богино мэдээ New

Р.Эрдэнэчимэг: Нийгмийн уур амьсгал архинд уриалан дуудсан мессежээр дүүрэн байна

Энэ үеэс эхлэн сонин хэвлэлүүдээр архинд донтох өвчин гэдэг чинь энэ шүү, ядаргаа гэж энэ шүү гээд олон нийтэд мэдээлээд эхэлсэн л дээ. Архинд донтогсод ч хэтэрхий их байсан, одоо ч байгаа учраас эдгээр архинд донтсон өвчтөнүүдийг хэвтүүлж, эмчлүүлэх шаардлагатай болсон. Тиймээс хамгийн анхны хувийн эмнэлгийг нь би нээсэн юм..

Согтууруулах ундааны зүй бус хэрэглээ Монгол Улсад өнөөдөр хар тахал авчрах хэмжээнд хүрчээ. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл нөлөөлсөн гэж болно. Тэгвэл архины донтолттой Монгол Улсдаа хамгийн сайн тэмцэж, эмчилгээ нь хамгийн үр дүнтэй болдог гэх гарын таван хуруунд багтах эмнэлгийн нэг нь "Төг сун". Дотор, мэдрэл, сэтгэц наркаологийн чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй тус эмнэлгийн захирал АУ-ы доктор Р.Эрдэнэчимэгийн хуучнаар "Ардын эрх" сонинд өгсөн ярилцлагаас нь хүргэж байна.

-Монгол Улс архинд живчихээд байна гэдгийг одоо хэн хүнгүй мэддэг болсон. Харин энэ байдлаас хэрхэн гарах вэ гэдэг талаар дээр дооргүй анхаарах хэрэгтэй байна л даа. Архинд донтогсдод эмчилгээ үзүүлдэг таны хувьд энэ тал дээр ямар арга хэмжээ явах ёстой гэх бодох байна?

-Би 2005 онд энэ эмнэлгийг  үүсгэн байгуулсан юм. Энэ үеэс эхлэн сонин хэвлэлүүдээр архинд донтох өвчин гэдэг чинь энэ шүү, ядаргаа гэж энэ шүү гээд олон нийтэд мэдээлээд эхэлсэн л дээ. Архинд донтогсод ч хэтэрхий их байсан, одоо ч байгаа учраас эдгээр архинд донтсон өвчтөнүүдийг хэвтүүлж, эмчлүүлэх шаардлагатай болсон. Тиймээс хамгийн анхны хувийн эмнэлгийг нь би нээсэн юм. Эмнэлгээ үүсгэн байгуулснаас хойш 15 мянга гаруй архинд донтсон иргэнийг чадах чинээгээрээ эмнэлэгтээ хэвтүүлэхийг нь хэвтүүлж, заавар зөвлөгөө өгөх нэгэнд нь өгсөөр ирлээ.  Гэвч манай эмнэлгээр үйлчлүүлсэн эдгээр иргэд архинаас бүрэн хэмжээгээр татгалзсан нь бас цөөхөн. Үүний шалтгаан нь нийгмийн байдал, төр засгийн бодлоготой шууд холбоотой гэж хэлэх байна.

-Төр, засгаас төрийн бус байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлдэг үү?  

-Анх эмнэлэг байгуулах үеэр Оросын Элчин сайдын яаманд эмнэлгийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл 2009 онд Оросууд нь хоёр улсынхаа хооронд тохиролцоо хийгээд байраа биднээс буцаагаад авсан. Тэр үеэс эхлээд бид байргүй болсон учраас газар хөөцөлдөж эхэлсэн. Дүүргийн газрын албанаас захирамж гарсан ч бид мэдэхгүй эрх мэдэл нь байхгүй гэж хэлдэг. Одоо яаж шийдэгдэхийг нь би мэдэхгүй байна. Архидалтын эсрэг өөрсдөө тэмцэхгүй байж үүний төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаа дэмжихгүй юм. Одоо орон сууцны доод давхарт зөвшөөрөлтэй байранд үйл ажиллагаа явуулж болно гэхээр нь хөөцөлдөөд шинээр баригдаж буй барилгын нэг давхрыг түрээсэлье гэтэл ам.метр нь 3000-3500 долларын ханштай байна. Архинд доройтоод төлбөрийн чадваргүй шахам болчихсон хүмүүсийг би дотрын эмнэлгийн тарифаар хордлогыг нь тайлж дээрээс нь дөрвөн цагийн сэтгэл засах эмчилгээ явуулж байгаа юм. Тэгэхэд надад нэг байрны 10/1-д ч хүрэхгүй хэмжээний мөнгө л орж ирж байгаа. Хүний аятай тухтай орчинг бүрэлдүүлэх ёстой эмнэлэг нэг өрөөнд 5-6 хүнтэй шамбааралдаад л байж байна. Гэтэл харамсалтай нь ядаж энэ эмнэлгүүдээ орон байртай болгох нөхцөлөөр нь хангаж өгөхгүй байна.

-Төрийн бус байгууллагууд архидалттай тэмцэхэд гол чөдөр тушаа болдог зүйлүүдээс нэрлэвэл?

-Архи тамхитай тэмцэх хууль гэж маш сайхан хууль уг нь манайд байгаа. Архины үйлдвэртэй УИХ-ын гишүүд   хууль батлаад суугаад байгаа учраас энэ хууль нь амьдрал дээр хэрэгжихгүй байна. Энэ хуулийг хэрэгжихэд гол чөдөр болж буй зүйл нь архины үйлдвэртэй УИХ-ын гишүүд. Архины үйлдвэртэй гишүүд УИХ-д байгаа цагт энэ хууль хэрэгжихгүй байх. Адгийн наад захын жишээ л гэхэд архины сурталчилгааг хориглохыг шахаж шаардаж байгаад хориглож чадсан байтал З.Алтай гишүүн “Зөөлөн” пивийг сурталчилж болно гэж зүтгэсээр байгаад энэ пиво зурагтаар баахан цацагдахтай зэрэгцэн бусад согтууруулах ундаа бүгд өөрсдийн сурталчилгаагаа далд хэлбэрээр явуулаад эхэлсэн. Гэтэл далд юм шиг хэрнээ хүүхэд хөгшид гэлтгүй хэн ч түүнийг нь ойлгочихож байгаа юм. “Ерөөл өргөж амьдаръя” “Алсын хараатай амьдаръя” гэх рекламыг хэн ч архины реклам гэдгийг ойлгочихож байна.

-Архинд донтогсдын нас залуужсаар эцэст нь хүүхдүүд энд тэнд согтуу үзэгдэх боллоо. Хүүхдүүд архинд дурлахад юу нөлөөлөөд байна вэ? Эцэг эх нь архи уухыг хараад дуурайж байна уу? Эсвэл өөр эүйлээс шалтгаалаад байна уу?

-Ер нь бол аль алинаас нь шалтгаалж байна. Угаасаа өнөөгийн нийгмийн уур амьсгал тэр чигтээ архинд уриалан дуудсан мессежээр дүүрэн байна. Манай гэр, ажил аль аль нь Сансарт байдаг. Сансарын тунелиэс зүүн дөрвөн замын уулзвар хүртэл тэр чигтээ баар цэнгээний газрууд. Үүдээр нь цэмцийсэн залуус суудал байна, ороод ир хэмээн уриалан дуудсаар, гэртээ очиход нь зурагтаар согтууруулах ундааг уух хүсэл төртөл нь рекламдаж байнй. Ийм байхад хүүхдүүд архинд уруу татагдахгүй байх аргагүй. Хамгийн сүүлийн судалгаагаар 12-16 насныхны 78 хувь нь архи согтууруулах ундааг их бага хэмжээгээр ууж үзсэн байна гэсэн судалгаа гарсан. Тэдний 13 хувь нь архи санал болгосон тохиолдолд татгалзаж чадахгүй хэмжээнд хүрчихсэн байгаа юм. Хүүхдүүдийг архидалтанд өртүүлэхгүй байх тал дээр бүр бага наснаас нь эхлэн сэтгэхүйд нь нөлөөлөхүйц сургалт явуулах л шаардлагатай. Одоогийн сургалтын системд үүнийг түлхүү оруулж, мэргэжлийн сэтгэлзүйчид тэр хичээлийг нь заах шаардлагатай. Аль ч улс үндэстэнд ард иргэд нь архинд толгойгоо мэдүүлэх нийгмийн яг ийм үе гардаг. Харин үүнийг яаж даван туулсан талаар ч дэлхийн жишиг байдаг.

-Гэр бүлийн нэг хүн нь ялангуяа аавууд архинд  орсон тохиолдолд гэр бүлийн бусад гишүүд архннд орох магадлал өндөртэй юм шиг?

-Нийгмийн цөм хэсэг нь гэр бүл байдаг. Гэтэл гэр бүлийн нэг гишүүн архинд толгойгоо мэдүүлсэн бол тэр айл өөдөө гарна гэсэн ойлголт байдаггүй. Амьжиргааны түвшин доогуур айл өрхөд нөхрийнхөө араас эхнэр нь архинд орох нь хэвийн үзэгдэл болчихоод байна. Ингэснээр хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөж, гэмт хэрэгт өртөх, архинд орох нөхцөл бүрдэж байгаа юм. Нөхөр нь арав хоног архи уучихлаа. Араас нь эхнэр нь тав, долоо хоногоор архи уулаа. Харин нэг настай, хоёр настай хүүхдүүд нь гэртээ өлсгөлөн ходоодтой сууж байна. Учраа олохоо байгаад танайд аваад ирлээ гээд тэр айлын хавь ойрын хөрш, ажлын газрын хүмүүс нь хүүхдүүдийг нь манайд аваад ирдэг.

Бид аль болох архи уулгахгүй байхыг хичээн юмны учир ойлгохтой болсон хүүхдүүд нь аав ээжийгээ архи уувал нааш нь залгаарай гээд заагаад өгчихдөг. Удалгүй орой болмогц нөгөө хүүхдүүдэд наашаа залгаад уйлаад эхэлж байгаа юм. Яах аргагүй нөгөөдүүл чинь архи уучихаж гээд яваад очиход хоёр настай хүүхэд нь даарчихсан хөл нүцгэн хараа хяналтгүй. Харин аав ээж нь хүмүүс цуглуулаад архи уугаад сууж байх жишээтэй. Архидалтыг бууруулахын тулд нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуулиудад архины эсрэг хөтөлбөр оруулж бага наснаас нь хүүхдүүдэд архийг жигших, хор уршгийг нь мэдрүүлэх хэрэгтэй байгаа юм. Одоогийн байдлаар эрүүл мэндийн хичээл ЕБС-д ордог ч энэ хичээлийг нь зааж буй хүн нь биологийн багш, эсвэл ангийн багш нь байж байгаа юм. Тэд энэ чиглэлээр хангалттай мэдээлэл хүүхдүүдэд өгч чадахгүй шүү дээ. Сургуулийн дотоод журам, сахилга бат ярьсаар байгаад л өнгөрч байгаа. Гэтэл орой үдэш гэртээ харихад нь зурагтаар нь архи пивоны реклам тасралтгүй гарч, тэрийг нь сурталчлах залуус учиргүй л гоё ганган харагддаг. Үүнийг нь харсан хүүхдүүд тэдэн шиг байхыг хүсэх сэтгэл төрж байгаа юм.


Ингээд харахаар төрийн бодлого дутагдаж байгаа нь илт байгаа биз дээ. Засгийн эрхэнд байгаа хүмүүс архинд живж буй улс орноо мэдэж байгаа хэрнээ өөрсдөө тэр архиа үйлдвэрлээд ард иргэдийнхээ халаасыг хоосолж байна шүү дээ. Энэ тал дээр төр засгийнхан хамгийн эхэнд хийх ёстой ажил нь хууль эрх зүйн орчныг бий болгож, мөрдөгддөггүй хуулийг мөрддөг болгох шаардлагатай. Дараагаар нь хүүхдүүдийг өсвөр наснаасаа архинд орохоос нь өмнө сургалтын системээр нь дамжуулаад архинаас татгалздаг болгох нь бас нэгэн чухал асуудал. Мэдээж архины сурталчилгааг ч гэсэн зогсоож, архины үнийг нэмэх, тоогоо алдсан найруулсан спиртийн үйлдвэрүүдийг хаах, оройн цагаар архи заруулахгүй байх гээд энэ тал дээр яривал асуудал их байна л даа.

-Гадны улс орнуудад архидалтыг багасгах тал дээр хийгдэж буй ажил нь эсвэл архинд донтогсдыг архинаас нь гаргах талт дээр ямар арга хэмжээ авдаг юм бол?

-Би Япон, Солонгос, Хятад зэрэг олон орнуудад сургалтаар явсан. Тэнд замбараагүй архидалт байдаггүй. Хүүхэд архинд дурлана гэсэн ойлголт бүр ч байхгүй. Хамгийн гол арга бол хороо дүүргүүдэд төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Шриланк улсын нэгэн   тосгон одоогийн өнөөгийн манай улсын байгаа байдалтай яг ижил хэмжээнд архидалт хүчээ авсан үе байсан. Тус тосгоныг архинаас нь яаж салгах талаар сэтгэл зүйчид удаан ажилласны эцэст хүн бүртэй тулж ажиллаад нэг ёсондоо сэтгэхүйг нь өөрчилсөн байгаа юм. Дэлхийн улс орнуудын архинаас гарсан туршлага ерөөсөө л энэ. Энэ улсын туршлагаас олон улс орон санаа авч энэ зарчмын дагуу л архитай тэмцдэг. Ялангуяа архинд толгойгоо мэдүүлчихээд өөрийгөө татаж авч чадахгүй байгаа хүмүүст үүнээс өөр нөлөөлж чадах зүйл гэж байхгүй.

-Манайд архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд 100 гаруй байдаг гэсэн. Эдгээр байгууллагуудын бодит үр дүн нэг л харагдаж өгөхгүй байна л даа. Танайх бусад төрийн бус байгууллагуудтай хэр холбоотой ажилладаг вэ? Тэдний хийж буй бодит ажил нь юу байна?

-Саяхан нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудын уулзалт болсон. Энэ үеэр төрийн бус байгууллагууд юу ярьж байсан гэхээр төрөөс дэмжээд өгөх дэмжлэг байхгүй учраас ажил урагштай явахгүй байна хэмээн бүгд хэлж байсан. Яахав зарим хэсэг нь яаж хийгээд өөрийн гэсэн байртай боллоо гэхэд тэр нь 5-6 хүний л хүчин чадалтай байр байна. Архинд толгойгоо мэдүүлсэн иргэдтэй тулж ажиллана гэдэг асар их хугацаа, бас хөрөнгө шаардах ажил. Дор хаяж өвчтөнтэй хоёр жил тасралтгүй ажиллах шаардлагатай байдаг. Манай улсын хувьд төрөөс эдгээр байгууллагуудаа дэмждэггүй учраас ихэнх нь судалгаа шинжилгээний ажил хийхээс хэтрэхгүй шахам л ажиллаж байна. Төрийн бус байгууллагууд энэ тал дээр ажиллахад төр засаг нь дэмждэггүй нь хамгийн эмгэнэлтэй явдал. Манайх шиг архины хордлого тайлан, сэтгэл зүйн заслыг нь ч хийж, хэвтүүлж эмчлүүлэх эмнэлэг уг нь дахиад хоёр байгаа хэдий ч санхүүгийн нөхцөл байдлаас үүдээд хэвтүүлэх оргүй учраас сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд л буцааж байна. Архинд толгойгоо мэдүүлсэн хүмүүстэй тулж ажиллана гэдэг маш хэцүү ажил. Тийм ч учраас энэ чиглэлийн эмнэлгүүд олон байгуулагддаг ч санхүүгийн дэмжлэг байхгүйн зэрэгцээ хүнд хүчир ажил учраас тэгэсхийгээд л хаалгаа барьчихдаг.


2005 оноос хойш архинд донтох өвчтэй хүмүүсийг эмчилсээр ирсэн би л гэхэд одоог хүртэл өөрийн гэсэн эмнэлгийн байргүй энд тэнд талбай хөлслөөд л явж байна. Бусад нь ч гэсэн яг ийм маягаар л явж байна. Архинд донтох өвчтэй хүмүүсийг эмчилж эдгээх, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэхэд наад захын санхүүгээс авахуулаад ажлын байр байх ёстой. Архинд донтоод ирж буй хүмүүс ч нийгмийн доод давхаргын хүмүүс ихэнхийг нь эзэлдэг учраас тэднээс авсан багахан хэмжээний төлбөр аваад түүгээрээ түрээсээ төлөөд л явж байна шүү дээ. Ийм байдалтай өвчтөнүүддээ бүрэн үйлчилж ч чадахгүй л байна. Бусад улс орнуудын жишгээр энэ төрлийн эмчилгээг 60-90 хоногт хийдэг. Харин манайд санхүүгийн боломж, ор дэрний хүрэлцээ муутайгаас 10-14 хоног болгоод гаргаж байна.

 

-Үнэндээ архийг амьдралынхаа нэг хэсэг болгочихсон байсан хүмүүс архинаасаа бүрэн гарах гэдэг хэр бодитой байдаг юм бол?
-Эдгээр хүмүүс архинд нэг удаа толгойгоо мэдүүлээд   амьдралаа алдсан хүмүүс учраас алдаагаа дахиад давтахгүй гэсэн баталгаа байхгүй. Учир нь архинаас бүрэн гарна гэсэн ойлголт байхгүй. Архинаас гаргах эмчилгээ хийлгэж, хордлогоо тайлуулж, магадгүй зарим хэсэг нь үнэхээр архийг жигшээд уухаа больдог. Гэвч эргээд нийгэм дундаа орохоор хүлээж авч байгаа нийгэм нь хүнд. Нөгөө талаар манайх шиг нөхцөлд архидалт хаа сайгүй байгаа нь тухайн хүний өвчнийг эргээд сэдрээхэд амархан байдаг. Угаасаа архийг хэрэглэж байсан хүний дотор архи уух хүсэл хэзээ ч алга болно гэж байхгүй. Уухгүйг хичээгээд тэвчээд л явж байгаа болохоос биш. За тэгээд байнгын хэрүүл уруул сэтгэлийн дарамтанд буцаад орвол өөрийн эрхгүй нөгөө архи руугаа тэмүүлж эхэлдэг. Эсвэл хуучин архичин найзууд нь архи уухыг уриалсан тохиолдолд таван удаа татгалзсан ч зургаа дахь удаад нь бол татгалзаж чадахгүйд хүрнэ. Ингээд л буцаад нөгөө сайхан эмчилгээ хийлгэж, амьдрал нь өөрчлөгдөж байсан хүмүүс эргээд замаа алддаг.


Тиймээс идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг зорьж буй сэтгэл зүйн төв зэрэг архины эсрэг үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудаа дэмжих шаардлагатай. Зарим орнууд архины үнийн зохицуулалт хийж үзсэн байдаг. Гэхдээ энэ нь тийм хангалттай үр дүнд хүрэх нь бага байдаг. Дэлхийн жишгээр архитай тэмцэх тал дээр хамгийн үр дүнтэй арга нь иргэд рүү чиглэсэн сургалт гэж үздэг.

-Архинд толгойгоо мэдүүлэн золбин нохойноос ялгагдахгүй амьдарч байгаа бөбө нар гэсэн тодотголтой гэр оронгүй иргэд нийслэлд 2000 гаруй байдаг гэж байгаа. Гэхдээ энэ бол албан бус тоо. Орон нутгийнхантай нийлүүлбэл илүү их тоо гарах байх. Эдгээр иргэдийг яах ёстой юм бол? 

Хэдийгээр архинд толгойгоо мэдүүлсэн ч гэсэн тэд бол хүн. Нийгмийн л нэг хэсэг шүү дээ. Гэтэл бөбө нар гэж нэрлэгдээд байгаа эдгээр иргэдийг анхаарч хүн чинээ санах хүн даанч алга. Адаг сүүлд нь гэр бүлийнхэн нь хүртэл тэднээс зайгаа барьчихсан байдаг. Энэ талаар хэн ч анхаарал хандуулдаггүй байсан бол анхны гэж хэлж болохоор санал хямд өртгөөр орон сууцны хороолол байгуулах саналыг Т.Ганди сайд тавьсан. Тэр хороололд нь эдгээр хүмүүст үйлчлэх эмчилгээ сувилгаа, сэтгэл зүй гээд бүх чиглэлийн байгууллагууд байрлаад ажиллах боломжийг нъ бүрдүүлэх хэрэгтэй юм байна гэсэн санал гаргасан. Нийгэмд дасан зохицож чадалгүй хуучин амьдралдаа эргээд орчихоод байгаа эдгээр хүмүүсийг тусад нь хороолол бариад тэнд нь ажлын байрыг нь гаргаад харгалзах мэргэжилтнүүдийг нь байлгавал үр дүн гарна гэж үзсэн.


Бага өртгөөр эдгээр хүмүүсийг ажлын байртай бас амьдрах байртай болгох ийм арга байна. Тэрчлэн тэнэмэл хүүхдүүд гэж хэлэгдээд байгаа нэг ёсондоо аав ээжийн архидалтаас болоод гэрээсээ дайжсан хүүхдүүд олон байдаг. Эдгээр тэнэмэл хүүхдүүдийг хүүхэд хамгаалах байгууллагууд өөрийн байрандаа хэсэгхэн байлгадаг боловч эцэг эх нь байгаа учраас буцаагаад аваачаад өгчихдөг. Гэвч хэсэг хугацааны дараа хүүхэд дахиад дайжихад хүрдэг. Тиймээс энэ бүлэгт хамаарах хүүхдүүд ч төрийн хамгаалалттай ийм байранд амьдрах ёстой гэж бас яригдаж байгаа л даа. Үүнийг л төр засаг дэмжих ёстой.

Та бүхэн "Төг сун" эмнэлэгийн хаяг нь: 

Улаанбаатар хот, Офицерээс Цайз 16 руу явах зам дагуу, 032 дугаар цэргийн ангийн замын эсрэг талд

Утас: 99036643