М.Оюунчимэг: Засгийн газар тогтвортой ажиллах ёстой


2018-11-13 16:26:11 3

Тоймч Л.Баатархүү

   Монголын парламентад "халуухан" өдрүүд үргэлжилж байна. Эрх баригч МАН-д дотоод хагарал бий болж, улс төрийн тогтворгүй байдал үүсэх дээрээ тулав. Эрх баригчдын дотоод зөрчилдөөн ширүүсч адаг сүүлдээ Засгийн газрыг унагах асуудал яригдаж эхэллээ. Хэргийн учиг нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг "Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компанид их хэмжээний зээл олгосон" зэрэг асуудлаас болж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь огцруулсан. Улмаар УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярвааг "Намын гишүүдээ зөв, хариуцлагатай байлгаж чадаагүйн" төлөө бүлгийн даргаас нь "хусав". 

  Харин Д.Хаян гишүүн албан тушаалаасаа буусан өшиндөө "Засгийн газрыг унагана" гэж гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.  

Эдгээр асуудлын талаар гишүүд ийн байр суурьтай байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Засгийн газар сайн ажиллаж байгаа. Үүнийг ОУВС, гадны байгууллагууд ч үнэлж байгаа. Нөгөөтэйгүүр манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж эдийн засаг ч өсөлттэй байна. Өр төлбөрөө ч төлж, төсөв нэг урсгалтай болсон нь энэ Засгийн газрын сайн ажилласны илэрхийлэл. Тийм болохоор тогтвортой ажиллах нь зөв. Бүлгийн даргын хувьд Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг зөв гэж харж байгаа. Тиймээс Бүлгийн дарга өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй болов уу. Уг нь намын дарга, бүлгийн дарга хоёр нэг баг болж ажиллах учиртай. Гэтэл уялдаа холбоо маш муу байгаа учраас цаашид анхаарах шаардлагатай гэж би бодож байна. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Удирдах зөвлөлийн шийдвэр маш зөв байсан. Бүлгийн даргыг огцруулах шаардлагатай. Харин Засгийн газрыг огцруулах эсэх нь тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал учраас гарын үсэг цуглуулах нь өөрийнх эрхийн хүрээний зүйл. Мөн ЖДҮХС-ийн үйл ажиллагааг шалгуулах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Үндсэн хуульд Засгийн газар болон УИХ-ын зааг ялгааг тодорхой тусгасан. Үндсэн хууль бол бидний дагаж мөрдөх баримт бичиг. Тийм учраас Үндсэн хуулиа дагах ёстой болов уу. Улс төрд дотоод зөрчил гарахыг үгүйсгэхгүй. Бид асуудлаа хоорондоо ярилцаж, ойлголцох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: МАН-ын энэ бужигнаанаас болж Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт зогсох вий. Монгол Улсын хөгжил дэвшил, гадны хөрөнгө оруулалт, ард түмний эрх ашиг, улсын нэр хүнд энд яригдаад байгаа зүйлээс өөр шүү. Манай АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдаагүй байна. 

 

 

 


Сэтгэгдлүүд

  • Намуунаа

    2018-11-13

    Өө шба юм ааа. байсхийгээд л Засаг нь огцорно, нэг галзуу сабак гарч ирээд бантан хутгана Монгол минь яана дааа яана

  • Manuuhai

    2018-11-13

    Haynhyarvaa l hezee iim duu shuutai bsiin bolih heregtei

  • Уншигч

    2018-11-13

    Оюунчимэг гишүүн зөв ярьж байна. Засгийн газар огцрох нь хэнд ашигтай юм бэ