богино мэдээ New

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад "Чингис хааны" одонг хүртээлээ

Өнөөдөр монгол хүн сансарт ниссний түүхт 40 жилийн ой тохиож байгаа. Ж.Гүррагчаагийн хувьд Ази тивиээс сансарт ниссэн хоёр дахь хүн, сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс Монгол болсон юм. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж сансрын нисгэгч, хошууч генераль Жүгдэрдэмидийн Гүррагчаад "Чингис хааны" одонг хүртээлээ. 

  Өнөөдөр монгол хүн сансарт ниссний түүхт 40 жилийн ой тохиож байгаа. Ж.Гүррагчаагийн хувьд Ази тивиээс сансарт ниссэн хоёр дахь хүн, сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс Монгол болсон юм. 

Баттулга Гүррагчаа

Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна. 

“Монгол Улсын иргэд ээ,

Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд аа,

Та бүхэнд Монгол хүн сансарт ниссэн түүхт 40 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Монголчуудын язгуурын дээд шүтээн, сэтгэлгээний гүн бэлгэдэл нь сансар огторгуйн чанад орших мөнх тэнгэр ба замбуутив хэмээх эх дэлхий байжээ.

Сансар огторгуйг танин мэдэх хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл нь шинжлэх ухааны гайхамшигт нээлтэд хөтөлж, 60 жилийн тэртээ сансарт анх хүн нисчээ.

Дөчин жилийн өмнө, 1981 оны 3 дугаар сарын энэ өдөр Улаанбаатарын цагаар 22 цаг 40 минутад Монгол Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Зөвлөлт Холбоот Улсын иргэн Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.

НҮБ-ын гишүүн 194 улсаас 36 нь сансарт хүн нисгэсэн байдаг бөгөөд Монгол Улс сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь хүн болсон түүхтэй.

Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах зэрэг үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ.

БНМАУ-ын Баатар, ЗХУ-ын Баатар, сансрын нисэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа бол Монгол түмний төдийгүй хүн төрөлхтний бахархал мөн.

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн энэ өдөр, Монголын алдар сууг дэлхий дахинаа алдаршуулж, эх оронч үзэл, үндэсний бахархлыг бадраасан гавьяаг тань үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “ЧИНГИС ХААН” одонгоор шагнаж байна.

Танд урт нас, удаан жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе.

Монголчууд аа,

Монгол Улс хөгжин мандахын үндэс нь эвийн сэтгэл нэгдэж, эх орноо хөгжүүлэх иргэн бүрийн хичээл зүтгэл болохыг санагтун, хичээгтүн.

Монгол түмний шүтээн, Дээр тэнгэрээс заяат төрсөн Их Эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монгол төрийн маань сүлд хийморь биднийг ашид мөнх ивээх болтугай!

Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай!” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0