богино мэдээ New

Агнасан, тарваганы махны зураг оруулсан иргэдийг шалгаж эхэллээ

ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн онцолж буйгаар энэ төрлийн тахлын 30-40 хувь нь үхэлд хүргэдэг байна..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Цагдаагийн байгууллагаас хууль бусаар тарвага агнасан, махыг нь хүртэж буй иргэдийг шалгаж эхэлсэн талаар ЗӨСҮТ-с анхаарууллаа. Сүүлийн өдрүүдэд тодруулбал, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, хил залгаа Өвөрмонголын Баяннуур зэрэг аймгууд, Горьны Алтай зэрэг газруудад тарваган тахлын сэжигтэй болон батлагдсан тохиолдлууд ихээр гарч хүний амь хохирч байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байтал иргэд тарвага агнах байдал ихээр гарч буй аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд хууль бусаар тарвага агнасан зургаан тохиолдол бүртгэгджээ.  

Баяр наадмын өдрүүдэд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүү О тарвага агнаж, махыг нь  идснээс болж нас барсан нь батлагдсан. Улмаар тус аймгийн Тонхил, Төгрөг зэрэг сумдад хөл хорио тогтоогоод байгаа.

ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн онцолж буйгаар энэ төрлийн тахлын 30-40 хувь нь үхэлд хүргэдэг байна. Өнгөрсөн 2017, 2018 онуудад гарсан тахлаар өвчилсөн хүмүүс бүгд нас барсан талаар тус төвөөс анхааруулав.

Халдвар дамжих зам :

  • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
  • Агаар дусал
  • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
  • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан   мах идэх)

Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног

Эмнэл зүйн хэлбэр :

  • Арьсны хэлбэр
  • Булчирхайн хэлбэр
  • Уушгины хэлбэр
  • Үжил хэлбэр
  • Гэдэсний хэлбэр
  • Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг :

  • 380-400 хэм хүрч халуурах
  • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
  • Бүх бие булчингаар шархирч өвдөх
  • Толгой өвдөх
  • Ханиалгах
  • Цустай цэр гарах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Бөөлжих
  • Хэвлийгээр өвдөх
  • Суулгах

Урьдчилан сэргийлэх :

  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы мах идэхгүй байх
  • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
  • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
  • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
  • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
  • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
  • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
  • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
  • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
  • Нохойг байнга уяатай байлгах
  • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
  • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд  яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
  • Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.