдвэрийн биелэлт үнэхээр хангалтгүй. Хоёр захиргааны хэргийн шүүхийн нэг шийдвэр нь биелэдэггүй гэсэн судалгаа гарсан байна. Энэ нь албадлагын тогтолцоо хэрэгтэйг харуулж байна.

-Захиргааны хэргийн шүүх нээлттэй байдлын талаар иргэд их гайгүй үнэлгээ өгдөг юм байна лээ. Энэ чиглэлд ер нь ямар ажлууд хийсэн бэ?

-Шүүх нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлын урьдах нөхцөл нь нээлттэй ил тод байдал. Учир нь шүүх эцсийн шийдвэрийг гаргаж байдаг байгууллага шүү дээ. Хүмүүс хоорондоо маргаад өөрсдөө шийдэж чадахгүй асуудлаа шүүхээр шийдүүлдэг. Хүссэн хүсээгүй маргаж байгаа асуудалд шүүх шийдвэр гаргахад аль нэгийг нь гомдоож таардаг. Маргаж байгаа гурван тал байлаа гэхэд бүгдэд нь сэтгэл ханамжийг өгөх сайхан шийдвэрийг  гаргаж чадахгүй. Заавал хэн нэгийг нь гомдоож таардаг. Ядаж энэ гомдлыг тайлах хамгийн чухал арга нь ийм ийм  учраас таны талд шийдэх боломжгүй юм гэдэг үндэслэлийг нь сайн тайлбарласан шийдвэр гаргаж, үүнийгээ нийтэд танилцах боломжоор хангах ёстой. Мөн шийдвэр гаргаж байгаа хуралдаан жирийн иргэнд хардлага төрөхгүйгээр ил тод нээлттэй хийх ёстой.

Манай захиргааны хэргийн шүүх нээлттэй байдал дээр анхны загвар шүүхийг бий болгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр ороод үзээрэй. Энд иргэд ороход нэг давхар тэр чигтэй нийтийн заал. Ямар ч хүн орсон та хаачих гэж байна гэж асуухгүй  ямар хурал болох гэж байна, хэзээ ямар ямар хэргийг шийдэх вэ гээд бүх мэдээлэл дэлгэцнээс харж болно. Түүнчлэн цахим шийдвэрийн цонх бий. Тэр цонхноос Монгол Улсад гарсан 100 мянган шүүхийн шийдвэрүүдийг үзээд шаардлагатай бол хэвлээд авч болно. Шүүхийн хуралдааныг шууд дамжуулж, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд иргэний боловсролын хичээл орж байна. Түүнчлэн шүүх хуралдаанд сууж чадаагүй иргэдэд зориулж тухайн маргааны талаарх бүх зүйлийг дүрсжүүлж, хожим үзэх боломжоор хангасан байгаа. Товчоор “шилэн шүүх”-ийн анхны загварыг захиргааны хэргийн шүүх бий болгосон.

-Захиргааны хэргийн шүүхийн цаашдын хандлагыг та яаж тодорхойлох вэ? Мөн хэрэг хянан шийдвэрлэдэг журмын талаар.

- Захиргааны хэргийн шүүх бол шүүхийн зүгээр нэг салаа мөчир биш. Энэ Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр төлөвших нэг том баталгаа нь юм. Ардчилал, эрх зүйт төр бидний зорилго хэвээрээ байгаа цагт энэ шүүх улам бэхжиж хөгжих нь дамжиггүй. Мэдээж олон улсын жишиг, нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагаар илүү мэргэшсэн, төрөлжсөн шүүхийн загвараар явах биз ээ. Нөгөө талаас, шүүх бол үйлчилгээний байгууллага гэж дээр би хэлсэн. Тиймээс үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун үйлчилгээг үзүүлэх ёстой. Шүүх шийдвэрээрээ хүн гомдоож болно. Харин иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээрээ иргэдийг гомдоож болохгүй. Шүүхийн шинэтгэлийн давалгааны том зорилт нь энэ гэж боддог.

Хууль эрх зүйн Содон сэтгүүл