богино мэдээ New

Ноосны урамшууллыг малчдын данс руу шилжүүлж эхэллээ

Өнгөрсөн есдүгээр сарын 4-нд Засгийн газрын хуралдаанаар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ыг шинэчлэн батлуулсан. Мөн Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгаж төсвийн урамшууллыг нь ХХААХҮЯ-аар дамжуулан олгохоор болсон юм..

Сэтгүүлч Л.Юмдүүжин

   Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангасан үндэсний үйлдвэрүүдэд хонь, тэмээний ноосоо тушаасан малчдад өнөөдрөөс  урамшууллын мөнгийг нь шилжүүлж эхэллээ. Өнгөрсөн 2011-2017 он хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 593.7 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 112.3 мянган тонн хонь, тэмээний ноосны урамшуулалд 158.5 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулан олгосон байна. Харин энэ удаад Төрийн сангаас шууд малчдын нэрийн дансанд шилжиж байгаа аж. Өнгөрсөн оны хувьд үндэсний 108 үйлдвэр 16.6 мянган тонн ноос авч бэлтгэжээ. 

    Өнгөрсөн онд хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49,625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13 тэрбум олгож буй юм байна. Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор "Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ыг баталсан байдаг. Ноосны урамшуулал олгосноор нийгэм, эдийн засагт малчдын орлого нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээ, нэр төрөл /тухайлбал: ноосон бордоо, ноосон дулаалга, ноосноос ноолуурыг ялгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх г.м/, ажлын байрыг 5,700 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарчээ. 

   Өнгөрсөн есдүгээр сарын 4-нд Засгийн газрын хуралдаанаар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ыг шинэчлэн батлуулсан. Мөн Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгаж төсвийн урамшууллыг нь ХХААХҮЯ-аар дамжуулан олгохоор болсон юм.