богино мэдээ New

“Браво”Өмнөговь

  Иргэдийн худалдан авах чадвар муудсан, нөхцөл байдал амаргүй мөн Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа гол орон нутгийн хувьд удирдлагууд нь олон нийтийн талархал хүлээсэн шийдвэрүүд гаргаж буйд нь “браво” гэж хэлмээр байна..

Сэтгүүлч Л.Баатархүү

        Монгол Улсын экспортыг бүрдүүлэгч гол бүс нутаг Өмнөговь аймгийн хувьд цар тахалтай хамгийн сайн тэмцэж буй аймгийн нэг. Тус аймаг халдварын тархалт, шинээр гарах тохиолдлыг урт хугацаанд тогтоож чадсан ч харамсалтай нь хулгайн тээврээр дамжиж өндөр эрсдэл үүсгэснийг аймгийн удирдлагууд онцолсон. Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэр Цагаан хад, хилийн боомт, суурин газрууд руу Улаанбаатар хотоос хулгайгаар зорчигчид тээвэрлэж мөн замын бартаа саад бага учраас аймгийн төв рүү аль ч хэсгээс тэдгээр тээврийн хэрэгсэл орж байдаг аж. “Цагдаа, цэрэг, төрийн албан хаагчид бүх хүчээр ажлаад ч хулгайн тээврийн хэрэгслийг дийлэхгүй байна” гэж аймгийн Засаг дарга Р.Сэддорж уламжилж байв.

      Иргэдийн худалдан авах чадвар муудсан, нөхцөл байдал амаргүй мөн Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа гол орон нутгийн хувьд удирдлагууд нь олон нийтийн талархал хүлээсэн шийдвэрүүд гаргаж буйд нь “браво” гэж хэлмээр байна.

Тухайлбал, Улаанбаатар хотод мөнгөө бариад шинжилгээ өгье гэвч Өрхийн эмнэлгүүд нь өглөө 07:00-07:30 хүртэл ердөө 30 минут л түргэвчилсэн шинжилгээ авна /Өрхийн эмнэлэгт 25000₮/. Очих гэсээр байж шинжилгээний хугацаа нь дуусчихна. Үнэ төлбөргүй авч байгаа тогтсон цөөн хэдэн цэгүүд нь /нэг цэг өдөрт 50-170-ыг авч байна/ “шинжилгээ авах тоо дууслаа” гээд олон зуун иргэдийг буцаадаг. Тэдгээр иргэд ковидтой байлаа гэхэд нийслэлд корона вирусыг сул тавьж буйтай агаар нэг зүйл одоо өрнөж байна. PCR шинжилгээг зөвхөн хувийн эмнэлгүүд 98000 төгрөгөөр хийж байгаа. Худалдан авах чадвар суларсан иргэдийн хувьд ийм хэмжээний мөнгө халааснаасаа гаргаад шинжилгээ өгнө гэдэг амаргүй. Орон нутгуудад ч энэ байдал мөн адил.

        Харин Өмнөговь аймгийн хувьд баяр наадам хийх төсвөө ковидтой тэмцэхэд зарцуулж иргэдээсээ PCR шинжилгээг үнэ төлбөргүй авах болсноо аймгийн Засаг дарга мэдэгдлээ. Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/12 тоот тушаалаар ковид-19-ын түргэвчилсэн шинжилгээг 25000₮, PCR шинжилгээг 82370₮ байхаар тусгасан юм.

Шинжилгээ үнэ төлбөргүй болсон талаар тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

Түүнчлэн Өмнөговийн зарим сумд цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн эмч, ажилчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, сайн дураар ажиллаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг орон нутгаас нь даах гээд олон арга хэмжээг авч буйд нутгийн иргэд талархалтай байна.

Дашрамд дурьдахад энэ жил тус аймгийн 90 жилийн түүхт ой тохиож буй юм.