Одоо АСЕМ-ын 17, 18...ыг “ухъя”


2018-11-15 16:55:57 5

Сэтгүүлч Л.Баатархүү

   Шинэ үеийн Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсны нэгэн илэрхийлэл нь өнгөрсөн 2016 онд Ази, Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/ Монголд болсон явдал байлаа. Гэхдээ улсын нэр хүндийг олон улсад өргөх “аятайхан” зүйл болсон ч АСЕМ зохион байгуулах нэрийдлээр төсвөөс нь “туучихсан” нөхдүүдийн нэрс дуулдаад одоо намжих тал руугаа орчихов уу гэлтэй.

Уг арга хэмжээг зохион байгуулсны дараа Эрсдлийн аудит орж нарийн ширийнийг нь тодруулсан. Гэтэл зэсний үзүүр цухуйгаад ирэнгүүт Улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс “АСЕМ-аа муулуулахгүй, тэгж ч доош нь орохгүй шүү” гэсээр хэвлэлийн сүржин хурал хүртэл хийв. Энд нэг анхаарал татах зүйл байна. Тодруулбал, АСЕМ-ыг Монголд зохион байгуулсанд олон түмэн эсэргүүцэж, дургүйцсэн зүйл огт байхгүй. Гагцхүү “Төсвөөс нь “туучихсан” нөхдүүдийг судалж, тогтоогоод ил болгоод өгөөч ээ” гэж ард түмэн шаардаж байгаа. Төсвөөс нь “Зувчуулсан” гэх 17 албан тушаалтны /тухайн үед/ дунд нэр нь орчихсан хүмүүс төсвийн зарцуулалт бус “АСЕМ-ыг Монголд зохион байгуулсан нь буруу юм уу” хэмээн сэдвийг арай өөрчлөн мэдэгдэл хийцгээв.

За тэгвэл, аудитаар ямар алдаа мадаг, зөрчил гарав гэдгийг эргэн санацгаая. Аудитын дүгнэлтээр “79.2 тэрбум төгрөгийг АСЕМ-ын зардлаас шамшигдуулсан” гэж Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг онцолсон. Өөрөөр хэлбэл, ямар ч гэрээ контакт, тендер шалгаруулалт, холбогдох хууль, журамгүйгээр шууд худалдан авалт хийжээ.

АСЕМ зохион байгуулах төсвийн зарцуулалтыг хийсэн төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээд бий аж. Аудитын шалгалтад 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалттай 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах мөн 163.6 сая төгрөгийн акт, 151.8 тэрбум төгрөгийн албан шаардлага өгч 290.9 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байдаг. Эл арга хэмжээнд нийтдээ 395.7 тэрбум төгрөг зарцуулсан нь тогтоогдсон. Гэвч Гадаад хэргийн яам 23,3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг л тайлагнажээ. Үлдсэн зарцуулалт юунд, яаж ууссан нь тодорхойгүй байгаа талаар Аудитын газраас мэдээлж байв.

Тэгвэл ямар албан тушаалтнууд байв, шалгах ёстой мэргэжлийн байгууллага бүх алдаа, зөрчлийг нь гаргачихсан байхад хууль, шүүхийн байгууллагууд нь юунд ингэж дуугаа хураана вэ. Олон нийтийн дунд “Ардчилсан намын Ерөнхийлөгч болохоор бүх хуулийн байгуулагыг барьчихсан байгаа биз. Хэрэв тэр албан тушаалтнуудын идсэн уусан нь батлагдвал АН хамраараа газар шаалаа л гэсэн үг” гэх мэтээр “хүүндэж” байна.

Нэр дурьдагдсан албан тушаалтнууд буюу их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хүмүүс хэн байв?

1. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

2. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан

3. Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар

4. ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуяг

5. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан

6. Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан

7. ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа

8. Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж

9. “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх

10. Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан

11. ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат

12. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал

13. Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл

14. НЗД-ын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун

15. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал

16. НХААГ-ын дарга С.Ганбаатар

17. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг

   Мөн 18 дахь нь Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах 2016 оны долоодугаар сарын 19-ны өдөр “Нью Терравокс” ХХК-д БНХАУ-аас буцалтгүй тусламжаар исэн 6955 нэгж орчуулгын төхөөрөмжийг гурван жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ хийжээ. Гэхдээ түрээсийн хугацаа дууссаны дараа уг компанид үнэ төлбөргүйгээр шилжих талаар гэрээнд заасан аж. Товчхондоо орчуулгын төхөөрөмжүүд бэлгэнд очжээ. Энэ мэт ганц 18 дахь О.Заяамандахаар зогсохгүй 19, 20, 21... гэх мэт албан тушаалтнууд АСЕМ нэрээр улсын хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй таагүй мэдээллүүд үргэлжилнэ.

Түүнчлэн тухайн үед Хөдөлмөрийн сайд байсан Г.Баярсайхан 321.5 сая төгрөгийн ажлыг огт дүгнээгүй байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газар /дарга П.Цагаан/ сайд Г.Баярсайхан нарын Хамтран ажиллах гэрээний 4.3-т заасан “Санамж бичгийн хэрэгжилтийг ХС-ын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дүгнэнэ” гэж заасныг баримтлаагүй буюу 321 сая төгрөгийн зарцуулалт тодорхойгүй.

Төрийн мөнгө хэн нэгэн албан тушаалтны баруун ханцуйгаараа оруулаад зүүнээрээ гаргадаг хууль бусаар олдог хөрөнгө биш. Нэрс нь дурайж байгаа энэ хэдээс гадна АСЕМ зохион байгуулахад зориулж авсан сандал ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл, унаа тэрэг гээд ашигласан зүйлсийг хаагуур, ямар ямар шийдвэрээр тараасан нь одоо болтол тодорхой бус байна.

Улс орноо өөдөн татах, нэр хүндийг нь өсгөх зорилгоор олон улсын ч юм уу томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулж, ямарваа юм хийж бололгүй л яах вэ. Хамгийн гол нь энэ цагт үнэнч төрийн хүн өдрийн од шиг болж, цоорхой л гарвал илүүчлээд “хусчих” бодолтой хүмүүс Монголын төрөөр дүүрлээ. Дашрамд дурьдахад Монгол төр хэн нэгний мөнгө олох хэрэгсэл огтхон ч биш юм шүү. Сүүлийн үед төрийн эд, хөрөнгөөс албан тушаалаа ашиглан шамшигдуулсан байж болзошгүй олон хэрэг илэрч байна. Харин одоо АСЕМ дутуудаад байгаа учраас ухъя.

Бид хэвлэл мэдээллийн багийн түвшинд АСЕМ-ын зарцуулалтын асуудлаар эрэн сурвалжлах болно.


Сэтгэгдлүүд

  • Zochin

    2018-11-20

    turd ajillasan humuus ingej mongo hiine gedeg yawch baij bolshgui zuil. SHalgah heregtei

  • Төрболд

    2018-11-16

    Захиран зарцуулснаа ил болго. Тэгээд л болоо шдэ. Гарьдхүүгийн Баярсайхан гэж худлаа царайлсан нөхөр байнааа

  • Zochin

    2018-11-15

    Mash olon hun ASEM-aas yum idsen shu. ter buhniig gargaj ireh heregtei. Odoo turuu iduuleed bhgui shu

  • Zoloo

    2018-11-15

    ee bazarvaani yamar ih iddeg humuus vee. ingej terbum terbumaar ni ideed baihaar odoo yana aa

  • Уншигч

    2018-11-15

    арай ч дээ манай төр үнэхээр сул, монголчууд үнэхээр арчаагүй байна идүүлээд л