богино мэдээ New

Тэр яагаад Ялалтын баярт оролцохгүй вэ

Тэгвэл Америкийн дайсан Ким Чен Ун ирэхгүй болсныг тэд яаж тайлбарлах юм бол” гэж асуужээ. .

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ сарын 9-нд болох Ялалтын 70 жилийн ойд оролцохгүй боллоо гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдлээ. Уг нь ОХУ-ын хэвлэлээр түүнийг ирэх гэж байна гэж хэдэн сарын турш бичсэн билээ.  Дмитрий Песков “Хойд Солонгосын талаас дипломат шугамаар бидэнд энэ талаар мэдэгдсэн. Шалтгаан нь улс эх орны дотоод ажлаас боллоо гэж байсан” гэж л мэдэгдсэн бөгөөд олон улсын судлаачид яагаад залуу Ким Москвад ирэхээс татгалзав хэмээн элдэв таамаглал дэвшүүлж эхэллээ. Хойд Солонгос ч угаасаа далд нууцлаг, таамаглалын орон болохоор жинхэнэ учир шалтгааныг нь олоход маш хэцүү гэдэг нь ойлгомжтой.

ОХУ-ын ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн захирал Георгий Толорая Би-Би-Си-д ярилцлага өгөхдөө “Ким Чен Ун-ий шийдвэрт үнэхээр гайхаж байна. Гэхдээ Хойд Солонгос байнга л бусдыг цочирдуулж байдаг улс шүү дээ. Тэднй удирдагчдын гаргадаг алхмуудыг жирийн логикоор ойлгох арга байхгүй” гэж хэлсэн байна. Харин ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн мэргэжилтэн  Константин Асмолов “Дотоодын ямар асуудлаас болоод Ялалтын баярт ирэхгүй болсныг мэдэх гээд л хичээж байна. ОХУ Хойд Солонгосын харилцаа муудсан зүйл огт байхгүй. Гуравхан хоногийн өмнө Пхеньянд манай Алс Дорнодын хөгжлийн Яамны сайд Александр Галушко тэргүүтэй 60 хүнтэй баг айлчилсан” гэж гайхшаа барж сууна.

Уг нь Америк, Барууны орнууд Ялалтын баярт ирэхгүй байгаа энэ хүнд үед л Хойд Солонгос “хүн чанар”-аа харуулж, ирэх ёстой баймаар. Гэхдээ олон улсын шинжээчдийн дүгнэж байгаагаар ОХУ-д Хойд Солонгос хэрэгтэй гэхээсээ илүү эсрэгээр Хойд Солонгост Орос чухал шаардлагатай түнш юм. “Хойд Солонгос Оростой харилцаагаа хөгжүүлж, хамгийн ойр дотны түнш Хятаддаа шахалт үзүүлэхийг хүсдэг” гэж Георгий Толорая ярьж байна. Тэгвэл яагаад Залуу удирдагч Москвад ирэхээс сүүлчийн мөчид татгалзав аа? Тэр Ялалтын 70 жилийн ойд ОХУ, тэр тусмаа Ерөнхийлөгч В.Путин ямар их ач холбогдол өгч байгааг сайн мэдэж байсан шүү дээ.  Георгий Толорая “Ким Чен Ун түүнийг эх орондоо байхгүйд гадаад дотоодын дайснууд ямар нэг хуйвалдаан хийх гэж байгаа талаар мэдээлэл авсан байх” гэж таамагласан бол Сөүлд амьдардаг улс төр судлаач Андрей Ланьков “Ямар ч хуйвалдаан байхгүй. Хойд Солонгосын нийгэмд ямар нэг тогтворгүй байдал ажиглагдаагүй” гэж няцаалаа. Андрей Ланьков “Хойд Солонгосын элитүүд хоёр Солонгос нэгдсэн тохиолдолд тэдэнд ямар нэг даргын суудал олдохгүй гэдгийг мэдэж байгаа.

Ким Чен Ун-ийг хэт залуу байна хэмээн цэргийн том дарга нар төдийгүй өндөр албан тушаалтай хамаатан саднууд нь ч басамжилж байсан ч Залуу Ким тэднийг хэдийн дундад зууны зэрлэг аргаар устгачихсан. Засгийн эрхийн төлөө тэмцэл одоо байхгүй. Мэдээж тэр олон хүнд таалагддаггүй. Хүчирхэг залуу удирдагч дарга нарыг өөрийн дураар л сольж хольж байна. Гэхдээ түүнийг солиод гарч ирэх хүн байхгүй. Дээдчүүл хоорондоо муудалцаад эхэлбэл ард түмэн босож, засгийн эрхнээс буухаа элитүүд нь сайн ойлгож байгаа” гэж ярьж байна.  Хойд Солонгост дээд дарга нарыг олноор нь цаазалж байна гэсэн мэдээ сүүлийн үед гарч байгаа ч үүнийг Ялалтын баярт оролцохгүйтэй шууд холбож болохгүй.  Зарим шинжээчид Залуу Кимийг В.Путинтэй Хойд Солонгосын пуужингийн асуудлаар ярихаас зайлсхийсэн, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Москвад ирэхгүй болсон тул татгалзлаа гэж үзэж байгаа юм. Тэгвэл нэг хэсэг нь Залуу Ким зүгээр л их зан гаргалаа гэж тайлбарлажээ. Гэхдээ Ким Чен Ун-ийг гадаад хүмүүстэй уулзах дургүй, ялангуяа өөр улсын төрийн тэргүүнтэй ганцаарчилсан уулзалт хийхийг үзэн яддаг гэх хүмүүс бас байна. Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Пхеньянд айлчлахад ч тэрбээр уулзаагүй билээ.  

Гэхдээ Хойд Солонгосын удирдагч Ялалтын баярт ирэхгүй байх нь бас сайн талтай гэж оросууд үзэж байна. Учир нь хөгжилтэй том улсуудын тэргүүнүүд ирэхгүй байхад Ким Чен Ун гарч ирэх нь дэлхий нийтэд Орост Хойд Солонгосын дарангуйлагчаас өөр найз нөхөр үлдээгүй мэт харагдуулах болно гэж зарим судлаач ярьж байна. ОХУ-ын ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн захирал Георгий Толорая, “ОХУ-ын Гадаад Хэргийн Яамныхан эвгүй байдалд орлоо. Тэд америкчууд бусад орнуудын тэргүүнүүдийг Москвад очиж болохгүй гэж ятгаж байна гэж ярьж байсан. Тэгвэл Америкийн дайсан Ким Чен Ун ирэхгүй болсныг тэд яаж тайлбарлах юм бол” гэж асуужээ. “Ер нь энэ хэн ирэх бол, хэн татгалзав гэдэг асуудал анхнаасаа хэнд ч урилга явуулаагүй бол гарахгүй байлаа. Ирэхийг хүссэн нь ирдэг юм байгаа биз, хүсээгүй нь гэртээ л зүгээр байж байх байсан” гэж Георгий Толорая үзэж байна. 

Эх сурвалж: www.time.mn мэдээллийн цахим хуудас

М.Сугар-Эрдэнэ