богино мэдээ New

Иргэн Н.Цээпилийг 400 саяын азтан биш гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

Говь-Алтай аймгийн уугуул С.Алтанзулын баримт 400 саяын сери дугаартай таарч, ГТЕГ-т өргөдөл зэргээ өгсөн талаар мэдээлсэн билээ. Түүнчлэн яг ижил баримтыг нь олон нийтэд дэлгэж, өөрийгөө азтан болсон байж болзошгүй хэмээн мэдээлсэн Н.Цээпил нартай холбогдож мэдээллийг хүргэсэн юм. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр Гааль, татварын ерөнхий газраас мэдээлэл хийлээ..

Манай сайтын зүгээс Говь-Алтай аймгийн уугуул С.Алтанзулын баримт 400 саяын сери дугаартай таарч, ГТЕГ-т өргөдөл зэргээ өгсөн талаар мэдээлсэн билээ. Түүнчлэн яг ижил баримтыг нь олон нийтэд дэлгэж, өөрийгөө азтан болсон байж болзошгүй хэмээн мэдээлсэн Н.Цээпил нартай холбогдож мэдээллийг хүргэсэн юм. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр Гааль, татварын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Энэ талаар Гааль татварын мэдээлэл технологийн төвийн захирал Р.Отгонтулга "Эхний азтан С.Алтанзул дөрөвдүгээр сарын 5-нд Гааль, Татварын ерөнхий газарт ханджээ. Сугалааны дугаар таарсан боловч QR код нь арилсан байсан тул лабораторид шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд ирэх долоо хоногт хариу нь гарна. Харин хоёр дахь иргэн Н.Цээпил дөрөвдүгээр сарын 26-нд хүсэлтээ өгсөн байна. Хүсэлтийн дагуу мэдээлэл технологийн төвд QR кодыг задалж уншуулахад баримттайгаа нийцээгүй. Тиймээс иргэн Н.Цээпил 400 сая төгрөгийн азтан биш гэдгийг албан ёсоор мэдээлж байна" гэсэн юм. Мөн “Цаасан хэлбэрийг дуурайлгасан ч QR кодыг дуурайлган хийх боломжгүй. НӨАТ-ын урамшуулалтай холбоотойгоор 66 тэрбум сугалааны дугаарыг үүсгээд түүнийгээ санамсаргүй байдлаар иргэдийн баримтад хэвлэж өгдөг. Давхардаж дугаар хэвлэгдэх ямар ч боломжгүй. Сугалаан дээр байдаг QR код бол дахин давтагдашгүй учраас үүнийг нь шалгаж байж тухайн баримтыг жинхэнэ эсэхийг мэддэг” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Супер азтан тодруулах тохирол гуравдугаар сарын 20-нд тодорч 26024190 дугаартай баримт шалгарсан юм. Тухайн үед дээрх дугаар бүхий баримтыг бүртгүүлээгүй байсан бөгөөд Баянзүрх дүүрэгт орших Оргил худалдааны төвийн Амгалан дахь салбараас худалдан авалт хийсэн иргэн дээрх баримтын эзэн гэдгийг Гааль татварын ерөнхий газраас зарласан. Харин хуурамч баримт хийсэн иргэнд хүлээлгэх хариуцлага байдаг эсэх талаар ГТЕГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Б.Доржсүрэн “Хэрэв хуурамч баримт гэдэг нь тогтоогдвол бид холбогдох хуулийн байгууллагад шилжүүлнэ. Хуулийн байгууллага тухайн үйлдлийг ямар зөрчил гэдгийг тогтоож, хариуцлага хүлээлгэх болно” гэсэн юм.

Т.БАТСҮРЭН

www.medee.mn