богино мэдээ New

Дэлхийн II дайн сонирхолтой баримтууд (1-р хэсэг)

Герман тэргүүтэй фашистууд 1939 оны есдүгээр сарын 1-нд Польш улсад халдан довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэж үздэг. Харин дэлхий нийтийг хамарсан дайн байсан учир яг нэгэн зэрэг дайныг зогсоогоогүй. Иймд дайн дууссан хугацааг газар бүрт өөр бичиж үлдээжээ..

Сэтгүүлч М.Золбаатар, www.ikhmongol.mn

Хүн төрөлхтний түүхэнд олон тэмдэглэлт баяр байдаг. Харин баяр, гуниг хоёул давхацсан, эргэн дурсахгүй байхын аргагүй нэгэн түүх нь дэлхийн дайн. Дэлхийн I, II дайны уршгаар олон сая хүн амиа алдсан ч энэ нь манай гарагийн цаашид энх тайвнаар хөгжих нэг том алхам болсон юм.

Герман тэргүүтэй фашистууд 1939 оны есдүгээр сарын 1-нд Польш улсад халдан довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэж үздэг. Харин дэлхий нийтийг хамарсан дайн байсан учир яг нэгэн зэрэг дайныг зогсоогоогүй. Иймд дайн дууссан хугацааг газар бүрт өөр бичиж үлдээжээ.

Тухайлбал 1945 оны наймдугаар сарын 14-нд Номхон далайд Японы армид сүйрлийн цохилт өгснөөр Японтой байлдах дайн дууссан, 1945 оны тавдугаар сарын 8-нд Германы тал болзолгүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Германтай байлдах дайн зогссон гэж үздэг аж.

Ямартай ч өнөөдрийг хүртэл тавдугаар сарын 9-нд ялалтын баярыг тэмдэглэсээр ирсэн. Харин есдүгээр сарын 2-нд дэлхий нийтээр дайн дууссан гэж бүгд энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Дэлхийн дайнд ЗХУ, АНУ, Герман, Япон голлох үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа Японы арми 1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны ням гарагийн өглөө АНУ-ын Тэнгисийн цэргийн боомт “Пёрл Харбор”-т агаараас цохилт өгснөөр далайн чанд дахь дайн эхэлсэн.

Манай гарагийн 160 гаруй орныг хамарч, 60 гаруй сая хүн амиа алдсан дэлхийн хоёрдугаар дайны үеэр тохиолдож байсан сонирхолтой баримтыг хүргэж байна.

-Дэлхийн хоёрдугаар дайны үед улаан армид Семён Константинович Гитлер гэдэг нэртэй пулемётчин цэрэг фронтод тулалдаж байжээ. Еврей үндэстэн энэ цэрэг тун ч эрэлхэг тулалдаж “Эр зоригийн төлөө” медалиар шагнуулсан байна. Харин түүнд олгосон үнэмлэх дээр нь нэрийг нь Семён Константинович Гитлев гээд “санамсаргүй” байдлаар нэг үсэг андуураад бичсэн гэдэг.

-Энэ дайны уршигаар ЗХУ-ын 1923 онд төрсөн бүх эрчүүдийн 80 хувь нь амь үрэгдсэн.  Дэлхийн дайнд амь үрэгдсэн АНУ, Англи хоёр улсын бүх цэргийн алба хаагчдын тооны нийлбэр нь зөвхөн Ленинградад амь үрэгдсэн зөвлөлтийн энгийн иргэдийн тооноос бага байдаг.

-Германы тэнгисийн цэргийн шумбагч завины (U-Boat) анги, нэгтгэлүүдэд нийтдээ 40 мянган орчим усан цэрэг алба хааж, тэнгист тулалдаж байсан.  Гэсэн ч тэднээс зөвхөн 10 мянга нь гэртээ амьд мэнд эргэж иржээ. 

-Дайны үед германы хамгийн гол дайсан нь И.В.Сталин бус харин зөвлөлтийн радио нэвтрүүлэгч Ю.Левинтан байсан гэнэ. Түүнийг устгасан хүнд 250 мянган марк амлаж байлаа. Энэ бол одоогийн ханшаар ойролцоогоор 2 сая ам.доллартой тэнцэх мөнгө аж. Тийм учраас зөвлөлтийн удирдлага Ю.Левинтанг тусгай хамгаалалтад авч, бүхий л зүйлийг нь дайн дуустал нууцлаж байв.

-Дэлхийн хоёрдугаар дайн дөнгөж эхлээд удаагүй байсан 1941 оны долоодугаар сарын 13-ны өдөр улаан армийн байлдагч Д.Овчаренко нэгэн тосгоны дэргэд тулалдаж байгаад даргаасаа нэмэлт сум, галт хэрэглэл авч ирэх тушаалтай ар тал руу явжээ. Харин сум, гранат зэргийг аваад буцаж явтал тулаан дуусч, ротын байрлал нь аль хэдийн дайсанд эзлэгдчихсэн байжээ. Үүнийг нь мэдээгүй Д.Овчаренко хайрцагтай сумаа үүрч яваад тосгоны захад Германы 50 орчим тооны офицер, цэргүүдэд баригдсан байна.

Дараа нь Германы цэргүүд түүний бууг хурааж аваад удирдаж байсан офицер дээрээ авч очсон. Нөгөө офицер нь түүнийг байцааж байх үед нь Д.Овчаренко хажууд нь байх түлээний зоолттой сүхийг сугалж аваад Германы офицерын толгойд нь зоочихсон гэнэ. Гэнэтийн энэ явдлын гэрч болсон Герман цэргүүд “шок”-нд орсон ба Д.Овчаренко ч энэ боломжийг ашиглан 3 ширхэг гар гранатаа Германы цэргүүдийн дунд шидчихжээ. Үүний үр дүнд Германы цэргүүд хэдэн тийшээ тарж зугтсан бөгөөд тэр нийтдээ 21 дайсны цэргийг ганцаараа устгасан тул 1941 оын наймдугаар сарын 3-нд ЗХУ-ын Баатар цолоор шагнуулжээ. ЗХУ-ын Баатар Дмитрий Овчаренко нь 1945 оны нэгдүгээр сарын 28-нд Унгарыг чөлөөлөх тулааны үеэр харамсалтай амь үрэгдсэн юм.

-“Эрдэнэ нуусан гар” киноны найруулагч ЗХУ-ын Ардын жүжигчин, нэрт найруулагч асан Л.Гайдайг манайхан сайн мэднэ. Л.Гайдай 1941 оны  зургаадугаар сарын 18-нд 10 жилийн дунд сургууль төгссөн ба 4 хоногийн дараа дайн эхлэхэд шууд армид элсэж оржээ. Түүнийг насан хүрээгүй гэдэг шалтгаанаар зүүн зүг рүү нүүлгэн шилжүүлэхэд Иркутскт хүрэлцэн ирж, тэнд дөнгөж ирээд байсан Москвагийн хошин урлагийн театрт жүжигчинээр ажиллах болов.

Тэр театрт ажиллаж байхдаа түүний авьяас билэг нь тодорч, хүмүүст амархан танигдаж эхэлсэн байна. 1942 онд түүнийг Монгол руу илгээж, фронтод хүргүүлж буй морьдыг хариуцсан албанд томилов. Нэг удаа тэдний анги дээр “Цэрэг татлагын комиссар” ирж, фронтод шаардлагатай зарим мэргэжлийн цэргүүдийг бүртгэж авах боллоо. Комиссар цугласан цэргүүдээс “Артиллерийн мэргэжилтэй цэрэг байна уу?” гэхэд тулалдах хүсэлтэй байсан Л.Гайдай “Би” гэж хариуллаа. Түүнийг фронтод илгээх сонирхолгүй байсан цэргийн комиссар үргэлжлүүлэн “Танкист, усан цэрэг, тагнуулчин цэрэг байна уу?” гэж асуух болгонд нь Л.Гайдай бүгдэд нь “Би байна” гэж хариулсаар байгаад фронт явахаар болсон гэдэг. Тэр Калининскийн фронтод алба хааж, Германчуудтай тулалдаж, бүр шархдан шагнуулж явсан байдаг.

-1941 оны өвөл зөвлөлтийн нэгэн нисгэгч дайсанд эзлэгдсэн нутаг дээгүүр тагнуулын нислэг үйлдэж яваад Москваг чиглээд явж буй дайсны хуягт техникийн цувааг илрүүлжээ. Нисгэгчид танктай тэмцэх ямар нэгэн зэвсэг байсангүй. Гэвч тэр хамгийн ойролцоох нэгэн аэродром дээр газардаж тэнд байсан цэргүүдэд дайсны тухай мэдээг дамжуулж хэлсэн байна.

Гэвч цастай нөхцөлд зам хаагдсан машин явах боломж муу байсан тул нисгэгч Сибирээс дөнгөж ирээд байсан хорооны цэргүүдийг нэг хоёроор нь өөрийнхөө онгоцоор зөөж, дайсны цувааны яг өмнө нь буулгаснаар дайсны цувааг цагт нь амжиж зогсоож чаджээ.

-Эх орны дайнд ЗХУ-ын Баатар цол хүртсэн хамгийн өндөр настай хүн бол Матвей Кузьмич Кузьмин байжээ. Тэр 1858 онд төрсөн, 1942 онд Улаан армийн дайчдад туслаж яваад тулааны талбарт амь үрэгдэхдээ 83 настай байсан аж.

Үргэлжлэл бий...