богино мэдээ New

Өөрийн хүчээр амжилтанд хүрсэн 10 алдартан

Алдар хүндийн оргилд хүрэх зам дардан шулуун байдаггүй. Олон бэрхшээл саадыг давж, бууж өгөлгүй зөвхөн зорьсондоо тэмүүлэх хэрэгтэй. Энэ л зарчмыг дагаж өндөрт гарсан олон хүмүүс бий. Өөрийн авьяас чадал, цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд нэрд гарсан хүмүүсийн түүхийг түүвэрлэн хүргэж байна..

www.horom.com

Алдар хүндийн оргилд хүрэх зам дардан шулуун байдаггүй. Олон бэрхшээл саадыг давж, бууж өгөлгүй зөвхөн зорьсондоо тэмүүлэх хэрэгтэй. Энэ л зарчмыг дагаж өндөрт гарсан олон хүмүүс бий. Өөрийн авьяас чадал, цуцашгүй хөдөлмөрийн үр дүнд нэрд гарсан хүмүүсийн түүхийг түүвэрлэн хүргэж байна.

Жоан Роулинг

Шидтэн хүүгийн тухай цуврал номын зохиогч эмэгтэйн бага нас тун хэцүү өнгөрчээ. Эцэгтэйгээ харьцдаггүй, ээж нь хүнд өвчтэй. Их сургуулиа төгссөний дараа Жоан амьдралд хөл тавьж, хэд хэдэн ажлын байр солиод амжжээ. 1990 онд Манчестер-Лондон чиглэлийн галт тэргэнд сууж явтал ид шидтэнүүдийн сургуулийн тухай ном бичих санаа түүнд төрсөн гэнэ. Гэвч амьдралын аар саар бэрхшээлтэй учирсаар 5 жилийн дараа л номоо дуусгажээ. 1997 онд романаа цөөн тоогоор хэвлүүлэхэд, тухайн жилдээ хүүхдийн шилдэг номоор тодорсон байна.

Кристина Асмус

Кристина Асмус хүүхэд байхаасаа гимнастикаар хичээллэж ирсэн ч нэг л өдөр театр, кинотой амьдралаа холбохоор шийджээ. Эцэг эх нь түүний сонголтыг дэмжиж, Кристина МХАТ-ын бэлтгэл сургуульд тэнцсэн ч хагас жилийн дараа сургуулиас хөөгдөв. Азгүйтэл, бүтэлгүйтэл бүхэнтэй тэмцсээр Кристина хожим түүнд алдар нэрийг авчирсан олон ангит киноны гол дүрийн эрхийг авсан байна.

Жим Кэрри

Жим Кэрригийн гэр бүл баян тансаг айл байсангүй. Иймээс сургуульд сурч байхдаа эцэг эхдээ дэм болохоор хүү ажил хийдэг байв. 15 насандаа анх удаа тайзан дээр гарсан ч амжилт олсонгүй. Харин 2 жилийн дараа ахиад оролдож үзтэл амжилттай болж, дэлгэцийн урлагт хүчээ сорихоор Лос-Анжелесийг зорьсон байна. Энд ирээд киноны дүрд жүжигчин сонгон шалгаруулж авах уралдаанд байнга оролцож, олдсон ажлаа хийж хэсэг амьдрав. Удалгүй Жимийг бага өртгөөр бүтсэн “Эйс Вентура” киноны гол дүрд тоглуулсан нь түүнийг алдрын замд хөтөлжээ. Сонирхолтой нь олон алдартай жүжигчид энэ кинонд тоглохоос татгалзсан байдаг.

Дэми Мур

Нэрт жүжигчин Дэми Мур амжилт өөд удаан, тууштай мацжээ. Өсвөр насандаа сургуулиа хаяж загварын агентлагт ажиллаж байгаад удалгүй кинотой амьдралаа холбохоор шийдсэн байна. Хүүхэд залууст зориулсан хэд хэдэн киноны туслах дүрийг бүтээсэн ч бууж өгөлгүй зүтгэсээр “Сүнс” кинонд тоглосон нь нэр алдрын оргилд хүргэжээ.

Жэннифер Лопез

Амжилтад хүрэх зам нь Жэй Ло-гийн хувьд хүнд, бартаатай байжээ. Ирээдүйн одын эцэг эх нь ядмаг амьдралтай хүмүүс байсан ч хүүхдүүддээ бүхнээ зориулдаг байв. Хүүхэд байхдаа бүжиг, дуугаар хичээллэж байсан нь хожим үр дүнгээ өгсөн юм. Дунд сургуулиа төгсөөд нэгэн хуулийн фермд ажилд орсон ч удалгүй энэ ажлаа хаяж, нэр хүндтэй сургуульд бүжгээр хичээллэх болсон охиноо эцэг эх нь ойлгохгүй байв. Ингээд Жэннифер гэрээсээ явж, томоохон оддын тоглолтонд бүжиглэх болжээ. Дараа нь хэд хэдэн кинонд тоглов. Авьяас нь олны анхааралд өртөж, удалгүй тэрээр нэрд гарсан билээ.

Том Круз

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эд хөрөнгө, холбоо сүлжээ гээд байх юмгүй энгийн гэр бүлд Том Круз мэндэлжээ. Хүүхэд байхдаа хичээлээ тараад ээждээ нэмэр болохын тулд ажил хийдэг байв. 18 настайдаа жүжигчин болохоор шийдсэн залуу Нью-Йоркийг зорьжээ. Халаасандаа сохор зоос ч үгүй тэрээр сонгон шалгаруулалтад тогтмол орох боловч нуруу нь намдаад гологдож орхино. Хэдэн жилийн дараа “Аюултай наймаа” кинонд дүр авснаас хойш тэрээр амжилттай гялалзаж эхэлсэн юм.

Селин Дион

Багаасаа хөгжимд дуртай хүүхэд байжээ. Нэр нь ч “Céline” дууных юм. Гэр бүлийн баяр дээр дуулж, 12 насандаа өөрийн дуугаар бичлэг гаргав. Ах Мишель нь нэг удаа дуу хөгжмийн студийн менежерийн хаягийг олж, түүнд Селиний бичлэгийг явуулсан байна. Бичлэгийг сонсоод охины хоолойг биширсэн менежер түүнийг жинхэнэ од болгохоор шийдсэнээр Селин Дион амжилтын гараанд ойртож иржээ.

Дэниел Крэйг

Британийн алдарт жүжигчин Дэниел Крэйг одоо бол Холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийн жагсаалтад зүй ёсоор багтдаг. Харин түүний энэ амжилт амар олдоогүй юм. Дэниел багаасаа урлагтай амьдралаа холбоно гэж мөрөөдөж, 6 настайдаа тайзан дээр гарч байв. Театрын сургууль төгсөөд кинонд тоглож эхэлсэн ч төдийлөн амжилт олсонгүй. Гэвч хэдэн жилийн дараа “Lara Croft: Tomb Raider” кино нь амжилт, алдар хүндийг эргэлтгүй авчирсан байна.

Жэннифер Энистон

Нэрд гарсан жүжигчин болохын өмнө Жэннифер Энистон зөөгч, шуудан хүргэгчээр ажиллаж, хэд хэдэн Бродвэйн тоглолтонд оролцож байжээ. 1990 онд анхны дэлгэцийн дүрээ авч, дараа нь аймшгийн кинонд тоглоод хэвлэлээр баахан шүүмжлүүлэхдээ жүжигчин болох мөрөөдлөө орхих тухай ч бодож байсан гэнэ. Гэвч “Найзууд” кинонд гол дүр авснаар бүх зүйл өөрчлөгдөж, Жэнниферт од болох зам нээгдэв.

Опра Уинфри

Опра ядуу гэр бүлд төрж, тоглох тоглоом ч үгүй өссөн гэнэ. Гэвч амьдралаас юу хүсэж буйгаа мэддэг хүүхэд байжээ. 17 нас хүрээд уран илтгэгчийн тэмцээнд түрүүлж, Их сургуульд суралцах эрхийн бичгээр шагнуулав. Дараа нь мэдээний хөтлөгчөөр ажиллаж, 29 настайдаа рейтинг муутай өглөөний хөтөлбөрийн хөтлөгч болжээ. Опра энэ нэвтрүүлэгт шинэ уур амьсгал оруулж, сарын дараа гэхэд рейтингээрээ нэр алдартай ток-шоуг ч давж гарсан байна. Хожим нь энэ нэвтрүүлгийг “Опра Уинфригийн шоу” хэмээн нэрлэх болсон юм.