богино мэдээ New

Боолын хөдөлмөр ба эдийн засгийг солонгруулах ЗӨГИЙН хүч

Монгол хүний унаган нэг араншин бий. Хэзээ ч ар гэр амраг саднаа хөсөр хаяж яваагүй сэтгэлгээ. Дээр нь нутаг усаа бэтгэртлээ санана. Зөгийн үүр хөтөлбөр амжилттай хэрэгжсэн бол гадаад дахь монголчууд дийлэнх нь эргээд нутгийнхаа нууранд бууж сурсан мэдсэнээ харамгүй зориулах байлаа. Харамсалтай нь зүгээр л хошгируулалт байж..

Нийтлэлч Н.Бадамжав

      “Зөгийн үүр” гээд лужир том хөтөлбөр сүр дуулиантай зарлагдсан хэрнээ дуутай тэнгэр хургүй гэгчээр тэгс ингэсхийгээд намжив. Хүнд хэцүү цаг үед эх орноо хаяад явсан өөдгүй монголчууд гэж  өвөр зуураа ярилцана. Сүүлийн 20 жилд 200 гаруй мянган монгол зөгий эх орон руугаа хэдэн зуун сая ам.доллароор тооцогдох хөрөнгө оруулалт хийжээ. 2000 онд албан бусаар 22.4 сая ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ний хоёр хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан бол 15 жилийн дараа энэ үзүүлэлт 347.9 сая долларт хүрч ДНБ-ий дөрвөн хувьд хүргэж чадсан байх юм.

Сүүлийн жилүүдэд уул уурхайгаас олох улсын орлого нэмэгдснээр ДНБ-д ноогдох хувь багассан ч гэлээ шууд хөрөнгө оруулалт багассан ч ил далдаар олон арван сая ам.доллараар хэмжигдэж байна. Ах дүү, амраг садан, үр хүүхдүүддээ явуулж байгаа энэ их хөрөнгө мөнгө шууд хөрөнгө оруулалт болон шингэсэн. Дийлэнх нь буюу 50 гаруй хувь нь байр орон сууц, 20 орчим хувь нь үйлчилгээний газруудын санхүүжилт, үлдсэн нь иргэдийн ахуй амьжиргаанд шууд шингэжээ. Хүний газар гүний хошуунд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажиллаж, бусдын эрхэнд хүссэн ч хүсээгүй ч оногдсон ажлаа хичээж хийж зүтгэн байж энэ их хуримтлалыг эх орон руугаа илгээсэн. Монгол Улсын айл өрх бүхний нэгээс дээш гишүүд ийм боолын хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засгийг сэргээх гэж нэргүй албанд зүтгэж явна.

Монгол хүний унаган нэг араншин бий. Хэзээ ч ар гэр амраг саднаа хөсөр хаяж яваагүй сэтгэлгээ. Дээр нь нутаг усаа бэтгэртлээ санана. Зөгийн үүр хөтөлбөр амжилттай хэрэгжсэн бол гадаад дахь монголчууд дийлэнх нь эргээд нутгийнхаа нууранд бууж сурсан мэдсэнээ харамгүй зориулах байлаа. Харамсалтай нь зүгээр л хошгируулалт байж. Сүүлдээ бүр тэднийгээ ад үзэх хандлагатай. Хэрвээ төр тэднийгээ ажиллаж амьдарчих аятайхан бололцоо нөхцөлийг хангачих юм бол хэн ч цаашаа гэхгүйсэн. Бидэнд мэргэжилтэй ажилтан, боловсон хүчин ус агаар шиг хэрэгтэй байна.

Өнөөдөр хөгжилтэй орнуудын техник технологитой танилцаж мэргэжил эзэмшсэн 200 мянган хүн бүхий энэ том арми Монголын хөгжлийн түүчээ яах аргагүй мөн. Харамсалтай нь бид ашиглаж чадахгүй сууна. Харин ч бүр адлах маягтай. Гэтэл тэд маань гадныхныг бишрүүлж байна. Солонгост хараар ажиллаж байгаа ямар ч монгол хүн хөдөлмөрийн бүтээмжээрээ араб, хятад, филиппин, оросуудаас хол илүү гэж магтана. Монгол хүнийг ажилд авахдаа ч сайн байдаг тухай бишгүйдээ л сонслоо. АНУ, Европын холбооны улсуудад ч монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, оюун сэтгэлгээний хурдыг шагшин гайхаж байна.

НҮБ, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк тус бүрд олон монгол залуу алба хашиж, Майкрософт, Apрle, Фейсбуук, Intel тэр байтугай АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг "Марина" арми гээд мэдлэг оюун, бие бялдар, ажлын ачаалал даах чадвараараа гайхуулж байна. Харвард, Сиэтл, Оксфордын дугуй зааланд монгол залуу эрдэмтэн лекцээ уншин, дэлхийн алдар хүндтэй театруудад монгол хүү балет бүжин, монголт охин Кармены хундаганы дуу хадааж, морин хуур, хөөмийн аялгууг өрнийн бүүдгэр тэнгэр дор эгшиглүүлж явна. Гайхамшиг биш гэж үү. Аль сорууд гадагшаа гараад хэдэн архичин нөхдүүд нь монголдоо үлдэж улсаа нураагаад байгаа юм биш.

Энэ бол оюун сэтгэлгээ чөлөөлөгдсөний үр дүн. Дээр нь монгол хүн бүрийг дэлхийтэй өрсөлдөх өргөн боломжтой болгосон нээлттэй ардчилсан нийгмийн ач тус. Монголчуудыг гурван саяд хүргэж болохгүй гэж хөршүүд маань сэм хэлэлцдэг байсан гэх юм билээ. Үнэн худлыг хэн мэдлээ. Хүн ам олшрохдоо биш байх аа. Гол нь сэтгэлгээний эрх чөлөө хангагдсаных болов уу. 50 жилийн өмнөх нийгэмд өнөөгийнхөөс сэтгэлгээний төвшингөөс хамаагүй дор байж. Аргагүй шүү дээ хаалттай, нэг намын хатуу тогтолцоотой төр засагтай байсан юм чинь.

Мэдлэг боловсролын төвшингөөрөө Европ, Америкаас бараадахын аргагүй холд хаягдсан байлаа. Өнгөрсөн 100-хан жилийн дотор сэтгэлгээний ийм өндөр төвшинд гарсан ард түмэн байхгүй. Ялангуяа сүүлийн 20-хон жилийн доторх хөгжил дэвшил Чингисээс хойшхи хамгийн хүчирхэг Монголыг цогцлоон бүрдүүлэх үндэс суурьтай болголоо. 50-аад онд хүн амынх нь 80 хувь нь нүүдэлчин, малчин, нийгмийн баялаг үйлдвэрлэх ямар ч гэгээлэг салбар байхгүй л сууцгааж байлаа шүү дээ. Тэр ард түмэн өнөөдөр сансарт хүнээ нисгэчихсэн, цөмийн зэвсэггүй бүс нутгийн толгойлогч санаачлагч, олимп, дэлхийн аваргатай, дэлхийн тэргүүлэгч хөгжлийн хурдацтай лужир сүрхий улс болчихож.

Яахав зарим нэг асуудал бий л дээ. Уулын чинээ цагааныг малгайн чинээ хар дарж байгаа нь үнэн. Энэ Монгол нэгэнт эрчээ аваад юунд ч торохооргүй эрч хүчтэй болжээ. Дэлхийд гайхагдаад байгаа тэр л хүмүүс энэ ард түмнээс төрж гарсан хойшид ч гарсаар байх болно. Амьдралын үнэлэмж өндөрссөн ямар ч улс орны хөгжил дэвшил ямагт өөдөө байдаг юм билээ. Ердөө арав гаруй жилийн жилийн өмнө нийслэл хот гурван мянган гаруйхан машинтай байлаа. Одоо хар 100 гаруй мянгаас даваад л гарчихсан. Улсын төсөв хэдэн зуухан тэрбумаар ярьдаг байсан бол өнөөдөр их наядаар тоологдох болж байна. Турж үхлээ л гээд байдаг. Худлаа л даа. Өнөөдөөр Монгол хүн дунджаар 2700 кл.калори хоол идэж байна. Европын стандарт л шүү дээ. Азийн хамгийн баян Японых яг 2700 калори байгаа.

Лалын ертөнц шиг буу бариад бие биенээ намнахгүй л байгаа биз дээ. Үер ус болж газар хөдлөөд хэдэн зуугаараа нөгөө ертөнцөд заларчихаад байгаа юм огт алга. Хамгийн тайван биш юм аа гэхэд тайван улс оронд манайх орно шүү. Мэдээж нийгмийн сэтгэхүй сайжрах ёстой. Гол нь сэтгэлгээгээ шинэтгэх л хэрэгтэй байна даа. Бахархах зүйлтэй хүн бахархалаа даган дууриах их тэмүүлэлтэй байдаг юм билээ. Монгол хүн болгон ийм оюуны болон бие бялдарын асар их нөөц чадавхитай. Гол нь тэр бүгдийгээ нээж үзүүлэх монголын нөхцөл байдал нэг л биш байгаад хэргийн учир оршиж байгаа юм. Төр боломжийг нь бий болгож чадахгүй, хөдөлмөрийн бүтээмжийг нь гүйцэт үнэлэхгүй байгаад олон залуусын маань урам нь хугарна.

Зөгий үүрэндээ элэгтэй баймаар байна. Үүрийг нь аятайхан засчихсан байхад ирдэггүй зөгий гэж нэгээхэн бээр ч үгүй. Хөгжлийн ирээдүй гадна талд хангалттай бэлтгэгджээ.Дайны дараах Япон, Солонгос чухамхүү ингэж л дэлхий даяар зөгийнүүдээ тархаасан. Зөгийнүүдийнх нь 60 гаруй хувь нь эргэж ирсэн ч тэр хүчээр Азийн хөгжлийг тодорхойлж чадсан. Санал асуулгаар монгол зөгийнүүдийн 80 гаруй хувь нь эх нутагтаа ажиллаж амьдрах сонирхолтой гэснээс харахад Монголын хөгжлийн алтан түлхүүр тэдэнд байгаа юм байна гэсэн гэгээн гэрэлт бодол төрнө. Гол нь төр засаг авлига хээл хахууль, намчирхсан хэрүүл маргаан, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэр цагийг наашлуулах боломжийн хөтөлбөр байсансан уг нь Зөгийн үүр. Дан ганц хөтөлбөр санаачлаад зөгий үүрэндээ бал цуглуулан ирэхгүй. Үүр нь тохилог хатгах өргөс багатай л байх ёстой. Өөрийгөө хүндэлдэг хүний өмнөх зам дардан байдаг гэдэг. Улс орон би, та, бид бүхнээс бүрэлддэг. Хүн болгон л ийм омогшил бахархалтай, ирээдүйн гэрэл гэгээт мөрөөдөлтэй болбол чиг сайхан даа.