богино мэдээ New

Монголын нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөх нэн ховор үзмэрүүдийг дэлгэнэ

“Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 2-нд цахимаар зохион байгуулахаар болжээ..

   Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойд зориулан ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 2-нд цахимаар зохион байгуулахаар болжээ.

Уг хуралд Монголын талын ажлын хэсгийг БХЭШХ-ийн Цэргийн түүхийн төвийн захирал, түүхийн ухааны доктор хошууч Т.Сүхбаатар ахлах бөгөөд Тагнуулын Ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, цэргийн түүхч, шинжээч, судлаачид болон Оросын талаас Зөвлөлт-Оросын нэрт түүхч, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол-Төвөд-Будда судлалын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор, профессор, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Академич Базаров Б.В, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол-Төвөд-Будда судлалын хүрээлэнгийн түүхч, түүхийн ухааны доктор, профессор Курас Л.В, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, түүхийн ухааны доктор, профессор Лиштованный Е.И., Байкалын их сургуулийн ЭШХ-ийн түүхч, түүхийн ухааны доктор, профессор Кузьмин Ю.В нар оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн Москва, Санкт-Петербургийн түүхчид оролцох хүсэлтээ гаргаад байгаа аж.

Үүнээс гадна Россотрудничество агентлаг Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойн хүрээнд Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайнд Зөвлөлт, Монголын хамтын ажиллагаа, Аугаа их эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмний Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн түүхэн тусламж, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах зорилгоор урьд өмнө нь нийтэд огт дэлгэж байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор баримт, гэрэл зураг, дуу дүрс бичлэг, эд өлгийн үзмэрийг эх хувиар нь дэлгэсэн цогц үзэсгэлэнг Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-д дэлгэхээр болжээ.

Чөлөөлөх дайны  түүхэн ойн арга хэмжээний хамгийн чухал хэсэг болох уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хамгийн анхны хуралдаан өчигдөр болж өнгөрлөө.

Уг ажлын хэсэгт Батлан хамгаалахын Төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Ж.Гантулга, Монгол цэргийн музейн ерөнхий менежер дэд хурандаа Л.Гантөмөр, Маршал Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, хошууч Д.Амартайван, Улсын хилийн музейн эрхлэгч хошууч Т.Нямчимэг, тус музейн сан хөмрөгийн бүртгэл хөтлөгч П.Нарангэрэл, Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны магистр Б.Ринчинноров, эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны докторант Г.Сэр-Од, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныг төлөөлж ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Базархандаев А.Р, Цэргийн болон цэргийн нисэх хүчний атташе хурандаа Анисов П.Г нар багтжээ.

Сонирхуулахад, дээрх үзэсгэлэнг дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай Россотрудничество агентлагийн Оросын шинжлэх ухаан, соёлын 74 төвөөр дамжуулан цахимаар олон улсын үзэгчдэд хүргэх юм байна.

Сэтгүүлч Т.Болор-Эрдэнэ