богино мэдээ New

Банкууд тэтгэврийн зээлийн хүүгээр 70 тэрбумыг "халаасладаг"

Бэлтэй, чинээлэгтээ ахмадууд бие биеэсээ өрсөн банкинд дараалал үүсгээгүй гэдгийг хэнбугай ч мэднэ. Тэтгэврийн зээлээ авч, угтан ирж байгаа Сар шинийнхээ идээ цагааг бэлтгэх гээд нойр нь эс хүрэн, даралт нь ихсэн тэвдэцгээж байна..

сэтгүүлч Д.Дэжид

Монголчууд бид шинэ он, хаврын тэргүүн сараа угтан авах гэж багагүй байтугай шаналалд автах боллоо. Яг энэ үеэр бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар нэмэгдэхийг яана. Шинэ жилтэй давхцан ханш нь нэмэгдээд буугаагүй байсан бараа бүтээгдэхүүний үнэ хурдаа сааруулалгүй явсаар Цагаан сартай зэрэгцэн дахин өснө. Үнэ нь өсч байгаагаас бус бүтээгдэхүүний хэмжээ дамжаа жижигсэн, багасана уу гэхээс томорч “өсөхгүй” бичигдээгүй хуультай.

Иргэд уламжлалт баяраа ёс төртэй тэмдэглэх гэж бэл нимгэн ч чадлаараа зүтгэж, бэлтгэж, сар шинээ угтдаг. Банкинд үүссэн дараалал бизнесмэнүүдийн хэтэвчийг л зузаатгах гэж байгаа хэрэг шүү дээ. Бэлтэй, чинээлэгтээ ахмадууд бие биеэсээ өрсөн банкинд дараалал үүсгээгүй гэдгийг хэнбугай ч мэднэ. Тэтгэврийн зээлээ авч, угтан ирж байгаа Сар шинийнхээ идээ цагааг бэлтгэх гээд нойр нь эс хүрэн, даралт нь ихсэн тэвдэцгээж байна.

 

Гэтэл энэ жил арилжааны банкуудад чанаргүй зээл өссөн учир тэтгэврийн хөгшчүүдэд 6 сарын зээлийг нь л олгож эхэлжээ. Гэвч тэтгэврийн зээлийн хүү өнөөдрийн байдлаар 18 хувьтай хэвээр л байна.Улсын хэмжээнд 340 мянган иргэн тэтгэвэр авдагаас 210 мянга нь тэтгэврийн зээлтэй аж. Тэтгэврийн зээлийн хэмжээ жил бүр өссөөр 370 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр сардаа 230 мянган төгрөг авч байгаа нь амжиргааны зардалд нь яаж хэмнээд ч хүрэлцэхгүй байгааг учирладаг.

2012 онд тэтгэврийн доод хэмжээ 180 мянган төгрөг байхад үедээ 130 ам.доллартай тэнцдэг байсан. Одоо тэтгэвэр нэмэгдэж 230 мянган төгрөг болсон хэдий 115 ам.доллартай тэнцэж байгаа. Энэ нь тэтгэврийн хэмжээ 2012 оноос хойш эдийн засгийн үзүүлэлтээрээ 10 хувь буурсан гэсэн үг юм.

Бодит байдал дээр ахмад настнууд амжиргаанд нь хүрэлцэхгүй байгаа багахан тэтгэврээ гар дээрээ сар бүр авалгүйгээр ахуй амьдралаа зохицуулах үүднээс зээлийн хэлбэрээр аваад, нэг хэсэгтээ бүсээ чангалдаг байна. Чухам тиймээс л "Тэтгэвэр нэмэхээ байг, ядаж зээлийн хүүг нь багасгаад өгөөч" хэмээх гуйлт тасардаггүй.

Төрийн бус байгууллагууд, ахмадын холбоод, зарим улстөрийн намуудаас тэтгэврийн зээлийн хүүг хэрхэн бууруулах тал дээр ерөнхийдөө нэг саналтай байдаг. Тэр нь нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр тараан байршуулах.Хадгаламжийн хүүг 10.7 хувиас ихгүй хэмжээнд барьснаар тэтгэврийн зээлийн хүүг 4.8 хувь барих боломжтой гэж үзэж байгаа юм. 

Энэ нь арилжааны банкууд банкны тухай хуульдаа нийцүүлэн, төртэй зөвшилцөлд хүрэх арга юм. Монголбанкны зүгээс энэ асуудлаар арилжааны банкуудтай зөвшилцөлд хүрэх, тэтгэвэр олгогддог банкуудад түлхүү хадгаламж байршуулах шаардлагыг ахмадууд тавьдаг. Монголбанкны боловсруулсан энэ жилийн мөнгөний бодлогын хүрээнд зээлийн хүүг ерөнхийд нь буулгах чиглэл өгөгдсөн байгаа. Гэсэн хэдий ч засгийн газар, Монголбанкны зүгээс арилжааны банкуудтай ямар түвшинд зөвшилцөл хийж чадах нь одоогоор тодорхойгүй байна.

-Арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хүүгээр хэдэн тэрбумыг олдог бэ?-

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэлд яг мөнгө байдаг уу гэх асуудал ч байна. Өнөөг хүртэл уг мөнгөний 40 хувь нь арилжааны хэлбэрээр зарцуулагдаж, үлдсэн 60 хувь нь төсвийн цоорхойг нөхөх, бас бус зүйлд зарцуулагдах, бараг л хүүгүй шахам арилжааны банкуудад байршсаар ирсэн гэх

Арилжааны банкууд жилдээ ахмадын тэтгэврийн зээлийн хүүгээр 70 тэрбум орчмыг халаасладаг гэх мэдээ бий. Заавал төрийн зохицуулалт хүлээгээд суухаасаа илүү нийгмийн ухамсраараа уг асуудалд хандаж блох талтайг ч ТББ-ууд сануулсаар ирсэн.

Эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед мөнгө төгрөгөөр хамгийн их гачигдах жагсаалтад ахмад настнууд багтах болов. Ихэнх нь тэтгэврийн зээлтэй байдаг, удахгүй цагаан сар болно.

Цагаан сараар ахмад настнууд тэтгэврээ зээлж аваад, золгож ирэх ахан дүүсдээ бэлэг бэлдэж, идээ цагаа бэлтгэдэг байдал нэгэнт хэвшил болсон. Харин дараа нь хаврын хахирган сартай зэрэгцээд тэтгэвэргүй сарууд тэднийг угтдаг. 

эх сурвалж: www.gereg.mn