богино мэдээ New

Онцлох мэдээллүүдийн хураангуй-2020.02.12

Tugeene.mn мэдээллийн портал сайтаас ажил, амьдрал гээд цав зав хомс уншигч та бүхэндээ зориулж тухайн өдрийн онцлох мэдээллүүдийн хураангуйг хүргэхээр боллоо..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Tugeene.mn мэдээллийн портал сайтаас ажил, амьдрал гээд цав зав хомс уншигч та бүхэндээ зориулж тухайн өдрийн онцлох мэдээллүүдийн хураангуйг хүргэхээр боллоо.

Өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 12-ны онцлох мэдээллүүдийн хураангуйг хүлээн авна уу.

Цагаан сарын тэмдэглэхгүй байх зарлиг гарлаа

 Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, хүсэлтийг үндэслэн Засгийн газраас санал авсны дагуу сар шинийн баярыг тэмдэглэхгүй өнгөрүүлэх зарлиг гаргав. БНХАУ-д үүссэн шинэ төрлийн корона вирус хурдацтай тархаж байгаа энэ үед аюулаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авах талаар Засгийн газарт чиглэл өглөө.

Цэргийн төв эмнэлгийн байрыг бүрэн чөлөөлжээ

  Шинэ төрлийн коронавирусын хурдацтай тархаж буй нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар хот дахь 570 ортой Цэргийн төв эмнэлгийг бүрэн чөлөөлжээ. Мөн онцгой нөхцөл байдлын үед ажиллах 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулах бэлэн болсон байна.  

Цаг агаарын улмаас зам, даваа хаагдахыг анхааруулав

  Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд хүчтэй цасан шуурга болж байгаатай холбогдуулан зам, даваа хаагдаж, хүйтний улмаас томоохон эрсдлүүд учирч болзошгүйг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

“Сургууль, цэцэрлэгийн хориог сунгахад бэлэн” гэв

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нөхцөл байдал амаргүй бол сургууль, цэцэрлэгийн хориог сунгахад бэлэн” гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо.

Ховд аймгийн “Цамбагарав” зочид буудлыг хамгаалалтад авчээ

  БНХАУ-д зорчоод ирсэн иргэн Г халуурч, суулгасан, бөөлжсөн байдалтайгаар “Цамбагарав” зочид буудалд хоёр хоножээ. Тиймээс уг зочид буудлыг цагдаагийн хамгаалалтад авч ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, ажилтнуудыг гэрийн хорионд оруулсан талаар gogo.mn мэдээллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү банкны хүүг царцаах санал хүргүүллээ

   УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан болзошгүй аюулын нөхцөл байдалтай уялдуулан банкны зээлийн хүүг хорио цээрийн үед царцаах санал хүргүүлжээ.  

Цагаан сарын амралтын өдрүүдийг өөрчлөөгүй

  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс олон нийтийн сүлжээгээр “Цагаан сарын өдрүүдийг ажлын өдөр болгоно” гэсэн мэдээллийг үндэслэлгүй болохыг анхааруулав.