богино мэдээ New

Амиа хорлохыг завдсан охиныг аварлаа

Амиа хорлох дуудлага ч цөөнгүй гарах болсон. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл ар гэрийн шууд харилцаа, бага насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл гэх мэт янз бүрийн шалтгаан байна..
2016-03-11 14:14:55 - Хууль

   Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах есөн давхар орон сууцны дээвэр дээр дунд сургуулийн сурагч байж болзошгүй охин амиа хорлохыг завдсаныг онцгой байдлын аврагчид авран хамгаалж чадлаа.

Бид энэ үеэр Нийслэлийн онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Г.Сэдэдсүрэнгээс цөөн зүйл тодрууллаа.

-Онцгой байдлын албаныхан хэрхэн ажиллав?

-Манай алба хаагчид сэтгэл санааг нь тайвшруулах чиглэлээр шууд харилцан ярих маягаар ажиллалаа. Тухайн охин маань хэрвээ үсэрсэн бол манай онцгой байдлынхны хашааны хоёр талд дэлгэсэн дэвсгэрийн голоор, төмөр сараалжин хашаан дээр унах магадлал маш өндөр байлаа. Манай аврах ангийн бүрэлдэхүүн, аврагч нар маань цаг тухайд нь сайн ажиллаж, амь насыг нь аварлаа.

-Охиныг хоёр цаг орчим энд зогссон гэж хүмүүс ярьцгааж байна. Та бүхэн энд ирээд хэр удаан ажиллав?

-Дуудлагын цаг одоогоор тодорхойгүй байна. Дуудлага ирсэн даруйд л маш шуурхай ирсэн. Онцгой байдлынхан ойролцоогоор 30-40 минут ажиллалаа.

-Амиа хорлох дуудлага мэдээлэл хэр их ирж байна вэ?

-Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газарт өндрийн энэ төрлийн дуудлага ирж байгаа. Амиа хорлохоос гадна бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдах гэж байна гэсэн дуудлага ихэссэн. Амиа хорлох дуудлага ч цөөнгүй гарах болсон. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл ар гэрийн шууд харилцаа, бага насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл гэх мэт янз бүрийн шалтгаан байна.

  -ЭЭЖ БОЛОН НАЙЗ ЗАЛУУ НЬ АВРАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЖЭЭ-

-Энэ охины хувьд амиа хорлох шалтгаан юу байсан юм бол?

-Шалтгаан нь бидэнд одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан аврах ажиллагаанд ээж болон найз залуу нь хүрч ирж оролцлоо. Хэдэн настай нь одоогоор тодорхойгүй байна. Харагдах байдал нь арван жилийн сурагч байсан.

-Амиа хорлохыг завдвал хариуцлага хүлээлгэх тогтолцоо бий юу?

-Бид охины амийг аварсан. Одоо цагдаагийн байгууллага цаашид хэрхэхийг шийднэ.

-Онцгой байдлынханд ийм үед хэрэглэх техник тоног төхөөрөмж хэр хангалттай байдаг вэ?

-Олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, ОБЕГ, Засгийн газар, шадар сайдын ажлын хүрээнд онцгой байдлын албаны багаж хэрэгсэл их сайжирсан. Саяны ажиллагаанд манайд саяхан шинээр хүлээлгэж өгсөн Солонгос болон Япон улсын хоёр шинэ тэргийг ашиглалаа.

-Хамгийн сүүлд амиа хорлохыг завдсан тохиолдол үүнээс өмнө хэзээ гарсан бэ?

-Оны өмнө энэ төрлийн дуудлагаар манай аврагчид ажилласан.

                                                                                                                                                      Б.ЦЭЛМЭГ "www.medee.mn"