богино мэдээ New

Хүлээгдэж буй орон зай ба боломж...

Нар, усан цахилгаан станцыг бодвол эрчим хүчний үйлдвэрлэлийн чадавхи багатай ч манай жижиг сум сууринд бол товхийгээд л явчихна. Газар нутаг нэг их шаардаад байхгүй. .

Нийтлэлч Н.Бадамжав

        Бидний найдлага тавиад байсан Тавантолгой нүүрсээ гаргаж чадахгүй эдийн засагт хүндхэн цохилт өглөө. Уг нь бодож төлөвлөж байсан зүйл их л байсан. Наанадаж эх орны хишгийн мөнгөө хувьцаа нэрээр оруулчихсан иргэд маань эхнээсээ унтууцаад эхэллээ. Дан ганц иргэд ч биш өч төчнөөн аж ахуйн нэгж, компанийн мөнгө хувьцаа хэлбэрээр байршчихаад байгаа. Ингээд зогсонги байдалд орчихоод тэр их хөрөнгө мөнгө яах болж байна аа. Одоо хүртэл ямар нэгэн бодитой хариулт алга л байна. Энэ бол бидний аливаад тооцоогүй ханддагийн харгай.

Жижиг том ч бай ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт сайн муу гэсэн хоёр хувилбар төлөвлөгөөтэй байдаг. Манайх бол ганцхан төлөвлөгөөтэй. Тэр нь ирээдүйдээ дор хаяж төдийг олно, тэгж хөгжинө гэхээс биш дампуурвал, үйл ажиллагаа нь зогсвол яах вэ гэсэн нөөц Б хувилбарын төлөвлөгөө огт гаргадаггүйн хор уршиг энэ. Хариуд нь улсын маань эдийн засаг доголдоод ирнэ. Бүгдийг сайнаар бодож төлөвлөсөн гинжин урвал бүхий нийгэм эдийн засгийн тогтолцоо нэг нь унахаар нөгөөдөхөө татаад уначихна. Нөөц төлөвлөгөөтэй байсан бол тодорхой хугацааны туршид үргэлжлэх доголдлыг даваад л гарна.

Бидэнд эрчим хүч хэрэгтэй. Басхүү нүүрс хэрэгтэй.Тавантолгойн тухай ярих гэсэн юм биш ээ. Эрчим хүчний доголдлын тухай л өгүүлэх гэсэн юм. Үйлдвэрлэл үйлчилгээ өргөжиж эдийн засаг тэлэхийн хэрээр эрчим хүчний бололцоо улам хумигдаж байна. Олон цахилгаан станц барих тухай олон жилийн турш ярилаа. Барих гэж ярьсаар суух завсраа гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын засвар үйлчилгээ, шинэчлэлд ахиад гурав нь ч цахилгаан станц барих мөнгөө урсгачихсан. Багагүй хэсэг нь төрөөс төрсөн тэрбумтнуудын халаасанд ороод замхарсан байх. Нэг л өдөр баахан хөрөнгө мөнгө босгоод хэд хэдийг тэр дорхноо л босгочих юм шиг сэрүүн зүүдлэх.

Гачууртад тавдугаар цахилгаан станц барилаа гэж бодьё. Нүүрсээ хаанаас нийлүүлэх вэ. Налайх нь байхгүй. Багануур нь хөрс хуулалтаа хийх мөнгөгүй, гаргаж байгаа нүүрс нь устай. Усыг нь шавхах гэхээр бас л мөнгө. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баахан дэд станц нийслэлд баригдана. Бас л нүүрс хэрэгтэй. Хаанаас авах вэ. Нийслэл харанхуйлж лаагаа барьж, зуухан дээр хоолоо хийж байхад харин ч хөдөөгийн жирийн малчин телевиз үзэж, цахилгаан пийшин дээрээ сүүгээ хөөрүүлэн хувцсаа угаалгын машинаараа угааж сууна. Энэ бол эрчим хүчний хомсдлоос гарах Б төлөвлөгөө.

Нүүрснээс гүн хамааралтай эрчим хүчний системийг хэвийн ажиллуулах боломж гарц. Нөхөн сэргээгддэггүй нүүрсээр хэдий болтол эрчим хүчний системээ хангах юм. Хэзээ нэгэн цагт дуусна. Дээр нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар их хор уршиг тарьж байгааг бид бэлхнээ мэдэж байгаа шүү дээ. Нөхөн сэргээгддэг эх үүсвэр бидэнд бий шүү дээ. Жирийн малчин айл тооноор нь үнэгүй тусч байгаа нарны гэрлээс эрчим хүч гаргаж авч чадаж байхад жижигхэн хот суурин, баг сум, гэр хорооллын нэг гудамж яагаад өөрсдийнхөө хэрэгцээг хангачих хэмжээний эрчим хүчийг гаргах нарны толь хураагуурыг зай талбайг нь гаргаад барьчихаж болохгүй гэж.

Жилийн 300 хоног нь нарлаг эх оронд минь хэзээ ч дундрахгүй эх үүсвэр. Түүхий нүүрсээ шатааж эрчим хүч үйлдвэрлэх технологийг хэзээ мөдгүй дэлхий даяар хориглоно. Засвар үйлчилгээ, техникийн доголдол, өндөр өртөг бүхий түүхий эдээр байнга толгой өвтгөх дулааны цахилгаан станцуудыг халах Б төлөвлөгөө нь сэргээгдэх эрчим хүчний систем. Нарны эрчим хүчний эх үүсвэр өмнө зүгийн эрчим хүчний чухал эх үүсвэр болох магадлалтай.

Египетийг аваад үз л дээ. Сахарын цөлд байршуулсан нарны толин эх үүсвэр бүхий эрчим хүчний хангамжаар хоёр ч хотыг элбэгхэн хангаж чадаж байна. Газар тариалангаа ч гүний усаар тэтгээд хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангаж чадаж байна. Манай говьд ийм газар бишгүйдээ л байна шүү дээ. Хятад, канадчууд туслая гэж хэдэн жилийн өмнө манайд хандаж байсныг сайн санаж байна. Бүр эхний ээлжийг нь ашиглалтад оруулаад өгье гэсэн санал ч тавьж байсан. Манай дарга нар за зү гэж толгой дохисон ч ажил хэрэг болгосон нь үгүй. Нэрэлхүү бардмаасаа ч юм уу асуудлыг ойлгодоггүй, үл тоомсорлодгоос том боломж алддагийн нэг л жишээ. Цаана нь ирээдүйд ямар их үр ашиг дагалдахыг тооцохгүй “За тэр ч болно. Гэхдээ одоо манайд одоо уул уурхайгаа дэмжихэд төчнөөн сая ам.доллар хэрэгтэй” гэхчлэнгээр хадуураад явчихна. Өмнөд хязгаар нутаг эрчим хүчээр хангагдчих энэ төлөвлөгөө хэрэгжүүлье. Сэргээгдэх эрчим хүчийг Монголд нэвтрүүлэх сонирхолтой олон эрдэмтэн манайд бий. Тэдний тооцоолсноор сум багууд төвийн эрчим хүчний системээр холбогдох гэж чармайх нь нийт эрчим хүчний системийн чадавхид сөргөөр нөлөөлнө.

Түүний оронд сэргээгдэх эрчим хүчний бага, дунд станцуудтай байх нь чухал гэсэн санааг дэвшүүлдэг. Манайд хамгийн тохиромжтой нарны үүсгүүрийн станц бол АНУ-ын Техас, Невадагийн олон сая хүн амын тодорхой хэсгийг хангадаг станцын загвар. Уур амьсгал, байгалийн нөхцөл байдлын хувьд манай говь нутгийн нөхцөл байдалтай тун ойролцоо. Монголд хөрөнгө оруулагчдын ноднингийн уулзалтаар америкийн бизнесменүүд ийм санал тавьж байсан. Тодорхой судалгааг ч хийсэн юм билээ. Харин манайхан аанай л сонирхсонгүй. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж Өмнөговь, Дорноговь, Дундговийн зааг дээр ийм станц байгуулж ойролцоох сум сууринг хагах бололцоотой. Нарны үүсгүүрийн станц байгуулж болох бас нэг таатай газар бол хүн амьтан нутаглаад байдаггүй асар том талбай бүхий Алтай цаадах говь байна.

Алтай, Ховдын урд сумуудыг элбэгхэн хангачих эрчим хүчийг нар ээж үнэгүй үйлдвэрлээд л өгнө дөө. Юун Египет, Техас.. Тэднээс ч том газар нутаг дээрх нарны эрчим хүчний асар том генераторууд байршина шүү дээ. Сайн хийж чадвал өмнөд хөршийн цахилгааны хомсдолтой мужууд руу экспортолж ч болно. Нүүрсээ шатаан байж гаргаж авч байгаа багахан эрчим хүчээ аймаг аймаг руу татаж хөрөнгө мөнгө цаг хугацаа алдаж эрчим хүчний мөнхийн хямралд орж байхаар ийм эх үүсгүүрээр хангачихад бодитой хөгжил дэвшлийн баталгаа болохсон.

Салхиар ч бас бид дутахгүй шүү. Өдрийн дундаж салхины хурд 4-9 метр секунд байдаг шүү дээ, эх оронд маань. Таваас дээш метр секундын хурдтай салхитай газар техник технологийнхоо хүчээр эрчим хүч гаргаад хангалуун амьдарч байгаа Латин Америкийн Чили, Эквадор, Аргентин, бас л нөгөө Америк, Канад гээд байна аа. Нөгөө хэдийг нь голоод байгаа бол америк, канадчуудаас туршлага судалъя л даа. Тэгж их гадныхны анхаарлыг татаад байгаа бол манайд хэдэн салхин цахилгаан станц бариад өгчих гэж гуй л даа. Дуртай зөвшөөрнө дөө. Нар, усан цахилгаан станцыг бодвол эрчим хүчний үйлдвэрлэлийн чадавхи багатай ч манай жижиг сум сууринд бол товхийгээд л явчихна. Газар нутаг нэг их шаардаад байхгүй. Сүүлийн үеийн гадны туршлагаас харж байхад нарны үүсгүүрийн толинуудынхаа яг дээр нь аварга том сэнснүүд байрлуулдаг юм билээ. Нарнаас ч, салхинаас ч эрчим хүчээ гаргаад авчихна.

Сэргээгдэх эрчим хүчний хамгийн эрсдэлтэй нь усан цахилгаан станц юм шиг байгаа юм. Манайдаа жаахан тохиромж муутай юм уу даа. Хэрдээ л ийм эх үүсвэртэй болох гэж хэдэн ч усан цахилгаан станц барьж байгаа буюу барьсан. Ажилладаг нэг нь амьтай голтой төдий л байх шив. Төлөвлөгөө тооцоо нь буруу хийгдсэн үү аль эсвэл манайхны дээр дороос нь хэмнэдэг хэтэрхий “арвич хямгач” зангаас болсон уу нэг их бүтэлтэй болоогүй дээ.

Энэ мэтээр “Б” төлөвлөгөөг хэрэгжүүлж чадвал эрчим хүчний хомсдолд орох нь бүү хэл гадагшаа экспортлох бүрэн боломж бидэнд бий. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэх үнэгүй эрчим хүчээр ирээдүйд олноороо байгуулагдах хот сууринг ч тэтгэж чадна.