богино мэдээ New

Тогтворгүй нефтийн үнийг тогтворжуулах шийдэл

Хар алтны ханш хямдарсаар бараг сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрлээ. 2008 оны санхүүгийн хямралаас хойш нефтийн үнэ ингэж шалдаа бууж байгаагүй хэмээн мэргэжилтнүүд шагширч, харин нөгөө талд Саудын Араб, Кувейт, Арабын нэгдсэн Эмират улсын газрын тосны салбарын албан тушаалтнууд “Хар алтны ханш хэд хүрч хямдарсан ч олборлолтын хэмжээгээ бууруулахгүй” хэмээн удаа дараа мэдэгдсээр байна. Катарын албаны хүмүүсийн тооцоолсноор дэлхийн зах зээл өдөрт хоёр сая баррель нефтиэр “хахаж” байгаа бөгөөд энэ нь ОПЕК-ийн нийт олборлолтын 6.5 хувьтай дүйж буй..

Зах зээл дэх байр суурийн төлөөх өрсөлдөөн ийнхүү улам бүр ширүүсч байгааг Та, бид өдөр тутам харж сууна. Америкийн шатдаг занарын салбарыг “буулгаж авах” гэсэн Саудын Арабын стратеги хэмээн шинжээчид энэ үйл явцыг тайлбарлаж буй. Өнгөрсөн сарын байдлаар АНУ өдөрт 9.14 сая баррель нефть олборлож байсан нь Засгийн газрын дэргэдэх Эрчим хүчний газраас статистик мэдээлэл хөтөлж ирсэн 1983 оны нэгдүгээр сараас хойших түүхэн дээд түвшинд тооцогдож байгаа аж.

Энэ зуур ОПЕК-ийн гишүүн 12 улс өнгөрсөн арваннэгдүгээр сард Австрийн Вена хотноо хуралдаж, олборлолтын түвшнээ бууруулахгүй гэдгээ бататгасан бөгөөд өнгөрсөн сарын байдлаар тэд өдөрт 30.2 сая баррель хар алт шахаж байсан нь тогтоосон квотыг долоо дахь сардаа давуулж буй үзүүлэлт. Зах зээл дэх байр сууриа хэвээр хадгалах гэсэн, тодруулбал, “тогтвортой байдлын төлөөх” хэмээн томъёолж болох энэ тэмцэл түүхэнд анхных биш. 1986 онд Саудын Араб бүхий л “цоргоо” нээж, дөрвөн сарын турш нефтийн үнийг навс бууруулан, баррель нефть дөнгөж 10 ам.доллар дээр дэнжигнэж байжээ. Үүний улмаас Америкийн олборлолтын хэмжээ бараг 25 хувиар унаж, Саудын Араб дэлхийн хар алтны зах зээлд тэргүүлэх байр сууриа буцаан олж авсан аж.