богино мэдээ New

Р.Бурмаа сайдыг шүүхээс “гэм буруутай” гэж үзжээ

Дашрамд дурьдахад өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрсөн оны долоодугаар сарын 9-нд батлагдсан УИХ-ын 75 дугаар тогтоолын үндэслэл болсон Хорио цээрийн технологи бүхий Халх гол чөлөөт бүс төслийг хууль бус эрх зүйн баримт бичиг мөн болохыг тогтоолгохоор нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Хэрэв уг төсөл хүчингүй болсон тохиолдолд 75 дугаар тогтоол бүхлээрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл бүрдэх юм..

- Халх гол чөлөөт бүс төслийг хууль бус эрх зүйн баримт бичиг мөн болохыг тогтоолгохоор шүүхэд өгчээ-

тоймч Л.Баатархүү

            Хүнс хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Р.Бурмаа өнгөрсөн оны есдүгээр сард Дорнод аймгийн Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч, хуульч Г.Батбаярыг нэр хүндэд халдсан онц, ноцтой гэмт хэрэг гэх үндэслэлээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Түүнчлэн ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд энэ талаар "Г.Батбаяр Р.Бурмааг төрсөн нутгаа зарсан худал мэдээллийг олон нийтэд түгээж байна" гэсэн тайлбарыг хийсэн байдаг. Харин Г.Батбаяр өмгөөлөгч мөн сөрөг нэхэмжлэл гарган хуралдаанд оролцсон. Шүүх хурал шинэ оны өмнө болох байсан ч хойшилж өчигдөр болсон байна. Энэ хурлаар Р.Бурмаа сайдын талд бус шүүхээс харин ч өөрийг нь гэм буруутай гэж үзжээ.

Эл сайдын гомдлын гол учиг нь Г.Батбаяр өмгөөлөгч өнгөрсөн оны есдүгээр сарын 2-нд Ийгл телевизийн “Иргэний индэр” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Р.Бурмаа сайд эх орноо худалдах гэж байна, худалдсан” хэмээн ярьсан учраас шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасныг эрхэм сайд онцолж байв.

Гэсэн хэдий ч уг өмгөөлөгч дээрх өгүүлбэрээр ярьсан бус “Халх голд Чөлөөт бүс байгуулах нь гадаадынханд эх орноо худалдсантай ялгаагүй” гэдгээ илэрхийлж, “нутгийн иргэдийн тэмцлийг дэмжиж байгаа” гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, Г.Батбаяр “Би хуульч хүн учраас хэн нэгнийг газар худалдсан, зарсан гээгүй. Хувь хүн гадны хэн нэгэнд дангаараа газар зарах боломж ч байхгүй. Гагцхүү би иргэдийн өмгөөлөгчийн хувьд 500 мянган га газрыг чөлөөт бүс болгосон нь буруу гэж үзсэн” хэмээж байв.

Тэдний энэхүү гомдол, маргааны том шалтгаан нь УИХ-ын 75 дугаар тогтоол юм. Тодруулбал, нэг хэсэг олон нийтийн дунд сенсиаци дэгдээгээд байсан Дорнод аймгийн Халх гол сумын 500 мянган га талбайг хөдөө аж ахуйн чөлөөт бүс нэрийдлээр гадныханд худалдах гэж байна гэх үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц утгатай мэдээлэл байлаа.

Дашрамд дурьдахад өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрсөн оны долоодугаар сарын 9-нд батлагдсан УИХ-ын 75 дугаар тогтоолын үндэслэл болсон Хорио цээрийн технологи бүхий Халх гол чөлөөт бүс төслийг хууль бус эрх зүйн баримт бичиг мөн болохыг тогтоолгохоор нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Хэрэв уг төсөл хүчингүй болсон тохиолдолд 75 дугаар тогтоол бүхлээрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл бүрдэх юм.

Р.Бурмаа сайдын хувьд ч анх хууль зөрчсөн үйлдэл үзүүлж байсан талаар олон хүн ярьдаг. Учир нь тухайн үед шүүхээр нотлогдоогүй, хуулийн байгууллагаар шалгагдаагүй мэдээлэл буюу Халх гол сумын удирдлага, иргэдийг сумын газар нутгаас бусдад эрх бүхий дээд байгууллагын зөвшөөрөлгүйгээр худалдсан, эзэмшүүлсэн, ашиглуулж байгаа зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд улстөржүүлэх байдлаар ярьж, цацаж байв. Мөн "Энэ жагсаалын цаана сумын удирдлагуудын газрын наймаа нуугдаж байгаа" хэмээн телевиз бүхнээр ярьсан. Энэ нь ч мөн хууль, шүүхээр тогтоогдоогүй асуудлыг болсон мэтээр хэвлэл мэдээллээр олон нийтэд дураараа цацсан нь бас хууль зөрчсөн асуудал гэдэг.

  Р.Бурмаа сайдын ундууцсан гол үүсвэр нь тэрбээр Халх гол суманд очиход нутгийн иргэд 75 дугаар тогтоолоос болж хүлээж аваагүй, хүчтэй жагсаал эсэргүүцэл хийж угтсанаас үүдэж ийн төрийн сайд, иргэд хоорондын тэмцэл эхэлсэн байдаг.

Үүнийг тухайн үед иргэдийн өмгөөлөгч нар “Нотлогдоогүй баримтаар иргэдийн толгойг угаах шаардлагагүй, "хууль бус үйлдлийг зөвхөн шүүх тогтоох эрхтэй" гэж байв.

Түүнчлэн эрхэм сайдыг “Ард түмнийг хашраах зорилгоор өмгөөлөгчийг нь шүүхэд өглөө” гэх шуум дэгдэж байсан хэдий ч эцэстээ өөрөө гэм буруутан боллоо.

Эргэн сануулахад өмгөөлөгч Г.Батбаяр, Ч.Эрдэнэбат, Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар нар Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүстэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж мөн УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн байдаг. Үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД

 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр                                                           Улаанбаатар хот

                                                           Өргөдөл гаргах тухай:

Өргөдөл гаргагч: Г.Батбаяр,

Өргөдөл гаргагч: Ч.Эрдэнэбат

Өргөдөл гаргагч: Д.Цогтбаатар

Иргэн Г.Батбаяр, Ч.Эрдэнэбат, Д.Цогтбаатар нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2.1 дэх хэсэг, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07-р сарын 09-ний өдрийн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай 75-р тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 2, 16, 17, 18 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар энэхүү өргөдлийг гаргаж байна. Үүнд:

Нэг. УИХ-ын 75-р тогтоолоор Монголын зүүн хязгаар, манай орны үржил шим ихтэй  Халх гол сумын газар нутагт 500 мянган га газрыг “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах” нэрээр гадны улсад түрээслэхээр болсон энэхүү тогтоол нь гуравхан сая хүнийхээ аюулгүй байдалд халдсан, цаашид Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй байдалд заналхийлсэн шийдвэр болсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Мөн Монгол Улсын Үндсэн Хуулийн 6-р зүйлийн 6.1 дэхь хэсгийг зөрчсөн байна. Зургадугаар зүйл. 1 Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”. Үндсэн хуулийн энэ зохицуулалтаар Монгол улсад газар ард түмний мэдэл байна гэж тунхаглан хуульчилсан. Энэ нь газрыг захиран зарцуулах эрх ард түмэнд хадгалагдаж ард түмний төлөөллөөс сонгогдон бүрдсэн төрөөр хамгаалуулан ард түмэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг хуульчилсан заалт байна. Чөлөөт бүсийн хувьд өмчлөгчийн эрхийг зөрчиж мэдээлэл авах эрхийг төөрөгдүүлэхээр байдлаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл Халх голд газар түрээслүүлэх, эсвэл үндэсний хэмжээний төсөл хэрэгжүүлэх нэрээр 2011 оноос 20, 30 улмаар 170 сүүлд нь 270 мянган га газар дотоод гадаадын аж ахуйн нэгж байгууллагууд өгч байгаа гэсэн мэдээллээр ард түмнийг мэдээллийн төөрөгдөлд оруулах замаар 500.000 га –д чөлөөт бүс байгуулах шийдвэр УИХ гаргасан байна. Өнөөдрийг хүртэл Монголын нийт иргэд, тэр дундаа эрх ашиг нь хөндөгдөж буй Дорнодчуудад чухам хэдэн га газрыг ямар зориулалтаар төрийн ямар байгууллага шийдвэр гаргасан болох талаар бодитой мэдээлэлгүй байгаа нь үүнийг гэрчилж байна. УИХ нь үндэсний аюулгүй байдлын үүднээс энэ асуудлаар ард түмний санал асуулга авах шаардлагатай байна.

Хоёр. Долдугаар зүйл. “1. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.”

Халх гол нь манай ард түмний өнө эртний төдийгүй одоогоос 70 жилийн тэртээ Монгол улсын тусгаар тогтнолын төлөөх амь өрссөн дайны түүх соелыг хадгалж байгаа биет түүх соёлын дурсгалт зүйлийн өлгий, тиймээс энэ газар нутаг нь төрийн хамгаалалтад байх ёстой. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.4, 3.1.6, 3.1.7, 5.1.7, 5.1.10, заасан өв соёл, түүх соёл, шинжлэх ухаан, түүхийн дурсгалт зүйл хадгалагдаж байна. Энэхүү тогтоол нь Үндсэн хуулийн 7.1 дэх заалт болон дээр дурьдсан хуулийг ноцтой зөрчихөд хүргэж байна.

Гурав. Арван нэгдүгээр зүйл. “1. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” 

Халх гол нь түүх соёлын өв хадгалагдаж байгаа, эх орны тусгаар тогтнолын баталгаа болсон, цаашид стартегийн хүнсний бүтээгдэхүүний тариалалт, үйлдвэрлэлийн гол бүс нутаг болох магадлал маш өндөр байна. Энэ утгаараа УИХ-ын 75-р тогтоол нь цаашид үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг хүнсний аюулгүй байдалд эрсдэл үүсэх хэмжээнд хүргэж болзошгүй. ҮАБЗ-с энэ асуудлаар ямар нэгэн санал аваагүй нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн үүргээ умартсан хэрэг юм. Чөлөөт бүсийн хувьд “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн хүрээнд нэн онцгой хөнгөлөлтүүдийг тухайн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүд эдлэх бөгөөд ялангуяа ажиллах хүчин, гадаад иргэдийн шилжилт хөдөлгөөн нь Монгод улсад мөрдөгдөж байгаа урьдчилан сэргийлсэн хэм хэмжээтэй хууль, эрхийн актууд үйлчилэхгүй байхаар зохиуцуулагдаж байгаа нь Монголын хүн ам зүйн бодлого, оршин тогтнохуй, тусгаар тогтнолын баталгаа болсон  газар нутгийн нэгдмэл, бүрэн бүтэн байдалд урт хугацаанд шууд сөргөөр нөлөөлөх хууль зүйн үр дагаварыг үүсгэж байна.

Дөрөв. Арван зургадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.

Энэ эрх нь ирээдүйд ноцтой зөрчигдөх магадлалтай. Халх голын бүс нутгийн хялганат тал хээрийн хөрс нь 70 см орчим шимт хөрстэй бөгөөд энэ нь экосистемийн хувьд нэн эмзэг болохыг харуулж байгаа бөгөөд байгалийн тэнцвэр алдагдахгүй гэсэн баталгааг судалгааны түвшинд шийдвэр гаргагчид ард түмэнд гаргаж өгөх үүрэгтэй. Тамсагийн бүс нутагт өнөөдөр газрын тос олборлох үйл ажиллагааны улмаас цөлжилт явагдаж байгаа нь Халх голын эмзэг хөрстэй ай савд үүсэх бодит дүр төрхийн тод жишээ юм. Мөн Халх голын хялганат тал хээр нь дэлхийн хэмжээнд маш цөөн тоотой үлдсэн байгалийн тогтоц бөгөөд хүний хүчин зүйлийн улмаас байгалийн тэнцэл алдагдах нь эргэлзээгүй байхад УИХ зөвхөн тоон үзүүлэлтэд түшиглэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль болон Байгалийн ургамлын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн байна. Нөгөө талаар НҮБ-аас хөгжингүй орнууд хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад газар түрээслэх, чөлөөт бүсийн хэлбэрээр харилцан ашигтай байх зарчмыг амлах замаар шинэ хэлбэрийн колони бий болгох үйл явц эрчимжиж байгаа талаар сануулсан. Чөлөөт бүсийн хувьд тухайн бүс нутаг үйл ажиллагаа явуулах гадаадын компани татвараас 5-10 жилийн турш хугацаанд 100-50 хувь хөнгөлөлт эдлэх, ажиллах хүчнийг Монгол улсад мөрдөж буй квотод захирагдахгүйгээр их хэмжээгээр ажиллах хүчнийг оруулж ирэх хууль зүйн өргөн боломж бүрдэнэ. Энэ нь тухайн бүс нутагт амьдарч буй дорнодчуудын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж байна.

Тав. Арван зургадугаар зүйл. 18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно”

Удаан хугацаанд Халх гол орчмын тус бүс нутагт аж төрж амьдарч буй иргэдийн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух эрх нь УИХ-ын 75-р тогтоол болон тус тогтоолын хүрээнд мөрдөгдөх Чөлөөт бүсийн тухай хуулиар ноцтой зөрчигдөнө. Халх голын ай саваар нутаглаж буй малчин иргэдийн эрх ашиг нэн ялангуяа шууд хохирч байгааг дурьдах нь зүйтэй.

Тус чөлөөт бүс байгуулах тухай тогтоол нь мэдээллийн хаалттай орчинд, Үндэсний баяр наадамтай зориуд санаатай давхцуулан Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д заасан иргэдийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаагдуулах замаар батлагдсан нь Үндсэн хуулийн 16.16 дахь заалтыг зөрчсөн үйлдэл мөн төдийгүй Үндсэн хуулийн 16-р зүйлийн “17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэсэн зохицуулалтыг зөрчсөн байна. Чөлөөт бүсийн талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл олон нийтэд ил болоогүй ард түмнийг мэдээллийн төөрөгдөлд оруулсаар байх тул Үндсэн хуультай илт зөрчилтэй тогтоолыг хүчингүй болгож Монгол Улсын иргэдийн жам ёсны болоод хууль ёсны эрхийг хамгаалж өгнө үү.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07-р сарын 09-ний өдрийн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай 75-р тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 2, 16, 17, 18  дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар энэхүү өргөдлийг гаргаж байна.

ӨРГӨДӨЛ ГАРГАСАН:                       

Г.БАТБАЯР

Ч.ЭРДЭНЭБАТ

Д.ЦОГТБААТАР

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА

З.ЭНХБОЛД ТАНАА

2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр      №1                                                             Улаанбаатар хот

                                                                       ШААРДЛАГА ГАРГАХ ТУХАЙ:

Улсын Их Хурлын 2015 оны 07-р сарын 09-ны “ Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар” тогтоол гарсантай холбогдуулан тус тогтоол нь Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн нэгдмэл байдал, газар Монголын ард түмний мэдэл байх Үндсэн хуулийн зарчим, иргэдийн чөлөөтэй зорчих эрх, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, хуулийн өмнө эрх тэгш байх ардчилалын суурь зарчим, өмчийн халдашгүй байх иргэний жам ёсны эрх, ашиг зэрэгт ноцтой хохирол учруулсан шийдвэр гэж үзэж энэхүү шаардлагыг ТАНД хүргүүлж байна.

1.Чөлөөт бүс байгуулах тухай энэхүү тогтоол нь хамгийн түрүүн Чөлөөт бүсийн тухай хуульд заасан чөлөөт бүсийн төрлүүдтэй огт нийцээгүй байх бөгөөд зарим чөлөөт бүсийн төрлийг шинээр УИХ шийдвэрлэх эрхтэй мэтээр хуулийг тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулиар олгогдоогүй эрх хэмжээг УИХ хууль зөрчих замаар өөрт бий болгож байна гэж иргэд үзэж байна.

Хөдөө аж ахуйн зориулалтаар чөлөөт бүс байгуулах зохицуулалт өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хуульд байхгүй тул УИХ дээрх хуулийн зөрчлийг хэрхэн ойлгож байгаа талаараа албан ёсоор тайлбарлана уу

2.   Халх голын ай савд хөдөө аж ахуйн зориулалтаар чөлөөт бүс байгуулах талаар салбар яамны ТЭЗҮ болон бизнес төлөвлөгөө, байнгын хороодын хурлын тэмдэглэл, Засгийн газрын танхимын санал, байр суурь, УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн хурлын тэмдэглэл, саналын байдал зэргийг ард түмэнд ил тод мэдээлж Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.17 дахь заалтыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.

3.   Халх голын ай сав нутгийн эко систем, түүнд салбар яамнаас байгалийн аудит хийсэн эсэх, эмзэг байдлын болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх талаар салбарын сайдын албан ёсны тайлбарыг гаргаж Монголын нийт иргэдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, мэдээллийн хомсдолд байгаа ард түмэн, Дорнодчуудын эргэлзээг арилгах арга хэмжээ авахыг шаардаж байна.

4.   УИХ-ын Халх гол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75-р тогтоол нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчсөн эсэх талаар УИХ-ын даргын болон улс төрийн томоохон хүчний даргын хувиар албан ёсоор бичгээр хариу ирүүлэхийг Дорнод аймгийн иргэдийн өмнөөс танаас хичээнгүйлэн хүсэж байна.

5.   Чөлөөт бүс байгуулахтай холбоотой судалгаа, шинжилгээний баримт, УИХ-ын үйл ажиллагааны бүх шатны хуралдааны бичлэгийг ард түмэнд ил тод байх үүднээс мэдээллийн хэрэгслээр цацах арга хэмжээ авч Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.17 дахь заалтын хэрэгжилтийг хангахыг шаардаж байна.

6.   Дээрх тогтоолыг ямар шалтгаанаар Үндэсний баяр наадамтай давхцуулан олон нийтийн анхаарлаас хөндийрүүлж батлах болсон бодит үндэслэл, шалтгаанаа тайлбарлаж ард түмний үл итгэсэн, эргэлзсэн байдлыг нэг мөр болгох талаар зохих арга хэмжээг авч хариу мэдэгдэхийг танаас шаардаж байна.

7.   Халх гол орчмын нутгийн иргэдийн эзэмшиж, ашиглаж буй бэлчээр нутгийн талаар төрөөс ямар бодлого баримтлах, энэ талаар нутгийн иргэд мэдээллээр хангагдсан эсэх талаар УИХ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар баримт, нотолгоог бидэнд ирүүлнэ үү.

8.   Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон байгаль хамгаалахтай холбоотой олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг өөрийн бүрэн эрхийн хэмжээнд хуульд нийцүүлэн хүчингүй болгохыг шаардаж байна.

Бидний зүгээс гаргасан дээрх шаардлагуудад ажлын 2 хоногт багтаан хариу ирүүлэхийг хүсье.

Жич: Үндсэн хуулийн цэцэд хандаж тус тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан нэр бүхий иргэдийн өргөдөлийг хавсаргав.

ШААРДЛАГА ГАРГАСАН:

Өмгөөлөгчид:

Ч.Эрдэнэбат 

Г.Батбаяр 

Дорнод аймгийн болон Халх гол сумын иргэдийн төлөөлөл