богино мэдээ New

“НАМБАРВАН” санасандаа хүрлээ

Угтаа ардчилсан Ерөнхийлөгч нь ч, Ерөнхийлөгчийн дотнын анд нь ч /Хотын дарга Э.Бат-Үүл/ авлигыг “үзэн яддаг”. Тийм болохоор Н.Энхбаярыг нэг нүдээрээ ч үздэггүй байсан цаг саяхан. Тэр ч байтугай 2012 оны сонгуулийн уриа лоозонгуудын нэг нь авлигын эсрэг чиглэсэн байв..

Авлигыг үнэн голоосоо “үзэн яддаг” ардчиллынханд эмгэнэл илэрхийлье

С.Буян

     Монголын хамгийн “том авлигач” /Ардчиллынхан өөрсдөө ингэж тодорхойлсон/ санасандаа хүрч Шадар сайд болох нь тодорхой болжээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ Шадар сайд болох боломжгүй гэсэн хариу өгсөөр байтал эрх баригчид хоёр гараа өргөн бууж өгснөөр тэрбээр хүслээ биелүүлж байна. Угтаа ардчилсан Ерөнхийлөгч нь ч, Ерөнхийлөгчийн дотнын анд нь ч /Хотын дарга Э.Бат-Үүл/ авлигыг “үзэн яддаг”. Тийм болохоор Н.Энхбаярыг нэг нүдээрээ ч үздэггүй байсан цаг саяхан. Тэр ч байтугай 2012 оны сонгуулийн уриа лоозонгуудын нэг нь авлигын эсрэг чиглэсэн байв.

Харин өнөөдөр “авлигын загалмайлсан эцэг”-тэй дал мөрөө алгадаж, андын барилдлага барьснаас үзэхэд АН-ынхан дүр эсгэсэн тэмцэл хийж байсан болж таарах нь. Эсвэл Н.Энхбаяр тэдний эрх ашгийг үл ойшоож, Засгийн газар, УИХ-ыг тараана гэж шантаажилсан байж ч болно. Дүр эсгэсэн тэмцэгчдэд ёс зүй, шударга ёс гэж алга. Нөгөө “Шударга байцгаая л даа” гэж орилсоор гарч ирсэн Ерөнхийлөгч маань төрөлх нам нь “авлигын загалмайлсан эцэг”-ийг хөхиүлэн дэмжиж байхад яагаад дуугүй байгаад байна вэ. Утсан улаан амиа үл хайрлан ардчиллын төлөө, авлигын эсрэг тэмцдэг, дуугардаг байсан Улсын баатар маань хаачив аа.

“Н.Энхбаяртай нэг Засгийн газарт хамтарч ажиллаж чадахгүй” гэж ард түмнээс нэмэх оноо цуглуулсан давхар дээлтэй хүн яав аа. УИХ-ын даргын индэр дээрээс том том дуугарч жижиг улс төр хийдэг, шавилхан биетэй З.Энхболд яасан бэ. Одоо л Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийгээ “базаж” том том дуугарч улс төр хийвэл ард түмнээс нэмэх оноо авах цаг сан. Гэтэл байдаггүй. Улсын баатар, хотын дарга Э.Бат-Үүл гэр бүлийн хамт Улаанбаатарын утаанаас зугтаж гадаадад морь унасан шигээ зугаалж яваа юм болов уу. Уг нь эх орондоо байсан бол Н.Энхбаярыг нэг нүдээрээ ч үздэггүй хүн дуугүй өнгөрөхгүй л байсан байх. “Шударга”, “Ардчилсан” тодотголтой Ерөнхийлөгч маань сар шинийн барилдаан дээр Н.Энхбаяртай хөөрөг зөрүүлснээсээ хойш сэтгэл нь зөөлөрсөн бололтой.

Зам тээврийн сайд М.Зоригт юу ч болоогүй байхад түрүүлж дуугарсныхаа төлөө огцрохоо шахсан. Тийм болохоор одоо дуугарах эрх байхгүй. Харин хачир дээрээ АН-ын дарга мэт харагддаг ч цаанаа Н.Энхбаярын “туслах” маягтай болсон УИХ-ын дарга З.Энхболд “шинэхэн” Шадар сайдын өмнөөс “А” ч гэж дуугарах эрхгүй нь тодорхой. Өнөөдрийн эрх баригчид 2012 оны сонгуулиас хойш л Н.Энхбаярын барьцаанд орсон. Одоо тэд “Авлигалтай тэмцэнэ” гэж хичнээн ч хашгираад үнэмшилтэй сонсогдохгүй. Учир нь “авлигалын загалмайлсан эцэг”-ийг хоймортоо тахьсан тэдэнд хэн итгэх вэ. Авлигыг үнэн голоосоо “үзэн яддаг” ардчиллынханд эмгэнэл илэрхийлье.

Та нар дүр эсгэж чадлаа. Харин тэмцэж олсон ардчилал чинь “дүр эсгэсэн ардчилал” биш байгаасай л гэж залбирье.

Мэдээллийн www.zaluu.com