богино мэдээ New

Геополитик 23 сая хүний эрүүл мэндээс чухал гэж үү?

тархаж эхлэх үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн ч ДЭМБ улс төрийг нэгдүгээрт тавьж, төдийлөн ач холбогдол өгөөгүй. .

Сэтгүүлч Ц.Даваасамбуу

   Хятадын зүүн өмнөд хэсэгт нэгэн арлын үндэстэн байдаг. Хятад Улсад коронавирусийн халдвар оргил үедээ хүрч, олон мянган хүн амиа алдаж байх үеэр уг арлын үндэстний ердөө 300 гаруй хүн халдварлаж, таван хүн амиа алдсан байсан юм. Тайваньд тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 440 хүн коронавирусээр халдварласнаас 355 нь эдгэж, зургаан хүн амиа алдаад байна.

Тус арал улс коронавирусийн талаар тархаж эхлэх үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн ч ДЭМБ улс төрийг нэгдүгээрт тавьж, төдийлөн ач холбогдол өгөөгүй. Учир нь, НҮБ, ДЭМБ-аас Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэг учраас гишүүнээр бүртгэхээс татгалздаг. Яг одоогийнх шиг аюултай нөхцөл байдлын үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага геополитикийн асуудлыг нэгдүгээрт, тавьж буйд судлаачид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Хонконгийн олон нийтийн  RTHK телевизийн сэтгүүлч Ивонн Тонг ДЭМБ-ын ахлах албан тушаалтан доктор Брюс Эйлвардаас тус байгууллага Тайванийг гишүүнээр хүлээн зөвшөөрөх боломжтой эсэх талаар өнгөрсөн сард ярилцлагын үеэр асуусан нь олон хүний сонирхлыг татаж байлаа.

Гэвч ДЭМБ-ын ахлах албан тушаалтан энэ талаар ямар ч тодорхой мэдээлэл өгөлгүй ярилцлагаа дуусгасан юм. Харин RTHK телевизээр ярилцлага цацагдсаны дараа ДЭМБ-аас мэдээлэл хийж, коронавирусийн эсрэг дэлхийн улс орнуудын тэр тусмаа Тайванийн эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа талаараа мэдээлсэн. Хэдийгээр ДЭМБ-аас Тайваньтай нягт хамтран ажиллаж буйгаа онцолсон ч өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд болсон дэлхийн 16 улс оролцсон яаралтай хуралд Тайпэй мөн л уригдан оролцож чадаагүй.

Ерөнхийдөө Тайвань шинээр дэгдээд буй халдварт өвчний талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ямар ч мэдээлэл авахгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Гэсэн хэдий ч Тайваний халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр гаргасан ололт амжилт нь вирусийн халдварыг хяналтдаа байлгаж, богино хугацаанд эмчлэхэд нь нөлөөлж байна гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал,  ХБНГУ-ын Парламентын гишүүд Тайванийн зүгээс коронавирустэй тэмцэж, хамгаалах үйл ажиллагааг сайшааж, Герман Улс Тайваний загварыг авч ашиглах нь зүйтэйг дурдаад цаашид Тайванийн туршлагаас суралцан илүү хамтран ажиллахыг уриалав.

Мөн Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн, Израилийн Ерөнхий сайд ноён Бенжамин Нетаньяху болон бусад эрхмүүд ч сайшаасан. Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа Тайвань орон тус өвчний дэгдэлтийн эсрэг авсан арга хэмжээ нь үлгэр жишээ гэсэн бол домогт дуучин, жүжигчин Барбара Стрейзанд ч мөн санал нэг бодлоо илэрхийлсэн билээ.

2003 онд хөрш зэргэлдээх улс оронд амьсгалын цочмог хам шинж /SARS/ дэгдсэн тухай бодит мэдээллийг нуун дарагдуулсаны улмаас Тайваньд асар их хор хохирол учирсан бөгөөдтус орны 73 иргэн амьсгалын цочмог хам шинжийн /SARS/ улмаас амь насаа алдаж байсан тул Тайвань үүнээс хатуу сургамж авсан юм.

Харин энэ удаад өнгөрсөн оны 12-р сарын 31-ны өдөр Хятад Улсын зүгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад тус улсын нэгэн хотод тодорхойгүй шалтгааны улмаас уушгины өвчинд нэрвэгдсэн 27 тохиолдол гарсан тухай мэдээлсэн. Тайваний Засгийн газрын зүгээс тухайн өдөртөө Хятад Улсын Ухань хотоос ирэх онгоцонд хяналт шалгалт хийсэн тухай олон нийтэд мэдээлсэн. Тайвань нь нэгдүгээр сарын 15-ны өдөр шинэ коронавирусыг халдварт өвчин болохыг дэлхийн бусад улс орнуудаас өмнө зарласан юм.

Тайвань эрүүл мэндийн салбараараа дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал, Олон улсын мэдээллийн сангийн цахим хуудас болох “Numbeo”-н хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд 2020 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний индэксээр (2020 Health Care Index)Тайвань нь дэлхий хэмжээнд нэгдүгээр байранд жагссан бол Өмнөд Солонгос болон Япон Улс нь хоёр, гуравдугаар байранд жагссан байх жишээтэй. Тайванийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо дэлхийд алдартай. Түүнчлэн тус орон  дэлхийн олон орны эрүүл мэндийн салбарт хамтран ажиллагч итгэлтэй, сайн түнш нь байж чаддаг.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын нийт 800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилахуйн мэргэжилтнүүдийг Тайвань сургалт семинарт хамруулсан байдаг. Тухайлбал, Монгол Улсын эмч мэргэжилтнүүд урьд өмнө нь яг энэ цаг мөчид энэхүү халдварт өвчинтэй идэвхитэй тэмцэж буй Тайванийн улсын томоохон эмнэлэгүүдэд сургалтад хамрагдаж байв. Тайвань нь эдүгээ халдварт өвчинтэй тэмцэх өөрийн туршлагаасаа олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцахад бэлэн гэдгээ ч илэрхийлсээр байгаа юм.

Түүнчлэн дэлхий нийтийг хамраад буй коронавирусийн аюулын энэ үед ДЭМБ-тай холбоотой уулзалт, үйл ажиллагаанд хамрагдах нь Тайваньд ч зайлшгүй хэрэгтэй байна. Вирус, халдварт өвчинд  хил хязгаар гэж байдаггүй. Хэдийгээр энэ удаагийн халдварт өвчний үед Тайвань бэлтгэлтэй байсан ч цаашид ДЭМБ-аас гаргаж буй сүүлийн үеийн мэдээллийг шууд хүлээн авахгүй байгаагаас үүдсэн олон эрсдэл тулгарах магадлалтай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/ Тайванийг гишүүнээрээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь 23 сая ард иргэдийн эрүүл энх сайн сайхан болоод хууль ёсны эрхэнд хохирол учруулж, “Хэнийг ч орхигдуулахгүй” /Leave No One Behind/ хэмээх тогтвортой хөгжлийн зорилтыг мөн адил зөрчиж байгаа хэрэг юм.