богино мэдээ New

Малын тоо өссөн ч махны экспорт буурчээ

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2014 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 51.9 сая толгойд хүрч, 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өслөө. Урьдчилсан дүнгээр: • Адуун сүргийн тоо толгой 2.9 сая, • Үхэр 3.4 сая, • Тэмээ 349.3 мянга, • Хонь 23.2 сая, • Ямаа 22.0 саяд хүрчээ. Ийнхүү малын тоо өссөн байтал экспортын дүн буурсан байна. Үүний шалтгааныг манай улсад мал эмнэлэг, эрүүл ахуйн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийн горим хэрэгжээгүй гэж тайлбарлаж байна. Мөн мал аж ахуйн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсэнгүй..

Малын халдварт болон онц аюултай өвчнүүдийн гаралт ч буурахгүй байна.  

Онцгой байдлын ерөнхий газраас хамгийн сүүлд мэдээлснээр Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Булган аймгийн Рашаант, Увс аймгийн Улаангом суманд мал, амьтны галзуу өвчин энэ сарын 7-нд бүртгэгджээ.

 

Малын гоц болон халдварт өвчнөөр мал нь өвдсөн сум, баг, өрхөд ноос, нолуурын урамшуулал олгохгүй байх, хүүхдийг нь их сургуулийн төлбөрийн хөнгөлөлтөд хамруулахгүй олгохгүй байх зэрэг хариу арга хэмжээ авах шаардлагатай байна.

Нөгөөтэйгүүр бид ОХУ-ын Уралаас урагших бүс нутгаас өөр улсад үхрийн мах экспортлоогүй байна. Энэ нь мах экспортлох орнуудынхаа тоог нэмэх буюу гадагшаа гарах гарцаа олшруулах шаардлагатайг харууллаа.

Өнгөрсөн намар БНХАУ-ын дарга манай улсад айлчлах үеэр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятадад татваргүй, хэмжээ харгалзахгүй экспортлохоор тохиролцсон. Гэвч одоог хүртэл энэ яриа ажил хэрэг болоогүй.

Бээжин хотод болсон хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын ажлын хэсгийн зургадугаар хурал, хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын Дэд сайдын түвшний ажил хэргийн уулзалтаар зүүн аймгуудад шүлхий, малын гоц халдварт өвчингүй тайван бүс бий болгож, мах экспортлох боломжийг бүрдүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцож, хурлын протокол байгуулсан байдалтай л сууна.